Цэвэр агаарт гарах "мода" дэлгэрчээ
Цэвэр агаар эм, чийрэг бие алт гэдэг. Орчин цагийн хүмүүс тэр дундаа хот суурин газрынхан хөдөөх салхи, цэвэр агаарт гарахыг эрмэлзэх болсон. Тэр ч утгаараа сүүлийн үед хотоос гарч, өвлийн сэнгэнэсэн агаараар амьсгалж, аялж, цана чаргаар гулгаж, харзны усанд орж байгаагаа гайхуулан зургаа фэйсбүүк хуудас дээрээ тавих нь олширч байгаа. Тэгвэл өчигдөр үүний нэг илрэл болох Гачуурт тосгоны Туул голын хэсгээр амралтынхаа өдрийг өнгөрөөж байгаа хэсэг хүмүүсийг зорьж очсон юм. Угаас Гачуурт тосгоны өвөл нь зунаасаа ч дутахгүй сайхан байдгийг эндээс харж болохоор байлаа.
 
Голын ойролцоох харзны усанд орж биеэ чийрэгжүүлж, дов толгодынх нь ойролцоо хүүхэд залуус чаргаар гулгаж байлаа. Эргэн тойрон нь цав цагаан цасанд дарагдаж, хэсэгхэн газар л алаг  цоог хөрс шороо дайралдаж байлаа. Туулын мөс толийтол хөлдсөн бөгөөд дээр нь шагайгаар наадаж, хоккей тоглосон ч болохоор харагдаж байсан юм. Тэр хавьд томчуудын дуу цангиналдаж, хүүхэд залуус хөл хөдөлгөөн болон шуугилдаж, хүн бүр л байгаль дэлхийтэйгээ жинхэнэ амьд харилцаа өрнүүлж байлаа. Туул голын дээхэн хэсэг Баянзүрх  уулын харалдаа сийрэгхэн ургасан саглагар моддын цаана харзны усанд орж байсан хүмүүс нүдэнд туслаа. Хөгшин, залуу, эр, эмгүй л харзны хүйтэн уснаас халширсан шинжгүй яг л зуны цагт байгаа юм шиг дотуур хувцастайгаа умбалдаж байх нь бахдал төрүүлж байв.
 
Зарим нь бүр эрүүл мэндэд сайн гэх үүднээс өөрөө ороод зогсохгүй, хүүхдээ хүртэл харзны усанд булхуулан норгож, байсан юм. Хүүхэд нь уйлж байсан ч “Миний хүү битгий уйлаа, удахгүй сайхан болно, гоё хүүхэд болно” гээд л хоёр гурван насны гэмээр балчир хүүхдийнхээ зөөлөн арьсыг нь харзны усаар толийтол чийрэгжүүлж байлаа. Цаг агаар тэдэнд зориулах мэт нар ээж, таатай дулаан байсан болохоор усанд ороод гарч ирсэн хүмүүсийн биеийг нар ээхэд биеэс нь уур савсаж байгаа нь хөндлөнгийн нүдээр харахад харзны ус нь өөрөө бүлээн дулаан юм болов уу гэж бодмоор. Тэнд усанд ороод гарч байгаа бүсгүйчүүд, залуучууд “Пөөх ямар гоё юм бэ”, “Сайхан байна шүү” гэх зэргээр уулга алдаж байсан нь хүмүүсийн эрүүл мэндэд сайн төдийгүй зугаацуулах цэнгүүлэх буюу нэгэн ёсны амралт, чөлөөт цаг нь болж байлаа.
 
Харзны усанд ороод гарч ирсэн Х.Тэгшжаргал хэмээх залуугаас яагаад харзны усанд орох болсон тухайг нь асуухад “Одоо цагт хүмүүс усан бассейнд орж, фитнесст явж биеэ чийрэгжүүлдэг болсон байна. Энэ нь ч зөв л дөө. Гэхдээ өвлийн цэнгэг агаарт гарч, харзны усанд орохтой зүйрлэх юм биш. Амьд байгаль гэдэг цаанаа өөр шүү. Харзны ус эрүүл мэндэд сайн төдийгүй, биед сайхан амралт тайвшралыг өгдөг юм. Байгалийн энэ бэлэн сайхан газар чинь хүнээс мөнгө төлбөр авахгүй гээд л давуу тал олон” хэмээн магтаж байв. Биднийг ийнхүү ярилцаж байтал хажуухан талд харзанд орох гээд зогсож байсан хоёр залуу нөгөөдөхөө шууд орохыг ятгаж байна. “Зүгээрээ эхэндээ хүйтэн юм шиг байснаа яг ороод л жаахан байхаар бүлээхэн ч юм шиг гоё мэдрэмж төрүүлдэг юм” гэхэд өнөөх нь үгийг нь дагаж харз руу умбах аж. Харзны усанд орж байсан зарим хүмүүсийн ярьснаар харзны ус нь хүний биеийн энергийг тэнцвэржүүлж, цусны эргэлтийг сайжруулж, бие мах бодийг хасах ионоор цэнэглэж, бие эрхтэн дэх аливаа нян бактерийг устгадаг аж.
 
Түүнчлэн таван цул эрхтэний үйл ажиллагаа, астам, багтраа, ханиад томуу гээд ер нь бүхий л зүйлд сайн байдаг гэнэ. Харзанд орж байсан хүмүүсээс ойролцоогоор 100 гаруй метрийн зайд орших дов толгодын дагуу хэд хэдэн хүүхэд болон ганц хоёр залуу хос чаргаар гулгаж байв. Гачууртын зүүн дэнжийн энэ уулархаг газар хүмүүсийг зориуд чаргаар гулгуулах гэсэн мэт цас их оржээ. Зарим хэсэг нь чаргаар гулгасаар байгаад дагтаршсан урт замууд болсон байна. Нэг хэсэг хүүхдүүд дангаараа гулгаж байсан бол залуу хосууд чарган дээрээ давхралдаж суугаад л гулгах аж. Хүүхдүүд чарган дээрээ суугаад цас савируулан урамтай гэгч жирийгээд голынхоо наах нь хэсэгт очоод л зогсож байна. Өнөөх хүүхдүүд доошоо буучихаад шантрахгүй чаргаа чирсээр дахиад л дээш өгсөх аж. Харин давхралдан суугаад гулгаж байсан залуу хос овоо эрчтэй явсанаа замаасаа хадууран өөр тийшээ ташуу шугамдан хурдалтал эмэгтэй нь “Хайраа хаашаа яваад байгаа юм бэ" гээд инээх аж. Тэднийг харж байсан хүүхдүүд “Энэ хоёр нээрээ хөгжилтэй юмаа” гээд шоолж инээлдэж байв. Тэнд гулгаж байсан залуу хосууд хагас бүтэн сайн өдөр бүхэн ирдэг гэнэ. Тэдний ярьж байгаагаар “Байнгын хөдөлгөөнгүй ажилтай байдаг бидэнд яг тохирсон газар байгаа юм. Долоо хоногтоо нэг хоёр удаа ирээд гулгасан шигээ, цэвэр агаарт уул өөдөө өгсөж явах сайхан байдаг” гэж байна лээ.
 
Ийнхүү Гачуурт тосгоны туул голын энэ хэсэгт том жижиггүй, хүүхэд хөгшидгүй гэр бүл найз нөхдөөрөө амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар болжээ. Байгаль эхийнхээ энгэрт хүн ёсоор хөгжилдөн наадаж, биеэ чийрэгжүүлж, сэтгэлээ санаагаа цэнгэг агаар байгалийн эрчим хүчээр цэнэглэж байсан тэдгээр хүмүүс олон хүнд үлгэр дууриал болох мэт харагдаж байсан юм. Үнэхээр ч ойр дотны хүмүүстэйгээ цэвэр агаарт гарах “мода” дэлгэрчээ гэж харж болохоор байлаа.
 
Нийслэл таймс
А.Батнасан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ээ чааваас 2015-01-06 23:46:11
    тэнэг минь мода биш харин ч хүн байгалиа харлаж, туул голоо хайрлахад улам дөхөм болж байгаа юм биш үү
    203.91.118.178
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-06 07:35:58
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.113
    Мэдэгдсэн Хариулах