Б.Отгонжаргал: Манайх хүн амын өсөлтийн цонх үе дээрээ ирчихээд байна
Тун удахгүй Монгол улсын гурван сая дахь иргэн мэндэлнэ. Гурван сая дахь иргэнийг тодруулж, алдаршуулах талаар  төр засгаас ихээхэн анхааран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтах бэлтгэлийг хангах комисс МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар байгуулагдан ажиллаж байгаа юм байна. Уг комиссийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалтай уулзаж гурван сая дахь иргэн мэндлэхтэй холбоотой болоод Монгол улсын хүн ам зүйн бодлогын талаар ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулна гэсэн яриа их гарч байна. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтан авах бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?
Манай улс нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг бөгөөд хүн ам өсөн нэмэгдэж 3 саяд хүрэх нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд тэмдэглүүштэй үйл явдал мөн. Иймд Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахад чухал ач холбогдол өгч энэхүү ажлыг улс даяар удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар захирамжаар, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар тус тус байгуулж ажилласан. Юуны өмнө Монгол Улсын гурван сая дахь иргэнийг ЭРҮҮЛ ЭСЭН МЭНД хүлээн авахад гол анхаарлаа хандуулсан. Эрүүл мэндийн салбараас эх нярайг эрүүл төрүүлэх, төрөлтийг зөв удирдах, эх барих, нярайн чиглэлээр зохих сургалтуудыг зохион байгууллаа. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг жирэмсний үеийн, төрөлтийн үеийн, төрсний дараах үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаарх шаталсан сургалтуудад хамруулсан. Тэднийг ажлын байран дээр нь нарийн мэргэшлийн эмч нарын удирдлагын дор мэргэшүүлсэн. Эх барих, нярайн тасгуудад зохих техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагааг ил тод байлгах, хяналтыг сайжруулах, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх үүднээс камержуулж, одоогоор эх барих, нярайн өрөөний 50 хувь нь камержсан байна. Түүнчлэн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах журмыг боловсруулж, гурван сая дахь иргэнийг алдаршуулан  урамшуулах, тэтгэмжийн арга хэмжээ, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүллээ.
 

Монгол Улсын гурван  сая дахь иргэн нэг хүүхэд байна. Харин гурван  сая дахь иргэн мэндэлсэн тухайн өдөр төрсөн хүүхдүүдийг  түүний чацуутан гэж үзнэ.


-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг яг хэдийгээр тодруулах бол? Өмнө нь Монгол Улсын хүн амыг нэг сая, хоёр сая болоход тодруулж байсан уу?
Энэ шинэ ажил бишээ. Монгол Улс 1962 оны 10 дугаар сард 1 сая, 1988 оны 7 дугаар сард 2 сая хүн амтай болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн нь сая сая дахь иргэнийг тодруулж байсныг гэрчилж байна. Харин ГУРВАН САЯ дахь иргэн  2015 оны 1 дүгээр сард төрөхөөр байгаа.  

-Гурван сая дахь иргэнийг хэрхэн тодруулах вэ?
Монгол Улсын ГУРВАН САЯ дахь иргэнийг Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны А/162 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын гурван  сая дахь иргэнийг тодруулах журам”-ын дагуу тодруулна.

-Хэдэн иргэнийг гурван сая дахь иргэнээр өргөмжлөх вэ?
Монгол Улсын гурван  сая дахь иргэн нэг хүүхэд байна. Харин гурван  сая дахь иргэн мэндэлсэн тухайн өдөр төрсөн хүүхдүүдийг  түүний чацуутан гэж үзнэ.

-Гурван  сая дахь иргэнийг аймаг, хотын хаана тодруулах бол. Энэ талаар танилцуулахгүй юу?
Бидний баримтлах журмаар энэ оны эхнээс мэндэлсэн хугацаагаар нь дараалуулсан Монгол Улсын харьяат хүүхдүүдийн жагсаалт, тухайн хугацаанд ногдох нас баралтыг тооцон Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулна. Энэ нь Монгол Улсын харьяат хүүхдийг газар нутгийн байршлаас үл хамааран тодруулна гэсэн үг юм.   

-Тэгвэл гадаадад төрсөн Монгол хүүхэд Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорч болно гэсэн үг үү?
Тиймээ. Хэрэв Монгол Улсын иргэн гадаадад төрсөн бол түүний мэдээллийг батлагдсан маягтаар зөвхөн тухайн өдөрт багтаан бүртгэж, графикт хугацаанд ирүүлсэн баримтыг үндэслэн тооцно гэж журамд заасан байгаа.
 

Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууц  буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй.


-Гурван сая дахь иргэнийг хэрхэн алдаршуулж,  ямар урамшуулал үзүүлэх вэ?
Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тус тус алдаршуулна. Гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудад батламж, тэмдэг гардуулна. “Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70,0 /далан/ сая  хүртэл төгрөгийн  үнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнана. Харин Монгол Улсын гурван сая дахь иргэний тухайн өдөр төрсөн чацуутнуудад 3  /гурван/ сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгон, алдаршуулах арга хэмжээ авна. Энэхүү арга хэмжээнд ойролцоогоор 250 гаруй хүүхэд хамрагдах болов уу гэж тооцож байна. Түүнчлэн уг тогтоолоор Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн цаг хугацаанд хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанг 70,0 /далан/ сая хүртэл төгрөгийн үнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний  мөнгөн шагналаар шагнах, АЛДАРШУУЛАХ ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг  аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн байгаа.

-Гурван сая дахь иргэн орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг хоёуланг нь нь авах уу?
Үгүй. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууц  буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй.
 

Хүн амын тогтвортой өсөлтийг хадгалах бодлого баримталж байгаа


-Ингээд манай улс гурван сая дахь иргэнээ тун удахгүй өлгийдөн авна. Мэдээж хөгжиж буй хүн ам цөөтэй, нутаг дэвсгэр өргөнтэй улсын хувьд хүн амын өсөлтөө нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр төр засгийн зүгээс тодруулбал салбар яамны зүгээс энэ чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?
-Мэдээж цөөн хүн амтай улс орон болгон л хүн амаа өсгөх бодлого баримтлан ажиллаж байгаа. Тийм ч  учраас гурван сая дахь иргэнээ ёслол төгөлдөр угтаж авах гээд бэлтгэл ажлыг хангаад байж байна. Ер нь бол бид хүн амын  өсөлтийг зохиомлоор өсгөх боломж байхгүй. Манай хүн амын  34 орчим хувь нь залуучууд, мөн залуучууд дундаа нөхөн үржхүйн насны эмэгтэйчүүд олонх байгаа  юм. Тэгэхээр үүнийг бид мэргэжлийн хэллэгээр хүн амын өсөлтийн цонх үе гэж нэрлэдэг. Манайх яг энэ үедээ ирсэн учраас төрөлт нэмэгдэж байна л даа. Мэдээж хэрэг хүн амын өсөлтөө дагаад эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч ирнэ.

Хүн амын хөгжлийн цогц бодлогыг УИХ-д өргөн мэдүүлчихсэн байгаа. Бидний гол зорилго юу гэхээр манай хүн ам нэг ихсээд нэг буураад байж болохгүй. Харин хүн ам тогтмол өсөлттэй байх ёстой гэсэн бодлого баримталж байгаа. 1970-аад оных шиг хүн амын өсөлтийг 3,1 хувиар өсгөнө гэх том тоо ярихгүй харин өнөөдрийн байгаа 2,1 гэсэн үзүүлэлтээ энэ хэвэнд нь хадгалах бодлого баримталж байна.
 

Хүүхдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн мөнгө өглөө гээд төрөлт нэмэгдээд байна гэж  ойлгож болохгүй


-Хүн амын өсөлтийг дэмжихдээ улс орон бүр тодорхой урамшууллын бодлого баримталдаг байх. Манайхны дунд төрөлтийг дэмжихийн тулд эх, хүүхдэд өгөх халамжийн мөнгийг нэмэгдүүлэх ёстой гэж яриад байдаг. Энэ хэр зөв арга зам бэ?
-Мэдээж хэрэг улс орон бүр тодорхой хүн амын өсөлтөө дэмжсэн бодлоготой. Үүнд олон төрлийн урамшууллын систем байгаа. Түүнчлэн үйлчилгээний дэмжлэгийг ч илүүд үздэг улс орнууд байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Герман улс маш тогтвортой төгс бодлоготой. Тэнд хүн амын өсөлтөө үйлчилгээний хэлбэрээр дэмждэг. Үүнд цэцэрлэг, сургууль гээд нийгмийн хэрэгцээтэй асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Энэ бол дэлхий нийтийн ерөнхий чиг хандлага болоод байна. Гэхдээ хүүхдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн мөнгө өглөө гээд төрөлт нэмэгдээд байна гэж  ойлгож болохгүй л дээ.

-Манай хүн амын дийлэнх хэсэг нь залуус байна гэлээ. Тэгэхээр залууст чиглэсэн ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ?
-Энэ бол маш чухал асуудал. Бидний баримталж буй гол зорилго бол манай залуус дэлхийн залуусаас хөгжлийн үе шатаараа хоцрохгүй тэр ч бүү хэл манлайлдаг байгаасаа гэсэн зорилготой ажиллаж байна.

Манай Улсын 5 хүн тутмын нэг нь 15-24 насны залуучууд, нийт хүн амын 37,5 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх бодлогыг дэлхий нийтээр баримтлах боллоо. Энэ нь хөгжиж буй улс орны хүн амд залуучуудын эзлэх хувь нэмэгдсэн, дэлхий нийтийн хөгжилд даяарчлалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болж, залуучуудын санаа бодлыг сонсож, шийдвэр гаргах болон хөгжлийн үйл явцад тэдний идэвхтэй санаачилга, дуу хоолой, оролцоог хангах, эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаатай холбоотой юм.
   
Манай улс 2006 онд батлагдсан “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа ба Залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтоо тэдний оролцоотой тодорхойлох зорилгоор үе шаттай арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна. 2013 онд, “Өсвөр үеийнхний хөгжлийн форум 2013” болон “Залуучуудын хөгжил–шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганыг зохион байгуулсан. Залуучуудын чуулганыг угтан “Залуучуудын хөгжилд хамтдаа” сарын аяны хүрээнд залуучуудын хөгжлийн асуудлаарх салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг бий болгох, харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах зорилго бүхий хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад байна.

Ярилцсанд баярлалаа
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БӨХөө 2015-01-09 03:06:52
    тийм ухаантай сайн гишүүн, сайн сайд юм бол Баярцогтоо чи опшорт байгаа сая сая доллараа Монголдоо өгөөч, чадах уу чи???
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • ewrg 2015-01-08 11:21:48
    heregtei yumand mungu zarmar yum 3 say dahi hvnd bayr hvrgeed urgumjlul tsol temdeg ugchihuj bolohgvi yumu yanz bvriin arga saamar mungu iteh gesen hvmvsin sana...
    122.254.119.43
    Мэдэгдсэн Хариулах
  • tag 2015-01-08 07:53:06
    udam sudrii in harj uhaan, bie byaldar saitai humuusiig zoriud urjuulmeer yum. dabjaa uhaan muutai barak mal shig olon huneer yahab.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-01-08 02:19:04
    Uur sanaa zovooson, sanhuujilt shaardlagatai asuudal bdaggui um bh daa, Hyamrald orood hamag umaa tanaj bgaa murtluu neg huuhdeh hichneen ih tusuv tuluvludug um...
    103.229.120.170
    Мэдэгдсэн Хариулах
    • mongol 2015-01-08 14:14:32
      Chi bitgii huts. Hun amaa olshiruulahaas iluu chuhal yu ch baihgui
      112.72.11.112
      Мэдэгдсэн Хариулах