Үл таних дуудлага ба тохуурхал

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээ болон иргэдийн дунд үл таних дугаараас дуудлага ирэх болсон талаар шуугих болов. Өмнө нь буюу 2018 онд ч ийм үзэгдэл гарч цагдаагийн байгууллагаас танихгүй дуудлагад хариу өгөхгүй байхыг сэрэмжлүүлж байв.

 

Иргэдийн зүгээс +881 дугаараар эхэлсэн 12 орон бүхий дуудлагууд ихэвчлэн шөнийн цагаар иргэдийн гар утсанд дуудлага хэлбэрээр ирдэг, эргээд залгахаар өндөр төлбөр гарчихсан байдаг гэж ярьж байна. Үүний цаана залилангийн шинжтэй үйлдэл байгаа нь ойлгомжтой бөгөөд мэргэжлийн байгууллагууд ч энэ тухай хэлж, +88 бүсийн кодтой дугаараас ирсэн дуудлагууд нь Энэтхэг, Бангладеш улсад бүртгэлтэй код гэдгийг хэлж байгаа.

 

Өөрөөр хэлбэл дээрх улсаас манай улс руу халдлага үйлдэж байж болзошгүй гэж тайлбар өгсөн байдаг. Мөн ийм төрлийн цахим гэмт хэрэг хөгжил буурай оронд голлон үйлдэгддэг төдийгүй дуудлагыг авбал утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэй аж.

 

Гэвч утасгүй л бол ажил нь бүтдэггүй цахим монголчууд хакердуулж бас залилуулах дээрээ тулчхаад байхад мэргэжлийн байгууллагуудаас “сэрэмжлээрэй, болгоомжлоорой” гэхээс хэтрэхгүй байгаа нь хангалтгүй байна.

 

Манай улсын кибер аюулгүй байдал зорилтот түвшнээс доогуур, хөгжилгүй, буурай орон гэдгээ бид хангалттай мэднэ. Гэсэн ч тийм гээд хойшоо суух биш холбогдох асуудалд мэргэжлийн байгууллагууд арга хэмжээ авч, тив дамнасан цахим залиланг зогсоохын тулд ажиллах ёстой.

 

Товчхондоо бол “Иргэдийн аюулгүй байдал энэ улсын Үндэсний аюулгүй байдал” болдог. Холбоо хамааралгүй асуудлыг үндэсний аюулгүй байдалжуулах гээд байдаг хэрнээ цагаа тулсан, чухал асуудалд яагаад хойрго хандана вэ” гэж иргэд бухимдаад эхэллээ.

 

Тиймээс мэргэжлийн байгууллагууд дорвитойхон шиг хөдөлж, үл таних тохуурхлыг зогсоож гэмээнэ бид “Цахим Монгол” гэж өөрсдийгөө үнэлж болох биз ээ.

 

ErenNews.mn

Н.Элбэгжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button