Яамны барилга дотор хүүхдийн эмнэлэг оруулна гэнэ үү?

Түүх давтагддаг гэж үнэн юм. Тээр жил социализмын үед Чингэлтэй дүүрэг Сүхбаатар дүүргээс салахад эмнэлэг байхгүй тул дээд газрын шийд гарч, Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны есөн давхар оффисын барилгыг суллан засвар хийж, дүүргийн эмнэлэг болгож билээ. Өрөө бүрт угаалтуур суулгаж, суултуур нэмж, рентгений өрөөг тугалгадан хамгаалалт хийж, мэс заслын өрөөг пильтадан бүх өрөөний хаалгыг цонхтой хаалгаар сольж, сар гаруй хугацаанд нүсэр ажил болсон юмдаг. Сайдын том саруулхан өрөөнд физик эмчилгээг оруулав.

Өвчтнүүдийг жижигхэн тохь муутай оффисын өрөөнүүдэд хоёр зуугийн цагаан ор тавьж, шахцалдуулан оруулсан ч хэвтэх эмнэлэгтэй болсондоо өвчтнүүд ч ажлын байртай болсондоо эмч нар ч баяртай байлаа. Дарга нар ч мөн сэтгэл ханамжтай. Тэд өөрсдийн сайд нарын хоёрдугаар эмнэлэгтэй юм чинь. 

Эмнэлэг гэдэг зочид буудал биш. Халдвар хамгаалал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, өвчтөн үйлчлүүлэгчийн урсгал, хөл хөдөлгөөнийг зохицуулсан өөрийн гэсэн өвөрмөц архитектуртай байдаг. Гэвч юун тэрэнтэй манатай. Тэр өндөр барилгад илүүдэл жинтэй хоёрхон хүн арай гэж багтахаар ганцхан цахилгаан шаттай тул эмч өвчтөн холилдон чихцэлдэж, дээшээ доошоо үзлэг шинжилгээнд уралдацгаана. Гадаа нь алхах газаргүй тул өвчтнүүд салхинд гараад нэмэргүй, өдрийн турш өрөөндөө бүгнэ. Ганцхан хаалгаар бүх хүн чихцэлдэн орж гарч, хоол хүнс, эм тариа бас шарил ч зөөх хэрэг гарна. Олон жил өнгөрсөн боловч социалист эрүүлийг хамгаалахын бэлэг тэмдэг болсон энэ дүр зураг одоо ч хэвээрээ. Очоод үзээрэй. “Грандмед”, “Интермед” гэхчилэн хувийн шинэ эмнэлгүүдийг эс тооцвол өнөөдөр ч Монголд эмнэлгийн жинхэнэ архитектураар баригдсан орчин үеийн улсын нэг ч эмнэлэг алга.

Арай гэж нэг шинэ эмнэлгийн байрны сураг гартал сайд нь оффис болгочихов. Арай ч дээ Чингэлтэй дүүргийн оффисын зориулалтай барилгаар сольж болдоггүй юм байх даа. Хавьгүй бага зардлаар оффистой болно доо. Эмнэлэг ч зориулалтын байртай болно. Дуудлага худалдаагаар зараад мөнгөөр нь эмнэлэг бариач. Үгүй ээ. Мэргэжлийн сайд нь ч таг дуугүй. Солонгосын 30 сая долларын зээлээр хоёрдугаар эмнэлгийн хашаанд Үндэсний оношлогоо эмчилгээний төв барихаар өнгөрсөн онд шийджээ. Нэгэнт барьчихсан эмнэлгийн зориулалттай барилгад энэ төвөө оруулчихаж болно. Өчнөөн мөнгө хэмнэнэ. Нэмэргүй ээ хөдөлдөггүй. Үзэг зурсан бол буруу ч байсан гүйцээ. Нэгэнт гаргасан шийдвэрээ өөрчлөх нь ялагдсаны шинж гэж айдаг бололтой. Уг нь буруу шийдвэрээ өөрчилж чадах нь ухаантай, зоригтойн шинж баймаар. Одоо буцаагаад эмнэлэг болгоход 3-4 тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Улс орон эдийн засгийн хямралтай байдаг. Сайдын үзэгний үзүүр ямар их үнэтэй эд вэ. Мөнгө нь татвар төлөгчдийнх.

Шинэ Ерөнхий сайд маань ажлаа авангуутаа гурван удаа эдийн засаг гэж хэлэв. Мөнгөө хэмнэх, үр ашигтай зүйлд зарцуулах, зарцуулалтыг хянах гэж ойлгов. Ерөнхийлөгч тунгалаг шилэн дансыг эхлүүлэв. Гэтэл дахиад түүх давтагдав. Нэгэн яамны оффисын барилгыг чөлөөлж, гурван тэрбумаар засварлан хүүхдийн эмнэлэг болгох гэнэ. Хүүхдэд анхаарал тавьж байгаад нь талархууштай. Гэхдээ энэ шийдэл нь хариу нэхсэн олон асуулт дагуулав. Энэ мэргэжлийн шийдэл мөн үү? Ямар тооцоо судалгаанд тулгуурлав? Эдийн засгийн хямралтай үед татвар төлөгчдийн мөнгөөр ийм зүйл хийх нь зөв үү? Хүүхдийн эмнэлгийн байрны архитектурын талаар ямар нэг ойлголт байна уу? Энэ барилгыг эмнэлэг болгож болох эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлт гарсан уу? Үнэхээр яг одоо 150 ортой хүүхдийн эмнэлгийг ийм маягаар байгуулах хэрэгцээ шаардлага бий эсэх талаар Эрүүл мэндийн яамны ерөнхий мэргэжилтнүүд, мэргэжлийн салбар зөвлөлүүд, хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн санал дүгнэлтийг авсан уу? Эсвэл телевизийн нэвтрүүлгийг үзээд сэтгэл хөдлөлөөр шийдчихэв үү? Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчтэй юмаа. Харамсалтай нь дээрх асуултуудыг тавьж, хариу нэхэн өөр арга зам байж болох эсэх талаар сурвалжилсангүй.

ӨӨР ИЛҮҮ  САЙНХУВИЛБАР БАЙХГҮЙ ЮУ?

Энэ өвөл цас бараг орсонгүй. Өдөртөө 20 хэмээс дээш гарч хүйтэрсэн нь өдрийн од шиг. Ханиад томуу дэлгэрэхэд хамгийн тааламжтай тохиолдол. Сүүлийн 15 жилд хамгийн дулаан өвөл болж байгаа гэж цаг уурчид ярив. Судалгаагаар, ханиад томуугаар өвдсөн хүүхдийн 90 хувь нь гэрийн нөхцөлд өрхийн эмч, амбулаторийн хүүхдийн эмчээр эмчлүүлэн 7-10 хоногт  эдгэдэг, 10 хувийг нь л эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлага гардаг байна. Сургуулийн амралт эхэлсэнээс хойш ханиад томуу эрс буурч байгааг өрхийн эмч нар хэлж байна. Хоёрдугаар сарын 1-нд эмнэлэг нээгдэхэд 150 орыг дүүртэл хүүхэд хэвтэх болов уу?

Урдынх шиг сүрьеэ ихсэхээр сүрьеэгийн эмнэлэг барьж, сүрьеэгийн эмч бэлдээд, халдварт өвчин ихсэхээр халдвартын эмнэлэг бариад, халдвартын эмчийн тоог нэмээд байх уу. Манай улсад эмнэлгийн тусламжийн бодлого гэж ер нь байна уу? Нийслэлийн эмнэлгийн тусламжийн байдалд 2003, 2006 онд хийсэн Дэлхийн банкны,  2011 онд хийсэн Азийн хөгжлийн банкны судалгаагаар олон улсын стандарттай харьцуулахад нийслэлд эмнэлгийн орны тоо илүүдэлтэй, хэт олон хоногоор хэвтүүлэн эмчилдэг, том хүний дотрын орны 30-40 хувь нь шаардлагагүй хэвтэлт байдгийг тогтоожээ. Харамсалтай нь нийслэлийн эмнэлгийн тусламжийг оновчтой болгох, өөрчлөн зохион байгуулах талаар судалгааны үндсэн дээр гаргасан зөвлөмжийг огт хэрэгжүүлсэнгүй өнөөг хүрчээ. Дэлхий нийтээр аль болохоор хэвтүүлэн эмчлэхээс татгалзаж, зөвхөн нэн шаардлагатай, яаралтай тохиолдолд хэвтүүлж, өрхийн эмнэлэг, амбулатори, поликлиникийн тусламжийг сайжруулж,  өдөрт нь мэс засал хийж эмчлэх, эмийн бус эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээг түлхүү хөгжүүлж байна. Эмнэлгийн дотоод халдвар гэж бас нэг дийлдэшгүй аюул бий болов. Гэтэл манайхан эмнэлэгт хэвтэх, аль болохоор олон хоног хэвтэж дусал хийлгэж байвал сайн эмчилгээ хийсэнд тооцно.

Хэдэн жилийн өмнө Германы эмнэлгийн архитектор хүнтэй хэдэн сар хамт ажиллах завшаан тохиолдож, олон аймаг дүүрэг, сумын эмнэлэг, нийслэлийн томоохон эмнэлгүүдээр явж, эмнэлгийн барилгын байдалтай танилцаж байх үедээ тэр хүнээс эмнэлгийн өвөрмөц онцлог архитектурын талаар анхны ойлголттой болж билээ.Хэд хэдэн улсад хүүхдийн эмнэлгийн зураг төсөл хийж бариулж байсан тухайгаа ярьж, зургийг нь үзүүлж байсан. Хүүхдийн эмнэлэг бол хүүхэд гэдэг онцгой өвөрмөц ертөнцөд тохирсон, эмчлүүлэхийн зэрэгцээ хичээлээсээ хоцрохгүй суралцах, тоглох гэх мэт хүүхдийн бүхий л шаардлага нөхцлийг хангасан, наад зах нь шатны бариул, угаалтуур, суултуур нь хүүхдэд тохирсон, цонх, шал, шат нь хүүхдийн аюулгүй байдлыг нь хангасан, гэр орондоо байгаагаас дутахгүй орчныг бүрдүүлсэн байх хэрэгтэй байдгийг тэр мэргэжилтэн ярьж байсан юм. Эмнэлэг дотор хичээлийн танхим, тоглоомын өрөөг байгуулж, багш сурган хүмүүжүүлэгчид, мөн хүүхдийн сэтгэл зүйч ажиллана. Ийм л эмнэлэг хүүхдүүдэд маань хэрэгтэй байна. Ийм эмнэлэгтэй болоход хугацаа хэрэгтэй. Нийслэлийн удирдлага ирэх онд хүүхдийн гурван эмнэлэг барих шийдвэр бас гаргав.

Иймд яамны барилгыг эмнэлэг болгохын оронд үүнд зарцуулах мөнгөөр дараахь арга хэмжээг цогцоор авъя.

1.Ханиад томуутай хүүхдүүдийн эмийн үнийг тавин хувь хөнгөлье.

2. Эцэг эхийнх нь аль нэгд 5-10 хоногийн цалинтай чөлөө олгож хүүхдийг нь гэрээр нь асруулъя.

3. Өрхийн эмч, сувилагч нарт зардлыг нь өгөөд хүүхдүүдийг гэрээр нь эргэж тойрч эмчлүүлье.

4. Нийслэлийн дүүргүүдийн  эмнэлгийн том хүний орыг цөөлж, хүүхдийн орны тоог тус бүр 20-иор нийт 160-аар нэмье.

5. Одоо ажиллаж байгаа хүүхдийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулж шинэчилье.

6. Хүүхдийн эмч сувилагч нарын цалин хөлсийг нэмье.

7. Хүүхдийн эмч нарыг дэс дараатайгаар давтан сургаж, тоог нь нэмэгдүүлье.

8. Хувийн хэвшлийнхэнд хүүхдийн эмнэлэг ажиллуулахыг дэмжиж, санхүүжилт өгье.

9. Нийслэлд орчин үеийн стандартад нийцсэн зураг төсөл архитектурын дагуу концессын гэрээгээр хүүхдийн эмнэлэг барих ажлыг нэн даруй эхлүүлье.

Монголын ирээдүй болсон хүүхдүүд маань эрүүл саруул бойжиг!
 

Зууны мэдээ
С.Содов

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-01-10 08:34:01
    нээрээ тэгж бас болно шүү дээ.заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх бус гэрээрээ хүүхдээ асарвал ядаж л өөр төрлийн өвчин эмнэлэгээс халдахгүй гэж бодож байна.
    202.179.20.87
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-10 04:43:33
    Дүүрэг болон төв эмнэлгүүдийн хэвтэх тасгийг нэгтгэж хүүхдийн хэдэн ч ор гаргаж болно. Эм тариагүй эмнэлгүүд хоосон өрөөнүүдтэй л болно. Тэтгэвэрийн эмч нар бна...
    112.72.13.74
    Мэдэгдсэн Хариулах
  • ard tumen 2015-01-10 00:43:45
    Дэмжиж байна, шийдвэр гаргагч нарын толгойд ойлгуулаад өгвөл
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-09 06:20:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.131
    Мэдэгдсэн Хариулах