Н.Батцэрэг: Төрийн нарийн бичгийн дарга нар улс төрийн албан хаагчид биш
2015 оны төсвийн тодотголыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Мөн Шийдлийн Засгийн газрын шинэ сайд нар ажилдаа орж, дэд сайдуудыг сонгож одоо төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгох асуудал яригдаж байна. Энэ мэтчилэн цаг үеийн асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй ярилцлаа.

-2015 оны төсвийн тодотгол хийгдэж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонирхвол?

-2015 оны төсөв өөрөө маш том зарчмын асуудал. Яагаад гэвэл эдийн засаг хямарсан байна. Тиймээс яах аргагүй хүндрэл бэрхшээл байгаа юм.  Тэгэхээр ийм хямралын үед төсөв сангийн бодлого яаж явах вэ гэдэг өөрөө их чухал асуудал. Бүхэлд нь авч үзвэл 2015 оны улсын төсвийг баталж байх үед Сангийн сайдгүй байсан. Хугацаанд нь амжуулах гээд яарч байгаад баталсан. Ер нь томоохон зарчмын өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл хөрсөн дээрээ бууж хөөсөрсөн халамжийн зардлаа бууруулж, хэт эерэгээр орлогоо төлөвлөдөг байсныг  болиулж, тухайн цаг үедээ тооцоотой орлоготой болж, ямар хэмжээний орлого олох юм бэ гэдэгтээ таарсан зардал санхүүжилттэй явъя гэж байгаа юм.  
 
Улсын төсөвт Хүний хөгжлийн сан, нийгмийн даатгалын сан гээд бие даасан төсвийн бүрэлдэхүүн хэсгүүд байдаг. Өөр нэг чухал зүйл бол бондын мөнгө байна. Хөгжлийн банкаар дамжин хөрөнгө оруулалт нь явж байгаа бондын мөнгийг балансад авах уу, үгүй юу. Авбал яаж авах вэ гэдэг асуудал тулгарч байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд Монгол банкнаас өнгөрсөн жилүүдэд гаргасан мөнгө санхүүжилттэй холбоотой асуудал байна. Мөн Засгийн газрын болоод хувийн хэвшлийн гадаад өрийн асуудал байна. Ойрын жилүүдэд их хэмжээний гадаад өрийн төлбөр хийгдэхээр хүлээгдэж байна. Түүний эх үүсвэрийг суулгаж чадах юм уу гэдэг эргэлзээ дагуулж байна. Ер нь бол чадах ёстой хэрэг л дээ. Энэ бүхнийг хэн хариуцах ёстой юм бэ.
 
Хаанаас орж ирэх вэ гэх мэтчилэн олон зүйлд хариулт өгсөн төсвийн тодотгол болох ёстой. Ерөнхий сайд УИХ дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Хийх ажлынхаа ерөнхий хана рамыг хэлсэн. Тухайлбал, төрийн албан хаагчдыг цомхотгох, Засгийн газрын байгууллагуудад томоохон өөрчлөлт хийх, чиг үүргийн давхардлыг арилгаж шахаж өгөх, зарим нэг чиг үүрэг нь давхацсан байгууллагуудыг татан буулгах гэх мэт олон асуудал хөндсөн. Энэ болгоныг Төсвийн тодотголын хуулиар оруулж ирэх ёстой.

-Засгийн газрын тэргүүн 2015 оны төсвийг танасан байдалтайгаар чуулганы хуралдаанд оруулсан. Гэтэл төсөв танана гэчихээд яамдын дэд сайд нарын тоог нэмчихлээ. Энэ бүхэн чинь төсөвтэйгээ хэр уялдаж байгаа юм бэ?

-Энэ их зовлонтой асуудал юм. Хоёр дэд сайд нэмэгдсэнээс болоод төсөвт хүндрэл үүсэхгүйн ойлгомжтой. Гэхдээ юм толгойноосоо эхлээд зөв явагдах ёстой. Цомхотгол яригдаж байгаа бол дээрээсээ эхлэх ёстой. Маш оновчтой, хямралын үеийн улстөрийн, эдийн засгийн, нийгмийн хөгжлийн, төсвийн менежмент хийж чадах тэр бүтцийг Ерөнхий сайд бүхэлд нь харах ёстой байсан. Энэ талаараа шүүмжилмээр зүйл харагдаж байгаа. Ярьж байснаасаа буцаад дэд сайдуудын тоог нэмсэн. Уг нь өмнө нь бүгдээрээ нийлээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг бүтцээ цомхон болго гэж шахаж байгаад цомхон болгосон хэрнээ дараа нь МАН-д урилга өгсөн чинь орж ирье гэнэ. Одоо томруулахгүй бол болохгүй нь ээ гээд буцаагаад томруулаад байгаа нь шүүмжилмээр байгаа юм.  Гэхдээ бүхэлд нь харах юм бол хэрвээ бүгдээрээ парламентад суудалтай нам эвслүүд Засгийн газраа хамтран байгуулсныгаа эдийн засгийн хямралыг даван туулахад  яах аргагүй энэ хэрэгтэй юм гэж үзэж байгаа бол ойлгож хандаж болох юм. Бүдүүлгээр хэлбэл бялуу хувааж, хариуцлагатай үгээр хэлбэл хийх ажлыг нь өгье, яам, сайдуудыг нь өгье. Тэгээд хямралыг хамтаараа даван туулъя. Зарим талаараа хэдийгээр танана хасна, нимгэлнэ гэж байгаа ч зарим газар зузаатгах газар байна.

Барилгын салбар гэхэд л танаж хасаж хямралыг давна гэвэл худлаа. Энэ мэтчилэн МАН-ын сайд нар сайн ажиллах байх. Харин АН-ын сайд нар бол тэртэй тэргүй хамгийн олон суудал авсан шаварт унасан шарын эзэн. Шараа шавраас татаж гаргаж ирээд цэвэрлэх ёстой. Гол үүрэг АН-д оногдож байгаа учраас үүнийгээ хийх ёстой. “Шударга ёс” эвслийн хувьд өөрт оногдсон квотоороо, тэр хариуцлагаараа Засгийн газрыг хамтран байгуулсан. Манай эвслээс гурван сайдаа томилсон. Бүлэг дээрээ ч сайд нартаа удирдамж чиглэл өгч байгаа. Батлан хамгаалахын салбар харьцангуй гайгүй цэрэгжсэн салбар хэдий ч тулгамдсан асуудал бий. Эрүүл мэндийн салбар маш чухал, тун амаргүй салбар. Үндэсний хэмжээний сүлжээтэй, газар сайгүй эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсож байгаа. Тэр үүргээ биелүүлж ажиллана. Салбарынхаа өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хичээж ажиллана. Хамгийн гол тулгамдсан асуудал бол эмнэлгийн хүрэлцээ. Төрөх эмнэлэг байхгүй байна. Төрөлт өндөр хувьтай байгаа нь сайн хэрэг хэдий ч эмнэлгийн хүрэлцээ муу байна. Хүүхдийн эмнэлэг маш бага байна. Орой болгон л зурагтаар харж байна шүү дээ. Эмнэлгийн коридор, оо-ын өрөөний үүдэнд  ч багачууд гудас хаяад хэвтэж байгаа нь хэтэрхий эмзэглэмээр дүр зураг. Тэгэхээр манай Эрүүл мэндийн сайдын хувьд энэ асуудлыг даван туулах том ажлын урд зогсож байна. Гэхдээ эдгээр асуудлууд эхнээсээ шийдэгдэж эхлээд байна. Хүүхдийн эмнэлгийн байр оллоо. Яармагт барьж байсан төрөх эмнэлгийг барьж дуусгах хувилбарыг зөв гаргалаа. Ордны хажуу талын бөөн маргаан дагуулсан барилгыг эмнэлэг болгохоор Хууль зүйн сайдтай ажиллаж байна. Гурав дахь сайд маань яамгүй Монгол Улсын сайд. Том бүтээн байгуулалт хариуцаж ажиллаж байна. Одоогийн байдлаар Тавантолгойн орд газрыг олборлох, ашиглах, тээвэрлэх, зарж борлуулах асуудлыг хариуцаж ажиллах оператор компанийг шалгаруулчихлаа. Ажлын хэсгийн даргаар М.Энхсайхан сайд ажиллаж байна. Ямартай ч том бүтээн байгуулалт болох Тавантолгой, Оюутолгой, Төмөр зам, эрчим хүчний 450 МВТ-ыг станцыг ажиллуулж эхлэх хэрэгтэй. Гадаад зах зээл дээрээс мөнгө босгох ёстой. Ингэж байж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжил, ертөнцийн хөгжлийн замд орох бололцоог олж авна гэж үзэж байна.
Засагт  парламентад суудалтай бүхий л улс төрийн хүчнүүд орсон. Өөр өөртөө таарсан хариуцлагаа хүлээцгээсэн. Одоо урагшаа хараад ажиллах ёстой.

-Яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгоход улс төржилт ороод байх шиг харагдах юм. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
 
-Уг нь төрийн нарийн бичгийн дарга нарын асуудалд ормооргүй байгаа юм. Тэд чинь төрийн албаны хуулиар зохицуулсан тангараг өргөсөн төрийн албан хаагч шүү дээ. Тиймээс хэрвээ ажлын хариуцлага алдахгүй, ажлаа хийж чадаж байгаа бол тэр хүмүүс ажлаа үргэлжлүүлээд хийх ёстой. Түүнээс бус улстөрийн квотод оруулаад хуваагаад байх нь туйлын зохисгүй хэрэг. Харин яах аргагүй ажлын хариуцлага алдаж байгаа, салбарын ажил нь доголдолтой байгаа бол толгойг нь илэх шаардлагагүй.  

-“Шударга ёс” эвслийн АН-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа юу?

-2012 оны сонгуулийн дүнгээр гэрээ байгуулсан. Гэрээнд 2012 оны сонгуульд АН болоод “Шударга ёс” эвслийн олон түмэнд амлалт өгч байсан нийгэм эдийн засгийн болоод улстөрийн хөтөлбөрийг хамтран Засгийн газар байгуулаад хэрэгжүүлье гэсэн утга санаа бүхий гэрээ байгаа юм. Сая гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж тохирсон. Гэрээний нэмэлтэд эвслийн талаас АН-тай зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч Ц.Цолмон зурна. Нөгөө талаас М.Батчимэг гишүүн зурна. Мөн  Засгийн газрыг хамтран байгуулсан бүх нам эвслүүд нийлж тунхаг бичиг гаргаж байна.  Тунхаг бичигт  гарын үсгээ хараахан зураагүй байна. Зарим нэг тодотгох, мэдээллийн зөрүүтэй зүйлээ нэг болгох гэж байгаа байх гэж бодож байна.

2012 оны сонгуулийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг зүйл одоо байхгүй. Одоо Засгийн газарт МАН орж ирээд гурван гол улс төрийн хүчний хамтарсан Засгийн газар учраас хэн нэгнийхээ, аль нэг хоёрынхоо сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх гээд ажиллахгүй. Тэгэхээр гурвуулаа шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Тэр шинэ хөтөлбөр нь хамгийн түрүүнд хямралаас гарах хөтөлбөр байх юм. Ерөнхий сайдыг бүрэн эрхийнхээ хугацаанд юу хийх талаа оруулж ирж батлуулах байх гэж бодож байна. Энэ бол төсвөөс тусдаа зүйл.

-Таны хувьд хямралаас гарах гарц юу байна гэж бодож байна вэ?

-Хамгийн түрүүнд эдийн засаг унаж байгаа уналтыг сааруулах ёстой. Шууд өөд нь татаж чадахгүй. Машиныг хүртэл урагш нь явуулж байгаад гэнэт ухрааж болдоггүй биз дээ. Зогсоод тэгээд ухарна. Хямрал гэдэг чинь эдийн засаг унаад байгаа юм. Тэгэхээр унаж байгаа эдийн засгаа саармагжуулаад зогсоох ёстой. Тиймээс Монголбанк мөнгөний зөв бодлого руу орох ёстой. Тэгээд төсөв сангийн бодлоготойгоо уялдуулах ёстой. Өөрөөр хэлбэл сангийн яам, Засгийн газартайгаа нягт хамтран ажиллах ёстой гэж үзэж байна. Мөн бизнесийн идэвхжлийг хурдан сайжруулах хэрэгтэй. Бизнест чөдөр тушаа болдог Засгийн газрын байгууллагуудын хүнд суртал байдаг бол түүнийгээ нойллох хэрэгтэй. Норм нормативыг нь хангуулаад бусдыг нь хөнгөлөх хэрэгтэй. Бизнесийнхээ хүмүүст бодит дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм.

-“Шударга ёс” эвслийн бүлэг цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Хамгийн түрүүнд төсвийн тодотгол дээр анхаарч ажиллана. Угаасаа 2015 оны төсөв баталж байхад тодотгол оруулж ирнэ гэсэн болзолтойгоор төсвийг баталлаа гэж би хэлж байсан. Манай эвслийн гишүүдийн зүгээс 18 хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Тухайлбал нийгэмд хамгийн их хүлээлттэй байгаа Өршөөлийн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл, Монгол хэлний хуулийн төсөл гэх мэт хуулийн төслүүд байна.  Энэ бүхнийгээ ажил хэрэг болгоно гэсэн зорилготой байгаа. Мөн эдийн засгийн хямралтай үед эдийн засгаа сайжруулах үүднээс бизнесийн орчноо сайжруулах зэрэгт санаачлагатай ажиллах ёстой. Энэ бүхнийгээ хийнэ дээ.  
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-13 01:12:15
    Монголд Төрийн нарийн бичгийн даргыг 12-р анги төгссөн хүүхэд хийх боломжтой
    103.229.123.46
    Мэдэгдсэн Хариулах
  • sartuul  2015-01-29 02:19:37
    muu novsh mini 2012 ond toriin alban haagch nariig homroglon halj baihad yu hiij baisan be
    112.72.13.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-12 12:39:32
    За Батцэрэг ээ сургуулийн захирал улс төрийн албан тушаал болчихоод бйхад
    112.72.13.117
    Мэдэгдсэн Хариулах
  • МУ 2015-01-09 00:50:07
    ЭНЭ НЭГ ШАЛ ХӨДӨӨ ЦАРАЙТАЙ УВАЙГҮЙ МАНГАР НӨХӨР МӨН Ч ИХ ТЭНЭГЛЭХ ЮМАА.
    202.179.0.238
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-08 15:13:57
    Улс төрөөр хооллогч хорхой
    150.129.141.107
    Мэдэгдсэн Хариулах
  • candy 2015-01-08 09:22:06
    bolovsroliin yamnii turiin nariin bichigiin darga uneheer o apparataa udirdaj chadahgui buh zuiliig Nasanbayar ulugchin zurj bna.
    182.160.39.195
    Мэдэгдсэн Хариулах