Б.Алтанцэцэг: Эдийн засаг эхний хагас жилд хүнд байна
Манай улсын эдийн засаг 2015 онд хүнд байна. Тиймээс бүсээ чангалж, тансаг хэрэглээгээ танах ёстой хэмээн цомхотголоор танагдсан төсөв баталсан нь саяхан. Эдийн засгийн хямралыг ажралгүй давах төлөвлөгөө ийнхүү батлагдав. Гэтэл танаж хассан гэх төсвөө зайлшгүй тодотгохоор болж байгаа юм. Тэгвэл энэ жил хэтэвч хэр нимгэн, зузаан байх талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, эдийн засагч Б.Батжаргал, МУИС-ийн багш, доктор Л.Оюун, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Алтанцэцэг, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд нарын байр суурийг сонирхлоо

 Б.Алтанцэцэг: Сангийн зөөлөн бодлого дутаж байна

-Эхний хагас жилдээ тааруухан байх болов уу. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед хямрал цааш үргэлжлэх нь хүмүүсийг улам хэцүү байдалд оруулна. Онолоор авч үзвэл ийм хүнд үед сангийн зөөлөн бодлого баримтлах ёстой. Гэвч тэгэхгүй байгаа нь харамсалтай. Төсвийг таналттай баталж байгаа нь хүндрэлд улам ташуур өгч байгаа хэрэг юм. Богино хугацаанд өөрөөр сэргийлэх боломжгүй. Санаагаар болохгүй юм гэж бас байдаг шүү дээ.

Б.Батжаргал: Согтуу хүргэн шиг аашлах хэрэггүй

-Төсвийн тодотгол хэрхэн хийх вэ гэдгээс олон зүйл хамаарна. Түүнээс гадна Төвбанк мөнгөний бодлогоо чангалж чадах эсэхээс ч хамааралтай. Мөн өрийн босгыг нэмэх тухай ярьж байна. Үүний дараа зээл авах байх. Харин тэрхүү өрөө хэрхэн юунд зарцуулах вэ гэдэг сонирхолтой байна. Ер нь согтуу хүргэн шиг аашлахаа болих хэрэгтэй. Хамаг зүйлээ бусниулчихаад гал унтраах төдийхнөөр аргацаах хэрэггүй. Ингэвэл улам хэцүү байдалд орно. Учир нь гадаад орчин тийм ч таатай биш байна.

Л.Оюун: Тавантолгойн төсөл гэгээ татуулна

-Энэ жилийн эдийн засаг өөдрөг байна гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь өнгөрсөн жил үндэсний хэмжээний хэд, хэдэн үйлдвэрүүд ашиглалтад орсон. Түүнчлэн үйлдвэрлэлд зориулсан зээлийн үр өгөөж гарч эхэлнэ гэж бодож байна. Мөн Тавантолгой төсөл гэгээ татууллаа. Яагаад гэвэл, дан ганц биш хоёр, гурван улсын компани, үндэсний томоохон аж ахуйн нэгж хамтарсан нь сайн зүйл боллоо. Түүнээс гадна дөрөвдэгч компани орж ирэх сураг сонсогдож байгаа нь сайн мэдээ.

Х.Амгаланбаатар: Зөвхөн эдийн засаг гэж болохгүй

-Энэ жилийн эдийн засгийн байдал одоогийн төсөөллөөр хүнд байх төлөвтэй байна. Учир нь хүмүүсийн амьдралд сөрөг үр дагавартай байхаар төсөв баталсан. Тэгэхээр улс орны эдийн засгийг бодохын зэрэгцээ ард иргэд аж, амьдралыг бодолцох ёстой. Эдийн засаг, нийгмийг хамтад нь залж улс орон хөгждөг. Зөвхөн эдийн засаг гэчихээд хэт нэг тал руугаа хэлбийлгэвэл хөгжихгүй. Учир нь нийгэмгүйгээр эдийн засаг оршин тогтнодоггүй. Хэдийгээр хүнд байх боловч бидний хийх гурван талт хэлэлцээгээр цаашдын дүр зураг тодорхойлогдоно.

Д.Энхболд: Томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй

-Эдийн засаг таагүй байгаа энэ үед төдийлөн эрчимтэй өсөлт гарахгүй. Тиймээс сэргийлэх арга хэрэглэх нь чухал юм. Энэ жил манай улсын хувьд уул уурхайн салбарт бодитой үсрэлт гарахгүй гэж харж байгаа. Эдийн засагт нөлөөлж болохуйц томоохон төслүүдээс бүх зүйл хамаарах болов уу. Тухайлбал, Оюу­тол­гойн хоёр­дугаар шат­ны хөрөнгө оруу­лал­тыг оруулж ирэх хэрэг­тэй. Тавантолгойн төс­лийг ч хөдөлгөх хэрэг­тэй. Түүнээс ашигт малтмалын үнийн өсөлт гэж байхгүй.
Зууны мэдээ
Д.Оюунчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.