Ц.Амарбаясгалан: Энэ удаагийн тэмцээнийг үзэгчид ойроос харах боломжтойгоороо онцлог
Энэ удаагийн дугаарт мэргэжлийн кикбокс болон мутай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалантай ярилцпаа. Тэрээр удахгүй “Shinobu cup 2015” бодибилдинг фитнессийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 17-ны өдөр “Marqui 27" night club-т зохион байгуулах гэж байгаа юм байна.

-Юуны өмнө таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Удахгүй “Shinobu cup 2015” бодибилдинг фитнессийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Ямар зорилгоор энэ тэмцээнийг зохион байгуулах болсон бэ?

-Энэ тэмцээнийг зохион байгуулах болсон маань залуучуудад бодибилдинг фитнессийг сурталчилж, зөв таниулах, нийт хүүхэд залуучуудыг эрүүл чийрэг бие бялдартай болгох, өөрөөр хэлбэл “Спиртлэг биш спортлог'' байлгахын тулд л энэ бүхнийг зохион байгуулж байгаа юм.

Манай “Шинобу" төв чинь уг нь тулааны спортын клуб л дээ. Гэхдээ тулааны спорт ч ялгаагүй, бодибилдинг фитнесс ч ялгаагүй залуучуудыг эрүүл чийрэг бие билдартай өв тэгш хүмүүжилтэй болгох зорилготой шүү дээ.

Тиймээс бид тулааны спортынхоо энэ клуб дээр суурилж “Shinobu fitness fight club’’-ээ байгуулсан юм. Манай клуб 2009 онд байгуулагдсан. Олон улсын стандартын дагуу шинээр байгуулагдсан клуб маань дөрвөн сарын өмнө байгуулагдсан. Одоо 300 гаруй хүн хичээллэдэг.

-Тэмцээнийг яагаад “Shinobu” гэж нэрлэх болсон юм бэ. Энэ нэр ямар учиртай юм бэ?

-“Shinobu” бол тэсвэр хатуужил гэсэн утгатай миний өөрийн япон нэр л дээ. Зарим хүмүүс “нинжа” ч гэж дууддаг. Энэ тэмцээний зардал төсөв мөнгийг бүгдийг нь манай “Shinobu fitness fight club” гаргаж байгаа.

Тэр утгаараа өөрийнхөө клубынхээ нэрэмжит болгох тухай Монголын бодибилдинг фитнессийн холбоотой ярилцсаны үүднээс ингэж нэрлэхээр шийдсэн. Энэ тэмцээнийг манай клуб болон Монголын бодибилдинг фитнессийн холбоо хамтран зохион байгуулж байна. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж бодож байгаа.

-Та бүхэн төсөв мөнгөө өөрсдөө гаргаж байгаа ч үзэгчдээс олсон орлогоороо энэ бүхнээ нөхөх боломжтой биш үү?

-Ер нь бол бид ашиг гэхээсээ илүү тодорхой хэмжээгээр иргэн хүнийхээ нийгмийн хариуцлагыг ухамсарлаж нийгэм олон нийт рүү хандсан сайн дурын арга хэмжээ зохион байгуулахын тулд энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа.

Тэмцээн зохион байгуулахад ашиг олно гэж байдаггүй. Би арваад жил янз бүрийн л тэмцээн зохион байгууллаа. Иймэрхүү тэмцээн байгуулахад их хөрөнгө мөнгө гардаг шүү дээ. Наад зах нь хэвлэл, сурталчилгаагаас эхлээд их мөнгө гарна шүү дээ.

-Та нийгэм олон нийт рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа гэж ярьж байна л даа. Яваандаа Д.Дагвадорж аварга, жүжигчин Ундармаа нар шиг эмнэлэг, эсвэл сургууль ч юм уу томоохон бүтээн байгуулалт хийх байлгүй?

-Болохгүй нь юу байх вэ. Яваандаа боломж нөхцөл маань бүрдчихвэл тиймэрхүү сайн үйлс хийе гэсэн бодол байдаг л юм.

-Та бүхний зохион байгуулж байгаа бодибилдинг фитнессийн тэмцээн бусад тэмцээн уралдаанаас ялгарах давуу тал онцлог нь юу юм бэ?

-Энэ тэмцээнийг Night club-д хийж байгаагаараа онцлог юм. Night club-д хийх болсон учир нь өмнөх хэв маягийг эвдэж шинэ содон байдлаар үзэгчдэдээ үзүүлэх гэсэн дээ тэр л дээ. Өмнө нь бодибилдинг фитнессийн тайзан дээр хийдэг байсан болохоор үзэгчдэд ойроос энэ бүхнийг харах боломж байдаггүй байсан.

Тэгвэл бид энэ тэмцээнээрээ ойрын зайнаас тэрхүү тамирчдын нарийн сайхан булчингуудыг, хөгжимийн ая болон гэрлийн хэмнэлд тохируулан үзүүлэх болсноороо илүү энтертаймэнт тал руугаа чиглэсэн гэж ойлгож болно.

Улсын хэмжээний мундаг тамирчидтай шинээр энэ спортод хөл тавьж буй сонирхогч тамирчид цуг нэг тайзан дээр гарч, том тамирчдаасаа залуу тамирчид нь үлгэр дууриалал авах боломж бүрдэх юм.

-Энэ тэмцээнд сүүлийн үед манай улсын нэрийг гаргаж байгаа том тамирчид ирж оролцоно гэсэн. Ер нь хичнээн тамирчин оролцох вэ?

-Тэмцээн маань хэд хэдэн төрөлөөр зохион байгуулагдана. Улсын аварга болон тив дэлхийн тэмцээнээс медаль авсан тамирчид буюу 75 кг болон түүнээс дээш жингийн тамирчид, түүнчлэн сонирхогчдын төрөл гэж улсын аварга болон тив дэлхийгээс медаль аваагүй тамирчид бас оролцно.

Эмэгтэй тамирчдын англилал ч гэж нэг төрөл бий. Тэмцээнд одоогийн байдлаар 100 гаруй тамирчин оролцоно гэсэн тооцоо байна.

-Тэмцээний зарлал дээр чинь улсын аварга болон тив дэлхийгээс медаль авсан тамирчид болон медаль аваагүй тамирчидыг хооронд нь тусад нь өрсөлдүүлнэ гэсэн байна лээ. Гэхдээ улсын аваргад ороод медаль авч чадаагүй тамирчид медаль авсан тамирчдтай өрсөлдөх, эрмэлзэл байхыг үгүйсгэхгүй?

-Энэ тал дээр бол харьцангуй нээлттэй л дээ. Нэг хүн аль ч төрөлд нь оролцож болно. Манай улсад бодибилдингийн мэргэжлийн, сонирхогчдын гэсэн үндсэн хоёр холбоо байдаг. Манай холбоо гэхэд нээлттэй энэ хоёрын аль алинд нь хамрагддаг.

-Тэмцээний шагнал урамшуулал бас сонирхол татаж байна?

-Тэмцээний шагналын хувьд бодибилдингийн улсын аваргаар өгч заншсан шагналтай адилхан. Цом, мөнгөн шагнал өгнө. Мөнгөн шагнал нь ойролцоогоор түрүүлсэн нь нэг сая, хоёрдугаар байр 800 мянга, гуравдугаар байр 500 мянга гэсэн шагналтай.

-Та өөрөө бодибилдэнгээр хэр их хичээллэдэг вэ?

-Хичээллэнэ. Бүх зүйл нь бэлэн байгаа юм чинь хичээлэлгүй яахав. Манай клуб чинь сарын 200-300 мянган төгрөг төлж хичээллэх нөхцөлд бүрддэг юм. Жаахан үнэтэй л дээ. Гэхдээ эрүүл мэнд, бие бялдрынхаа төлөө хүмүүс энэ зэргийн мөнгө зарцуулахаас төвөгшөөхгүй гэж бодож байна.

-Хэдийгээр бодибилдинг фитнесийн төвүүд олноороо нээгдэж байгаа ч сүүлийн үөд ихэнх залуусын бие бялдрын хөгжил тааруу байна гэсэн яриа ч мэр сэр байдаг. Энэ тухай?

-Хүн булчинтай болсноороо мундаг боллоо гэсэн үг биш л дэз. Хүн гаднаа хичнээн хад чулуу шиг зангирсан сайхан булчинтай байлаа гээд дотроо сэтгэл нь зөв сайхан биш бол яах вэ. Би ингэж боддог юм.

Спорт гэдэг сэтгэлзүй, бие бялдар, хүмүүжил гурав нийлж байж цогцоороо бүрдэнэ шүү дээ. Тэр ч утгаараа сүүлийн үеийн бодибилдинг фитнессийн клубууд зөвхөн бие бялдар анхаарах биш, хүний сэтгэл зүй, хүмүүжил гээд оюун ухаан болон сэтгэхүй нь тал руу нь анхаарч ажиллах болсон байна.

-Таны хувьд хамгийн сайхан бие бялдар гэж яг юу вэ?

-Бие бялдрын тал дээр хүн бүрийн үзэл ойлголт өөр л дөө. Гол нь ямар булчингаа хөгжүүлэх вэ гэдэг асуудал байна л даа. Зарим нь нарийн ширхэгтэй хатуу булчинлаг биед дуртай байхад, зарим хүн тэсрэлттэй том зангирисан булчин сонирхдог.

Миний хувьд тулааны хүн болохоороо зангирсан том гэхээсээ илүүтэй удаан ажиллах чадвартай чанарлаг булчин дээр юм шиг санагддаг.

-Манай улсад бодибилдингийн спорт хэр хөгжиж байна. Давуу болон сул тал нь юу байна?

-Би бүхнийг өөдрөгөөр хардаг. Өнөөдөр Монгол зөвхөн бодибилдинг фитнессийн бүртгэлтэй клуб, төвүүд гэхэд 300 гаруй байна. Саяхан Нурлан маань шавьтайгаа хамт дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль авч эх орныхоо нэрийг гаргалаа. Нэг үгээр хэлбэл, манай улсад бодибилдинг фитнессийн спорт эрчимтэй, хурдтай хөгжиж байна.

-Та бол тулааны спортоор тив дэлхийд нэрээ дуурсгасан мундаг тамирчин. Сүүлийн үед танд тэмцээн уралдаанд урьсан, халз тулаанд дуудсан санал хэр их ирж байна?

-Би бодибилдинг фитнессийн төв байгуулж, энэ чиглэлээр тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа ч тулааныхаа спортыг орхиогүй л байна даа. Гэхдээ яг одоо би тулалдахад бэлэн биш байна. Аливаа тэмцээнд наад зах нь нэг, хоёр сарын турш бэлтгэл хийж байж орох шаардлагатай байдаг юм.

-Спортоор хичээллэж буй нийт залуустаа хандажюу хэлмээр байна?

-Долоо хоногтоо хоёр, гуравхан цаг ч гэсэн өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайхан, бие бялдрын төлөө цаг зав гаргаж байгаарай гэж хэлмээр байна. Хүн ер нь эрүүл чийрэг бөгөөд ухаантай байж л амьдралаа авч явна шүү дээ. Өөрөө сул биетэй дээрээс нь дорой зан чанартай бол яаж амьдралаа авч явж чадах юм. Хүнийг жинхэнэ олон талаар нь хөгжүүлдэг зүйл чинь спорт шүү дээ.

-Цаашдаа танай клуб юу хийхээр төлөвлөж байна?

-Холбооныхоо нэр дээр эрүүл мэнд, бие бялдрын тухай сэтгүүл гаргана гэж бодож байна. Мөн сүүлийн үед зарим иргэдийн дунд таргалалт их байгаатай холбогдуулан таргалалтын эсрэг арга хэмжээ зохион байгуулах санаа байна. Түүнчлэн уламжлал ёсоор халз тулааныхаа тэмцээнүүдийг зохион байгуулна.
Нийслэл таймс
А.Батнасан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-07 08:27:51
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.96
    Мэдэгдсэн Хариулах