Газар өмчлөлийн хоёрдугаар ээлжийн ажил тун удахгүй эхэлнэ
Иргэдийн дунд нэлээд хүлээлт үүсгээд байгаа хоёрдугаар ээлжийн газар өмчлүүлэх ажил хэзээ эхлэх талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын ХМОНХ-ийн мэргэжилтэн Л.Баянбатаас тодрууллаа.

-Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх I шатны ажил хэр амжилттай хэрэгжив?

-НИТХ-ын  2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харьяа­лагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд,  иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил 95 хувьтай хийгдэж дууссан.

-Хэчнээн иргэн албан ёсоор газар өмчлөх гэрчилгээгээ гардсан юм бэ?

-Нийтдээ таван дүүргийн таван байршилд цахим хэлбэрээр 15954 иргэнд газар өмчлүүлэх боломжтой гэсэн шийдвэр гарсан байсан. Үүнээс 13452 иргэнд албан ёсоор захирамж гараад өмчлөлийн гэрчилгээг нь өгсөн. Харин хүсэлт хүлээн авах хугацаанд сонгогдсон боловч харьяа газрын харилцааны албандаа өргөдлөө өгөөгүй 1468 иргэн байсан.

-Эдгээр иргэд дараагийн газар өмчлөлийн бүртгэлд хамрагдаж болох уу?

-Дараагийн ээлжийн газар өмчлүүлэх бүртгэлд эрх нь хүчингүй болсон эдгээр иргэд дахин хамрагдах эрх нь нээлттэй. Улмаар газар өмчлөхөөр сонгогдсон тохиол­долд заасан хугацаанд өргөдлөө л харьяа газрын харилцааны албандаа өгөх хэрэгтэй.

-Хоёрдугаар ээлжийн байршлын цахим бүртгэл хэзээ эхлэх гэж байна. Иргэдийн дунд багагүй хүлээлт байх шиг байна?

-Цахимаар газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн ажил нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эхэлнэ. Одоогоор хугацаа тодорхой болоогүй байна. Ерөнхийдөө бэлтгэл ажил нь бол бүрэн хангагдсан гэж хэлж болно.Тиймээс ажил тун удахгүй эхэлнэ. Захирамж гарсан тохиолдолд хугацааг албан ёсоор нийтэд мэдэгдэнэ. Бүртгэлийн ажил өмнөх ээлжийн сонгон шалгаруулалт хэрхэн явагдсан түүнтэй адил болно. Бүртгэл 14 хоногийн туршид явагдсаны дараа шалгаруулалтыг хийнэ. Шалга­руулах ажиллагаа цахим түүврийн аргаар буюу хүний оролцоогүйгээр явагддаг.

-Энэ удаа нийт хэдэн иргэнд газар өмчлүүлэх вэ?

-Энэ удаа таван дүүргийн таван байршилд газар өмч­лүүлнэ. Тодруулбал, Сонгино­хайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, их цуурайн ам, Баянзүрх дүүргийн Улиастай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булгийн хоёрдугаар хэсэг, Багахангай дүүргийн Хангайн хөндийн нэгдүгээр хэсэгт өмчлүүлнэ. Мөн өмнөх байршлуудаас сонгогдсон иргэд нь эрхээ баталгаажуулаагүйн улмаас үлдсэн гурван байршлын тодорхой тооны газрууд багтаж байгаа.

-Газар өмчлөх хүсэлтэй иргэдэд тавигддаг  шаард­лагын талаар тодруулаач?

-Хамгийн түрүүнд нийс­лэ­лийн иргэн байх ёстой. Ингэх­­дээ 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэ­лийн ир­­гэн болсон байх шаардлага­тай юм. Мөн тухайн иргэн өөрөө бо­лон хамтарсан хэлбэрээр өм­нө нь газар өмчилж байгаа­гүй байх ёстой. Гурав дахь шаардлага нь орон нутагт газар өмчилж байгаагүй буюу орон нутагт газар авах зорилгоор нийслэлээс “Нийслэлд газар өмчилж байгаагүй” гэсэн тодорхойлолт аваагүй байх хэ­рэгтэй.

Хэрвээ ийм тодор­хойлолт авч байсан бол газар өмчлөлийн бүртгэлийн программд нэвтрэх боломжгүй болно. Автоматаар бүртгэхгүй гэсэн үг. Уг лавлагаа авсан иргэд орон нутагт газар өмчилсөн байх магадлалтай учир тухайн иргэний мэдээллийг программдаа суулгаж байгаа. Дээр дурьдсан шалгуурыг хангаж байгаа иргэд өргөдлөө гаргах боломжтой юм.
 
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine