Царцсан гээд байгаа 240 гаруй обьектын ядаж тал хувийг ашиглалтад оруулж, иргэдэд үйлчлэх бололцоог нь олгох хэрэгтэй
-Яг одоо УИХ-ын чуул­ганы нэгдсэн хурал­даанаар Төсвийн тодот­голын талаар хэлэлцэж байна. Энэ ер нь нүдээ олсон ажил байж чадах болов уу?

-Энэ төсөв анх батлаг­дахдаа л Ерөнхий сайд нь “авлигажсан” гээд хэл­­­чих­сэн, ам.долларын ханшийг 1384 байхаар тооц­сон зэрэг ээдрээтэй, ойл­гомж­гүй асуу­дал ихтэй байсан.

Гэхдээ Монгол Улс улирлын чанартай үйл ажил­лагаанууд явуулдаг. Жилийн ихэнх сар нь хүйтэн учраас барилгын ажил явуулах бо­ломжгүй. Тиймээс бүтээн бай­гуулалтын ажлуудыг маш богино хугацаанд амжуулах шаардлага гардаг. Тэгэхээр төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай.

Энэ нөхцөл байдалдаа тохи­руулаад “авлигажсан” гээд бай­гаа төсөв нь үнэхээр “ав­лигажсан” эсэхийг аудит шалгаад Сангийн сайдын багц дээр байсан 190 тэрбум төгрөгийг хуваарилах асуудал л яригдаж байгаа. Үүнийг зөв зүйтэй алхам гэж харж байгаа. Энэ бол цаашаа явах ёстой ажил. Ингэж байж л магадгүй бид тэр царцсан гээд байгаа 240 гаруй обьектын ядаж тал хувийг ашиглалтад оруулж, ард иргэдэд үйлчлэх бололцоог нь олгох хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс биш улстөрийн болоод өөр ямар нэг асуудал байхгүй.

-Эдгээр царцаасан гэх то­дот­голтой обьектуудад зо­риулж да­хин 550 тэрбум төг­рөгийн бонд гаргахаар болсон тухайд?

-Ажил нь эхэлчихсэн мөрт­­­лөө элдэв асуудлаас болоод цаашаа явахгүй байгаа энэ обьек­туудыг дуусгах зайлшгүй шаардлагатай. Харин яаж дуус­гах вэ гэдэг гарцаа зөв тодор­хойлж, харах ёстой. Тэгэх­гүйгээр худлаа улс­төржөөд байх нь ард иргэд, аж ахуйн нэгж, төр засагт ч хохиролтой. Монгол Улс өнөөдөр нэлээн их хэмжээний өрөнд орчихлоо. Гэтэл өмнө нь тавьсан өрөөрөө бид юу хийсэн бэ гээд тооцвол нэг дүгнэлт гарах л байх.

Цаашдаа энэ обьектуудыг дуусгахгүй л бол цас, бороо ч гэдэг юм уу байгалийн гамш­гуудаас шалтгаалж чанар нь муудах асуудал үүсэх эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр валютын ханшийн өсөлтөөс болж өртөг, зардал нь өсөж ч магадгүй. Энэ мэт хүнд­рэлүүд гарахаас өмнө эхний ээлжинд баригдаад эхэлчихсэн, тодорхой хэмжээнд гүйцэтгэл хийгдчихсэн ажлуудаа дуусгах ёстой. Гэхдээ заавал бонд гаргаж, өр тавих эсэхийг шийдэх л хэрэгтэй.

-Эргэн төлөлт нь удаан уч­раас өмнөх бондын хөрөнгийг зам барих зэрэг дэд бүтцийн аж­луудад зориулсан нь буруу гэж шүүмжлээд байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Яах вэ, дэд бүтцийн асуудал маань эргээд эдийн засагт тодор­хой хэмжээнд өгөөжөө өгөх ёстой. Тэр өгөөжийн хэмжээ нь ямар байхаас шалтгаалж хийх эсэхээ шийддэг. Хүн ч гэсэн авдаг цалингийнхаа хэмжээнд таа­руулж зээл авдаг биз дээ. Түүнтэй адил хэдэн тэрбум, их наядаар нь ч ярих боломжтой улс орнуудын хувьд бол өөр хэрэг. Гэтэл манай улс бусад оронтой харьцуулахад хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал зэргийн хувьд харьцангуй бага шүү дээ.

Тэгэхээр эдгээр үзүүлэлт нь бага учраас үүндээ таарсан хэмжээний өрийг бий болгох ёстой. Манайхан “хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэж ярьдаг. Энэ зарчмаараа л явах ёстой. Ийм жижиг зах зээлтэй орон байж өндөр хөгжилтэй, том зах зээлтэй бусдыг дууриаж хэтэрхий их хэмжээний өр, зээл тавих нь том эрсдлийг араасаа дагуулах магадлалтай. Тиймээс бид хэдий хэмжээний зээл авбал ямар хэм­жээнд төлж, барагдуулах вэ гэдгийг нарийн тооцож, эдийн засгийн өсөлт зэргийг харж байж олон улсын түвшинд өр, зээлийн асуудлыг ярих ёстой.

-Танай намын бүлгийнхэн иргэн бүр гуван сая гаруй төгрөгийн өртэй боллоо гэж мэдээлсэн. Үүнийг бондтой холбож ойлгож болох уу?

-Ер нь шууд утгаараа тийм.

-Мөнгөний бодлогыг уг нь Монголбанк тодорхойлох ёстой гэтэл тэднийг ажлаа хийж ча­дахгүй байна гэх шалт­гаанаар удирд­лагыг нь огц­руу­лах хүсэлт гаргачихсан. Энэ валютын ханшийн өсөлт ер нь хаанаас үүдэл­тэй юм бэ?

-Ер нь бол аливаа улс орны үндэсний мөнгөн тэмдэгт болоод гадаад валюттай харилцаж байгаа ханш зэргийг төв банк нь хариуцдаг. Тэр ч утгаараа мөнгөний бодлогынхоо хүрээнд Монголбанк хяналт тавих ёс­той. Тиймдээ ч бие даагч гишүүд тийм саналтай байгаа байх. Нөгөөтэйгүүр байгаа нөөц бололцоогоо ашиглаад, хя­налт тавиад байгаа ч гэсэн эргээд эдийн засагтаа орж ирж байгаа валютын урсгалыг дэмж­сэн бодлого байхгүй, энэ нь саар­чихсан байгаа тохиолдолд Монголбанк хэчнээн чармайгаад ч энэ асуудлыг шийдэхэд хэцүү.

Гэхдээ бидний шүүмжлээд байгаа зүйл юу вэ гэхлээр Монголбанк энэ Засгийн газартай хэтэрхий их хутгалдаж байна. “Үнэ бууруулах” эсвэл “үнэ тогтворжуулах” хөтөлбөр ч гэдэг юм уу энэ бүхэн чинь Монголбанкны хийх ажил биш шүү дээ. Гэтэл Монголбанк өөрөө үүнийг хариуцаж аваад л, мөнгө хэвлэж, төгрөгийн үнэгүйдлийг бий болгоод байгаа нь маш том алдаа.

-Гэхдээ 2014 оны төсвийг анх батлахдаа ам.долларын ханш 1384 байна гэдгийг Монголбанк биш УИХ баталсан шүү дээ?

-Гадаад валютаар тооцогдох төсвийн үзүүлэлтийг 1384 гэж тооцсон. Энэ нь орж ирж байгаа татвар, борлуулалтын орлогыг тооцож байгаа ханш. Гадагшаа төлөх зээлийн хүү зэргийг тооцож гаргасан. Үүнийг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хоёроос оруулж ирдэг. Бид тухайн үед нь “Та нарын хэлж байгаа энэ ханш чинь бодитой биш байна” гэж хэлж л байсан. Харин өөдөөс “Байж болох дундаж ханш” гэж байсан шүү дээ. Тэр тооцсон дундаж ханш нь одоо байгаа бодит байдлаас даруй 20-30 хувиар бага байгаа нь эдийн засагт маш том сөрөг үр дагавар бий болох нөхцлийг бүрдүүлж байна.

Тухайн үеийн манай эрх баригчид эерэг үр дагавар бий болгоно. Ингэж яриад байвал 1384 бол­чихно гэдэг шиг зүйл яриад байсан. Гэтэл аливаа зүйл ярьс­наар биш хийснээр үр дүн гарна гэдгийг харуулж байна.

-Сая чуулганы нэгдсэн ху­ралдааны үеэр зарим гишүүн таныг арга саам хийж байгаад тойрогтоо ажил хийлгэж байна гэж шүүмжилж байсан?

-Зарим гишүүн тийм шүүмж­лэлийг хэлж байна. Би тойргоос сонгогдсон гишүүн шүү дээ. Тий­мээс тойргийнхоо иргэдийн эрх ашгийн төлөө ажиллана. Тэд намайг ажилла гэж сонгосон. Гэтэл зарим гишүүн дээгүүр, доо­­гуур гүйсэн нэгнийг нь аймаг, орон нутагт гайгүй ажилд тавь­сан гэх мэт зүйлсийг ярьсан. Тойр­гоос сонгогдсон гишүүн бүр л ийм ажлыг хийнэ. Миний хувьд ч ялгаагүй. Нө­гөөтэйгүүр би Сэлэнгэ аймгийн төлөө ажиллана гэж үүрэг авсан болохоор Сэлэнгэ нутгийнхаа төлөө л ажиллана. Цаашид ч ажиллах болно.

Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bai 2014-05-24 14:31:42
    hen gedeg gishuun be
  • dachaa 2014-05-23 08:17:34
    энэ хүн сэлэнгэд эхлүүлсэн ашиглалтанд ордоггүй төсөв нь хэтэрсэн хэт их үнэтэй барилгынхаа төлөө санаа тавьж байгаа болохоос сэлэнгэчүүдийн төлөө санаа тавиагүй байх
  • oyun 2014-05-23 04:41:24
    xarin ch ix yum duugardag gishuudiim toon d orno bxaa naizaa.chi l uuruu TV uzdeggui bx.manai selengees devshsen hishuun bgaan
  • oyun 2014-05-23 04:41:19
    xarin ch ix yum duugardag gishuudiim toon d orno bxaa naizaa.chi l uuruu TV uzdeggui bx.manai selengees devshsen hishuun bgaan
  • Батхүү 2014-05-23 02:53:43
    Тендрийн хуулинд өөрчлөлт оруулах хугацаа чинь болоогүй юу эрхмүүдээ одоо уг нь эрхмүүд цадсан баймаар обшор бүсэд тэрбум доллар байснаа мартсаныг дурдахад цадацгаасан бололтой хүний хүсэл алтан засгасны үлгэр шиг шүү эрхмүүдээ
  • Үнэн 2014-05-23 01:42:52
    Энэ хүн УИХ-ын гишүүн юм уу? Би л мэдэхгүй юм байна. Тендер мөнгө санхүү ярихаар хэлд ордог гишүүдийн нэг байна. Өөрсдийнх нь барилга объект хөндөгдөхөөр хэлгүй хүн хүртэл хэл орчих юм.