Бразилийн олимпоос монголчууд хэдэн медаль авах бол
Шинэ он гарлаа. Энэ үед спортынхны санаа бодлыг ажвал олоон хүний сэтгэл дундуурхан байх юм. Монголчуудынхаа спортын түүхэн амжилтыг эргэн харвал хэн бүхний сэтгэл дүүрэн байхаар шүү дээ. Олимпийн ихэр аваргатай болсон бахархал бий. Лондонгийн  олимпоос ч гэсэн дээ. Аварга болж чадаагүй ч таван медаль авсан гэдэг урьд өмнө гаргаагүй амжилт байсан. Жүдо, чөлөөтийнхөн дэлхийн шилдэг багийн тоонд багтдаг боллоо. Бусад төрөлд ч гэсэн дээ дэлхий, тивийн аваргууд төрлөө. Азийн наадамд гайхалтай сайхан оролцож олон төрөлд аваргатай болов. Чамлахаар юм биш. Гэтэл яагаад энэ салбарынхан толгой гудгар алхдагсан билээ гэвэл спортод чиглэсэн төр, засгийн бодлого дутмагийнх юм.
 
Спортынхон салхи буруу байна гэж ярьж байна. Энэ нь өнөөгийн төр, засаг бодлого нь буруу байна гэж хэлж байгаа хэрэг. Хамгийн гол нь УИХ- аар 2015 оны төсвийг батлахдаа спортын салбарын хөрөнгө оруулалтыг тэглэсэн явдал энэ салбарынхныг ундууцахад хүргэжээ. Тодруулбал спортын анагаах ухааны албаны шинэ тоног төхөөрөмж болон засвар үйлчилгээний мөнгийг огтоос хасчихсан байгаа. Энэ нь олимпийн мөчлөг хаяанд тулсан цагт хамгийн хорлонтой юм.
 
Улс орны эдийн засаг хүндхэн байгаа гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа ч хууль батлагчид улстөржихөөс өөрийг тун бага анхаарч байна. Үнэндээ улстөрчдөд 2016 онд  олимп болно гэж санаа зовсон хүн ховор. Харин сонгууль гэсэн ганцхан бодол толгойд нь багтаж ядаж одооноос л яаж популизм хийж сонгогчдын толгойг эргүүлхэв гэдгээ л эрхэмд үзэж байгаа биз.
 
Спортыг аливаад хавсарга маягаар авч үздэгийн жишээ яамнаас яам руу бөмбөг шиг дамжуулж байгаа явдал. Нөгөө талаар энэ он олимпийн өмнөх жил гэхийн оронд Олимпийн хороо зэрэг зарим байгууллагын дарга, захирлын суудлын төлөө улайн цайм тэмцэл  өрнүүлж хийрхэж байх юм. Энэ байдал амжилт авчрах уу даа. Мэдэхгүй. Хэдийгээр эдийн засаг хямарч байгаа нь үнэн ч гэлээ түүний хорыг спортынхон амсах учиртай гэж үү. 2016 оны олимп Бразильд болох нь тамирчдаас урьдынхаас шал өөр бэлтгэл, бие махбодийн илүү чадвар шаардана. Бөмбөрцгийн нөгөө талд, тэс өөр орчин, уур амьсгалын онцлог газарт болно. Өнгөрсөн зун тэнд болсон дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд ялагдашгүй гэж байсан баг, тамирчид яагаад талбайг
амархан орхисныг бодоод үз. Бас 2000 онд Сиднейн олимпод манайхан ямархуу оролцлоо гэвэл ганц ч медальгүй ирж байсан. Энэ мэтийг санах чухал үе ирлээ. Спортыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлнэ гэдэг үгийг хэлдэг нь олон байдаг ч хэрэгжүүлсэн нь бага байна. Спортын бэлтгэлийн төвийн эрдэм шинжилгээний алба ганц ч тоног төхөөрөмжгүй өдий хүрлээ. Тэгэхэд бусад орны тамирчид шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэлдээ дасчихсан байх юм.
 
Иймээс Рио-де-Жанейрогийн олимпоос медаль авна гэж хэлэхэд бэрх санагдаж байгаа юм. Жүдогийнхны жишээг авч үз л дээ. Жүдочид зөвхөн 2014 онд гадаад, дотоодын тэмцээнээс нийт 203 медаль авсан байна. Азийн наадамд сайн оролцлоо. Мөн залуучуудын шигшээ баг ДАШТ-ээс анх удаа дөрвөн медаль авлаа. Дэлхийн аварга төрөв. Хамгийн сүүлд Ази тивийн өсвөр, залуучуудын АШТ-д онцгой сайн оролцож багаараа Солонгос, Японы дараа гуравт оров. Энэ тухайд МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатын яриаг сонирхвол:
 
-Бид 2016 оны олимпод бүтэн багаараа оролцох зорилго тавьсан. Манай тамирчдын хэн нь ч олимпийн аварга болох, медальд хүрэх хэмжээнд бэлтгэгдсэн учир наад зах нь 4-5 медаль авахыг зорьж байгаа. Өнгөрсөн жил зардлын дутмагаас болж зарим тамирчид тэмцээнд явж чадаагүй учир бий. Тэгвэл энэ онд яаж ийгээд тэмцээн бүхэнд оролцохоос өөр аргагүй. Гэхдээ тэмцээнүүдэд аль болох олон тамирчин оролцуулах нь чухал. Монголын жүдочид хөгжлөөрөө Франц, Япон, Оросын хэмжээнд очихыг зорьж байна. Хөрөнгө, санхүүжилтээр хоцорч байгаа ч гэсэн амжилт тэдний хэмжээнд оччихоод байгаа гэж хэлж болно. Бид багаараа дэлхийн аварга болох нь ойрын том зорилт гэлээ.
 
Энд нэгийг хэлэхэд Жүдо бөхийн холбоо өнөөг хүртэл хөрөнгө мөнгөний гачигдлын тухай бараг ярьж байгаагүй нь холбооны удирдлага тэр дотор ерөнхийлөгч Х.Баттулгын төр, засгийн бодлогын цоорхойг нөхөж ирсэнтэй холбоотой юм. Жүдочид манай ерөнхийлөгч мөнгө байхгүй бол мөнгөөр, эмчгүй бол эмчээр ер нь бүхий л туслалцааг үзүүлдэг гэж магтдаг юм билээ. Энэ нь манай улсад спортын талаарх төр, засгийн бодлого алдагснаас болж холбоонд, бас нэг хүний нуруун дээр их ачаалал ирж байгааг хэлж байгаа хэрэг л дээ. Тэгвэл  бусад спорт холбоодод Х.Баттулга шиг сэтгэлээрээ ханддаг ерөнхийлөгч бий билүү гэсэн бодол төрж байдаг нь нууц биш.
 
Жүдогийнхны хэлж байгаагаас үзвэл ерөнхийлөгчийнхөө нөмөр нөөлөгт итгэж л бид 4-5 медаль авах зорилготой гэж хэлж чадаж байгаа бололтой юм даа. Эднийхээс бусад холбооныхон, тамирчид ямар зорилттойгоо хэлсэн нь сонсогдоогүй ээ. Бодоход яадаг бол гэсэн эргэлзээтэй байгаа байх. Төр, засгийнханд нэг буруу ойлголт байдаг юм шиг. Хэн нэг нь дэлхийн, тивийн аварга болоод ирж байна. Шинэ шинэ рекорд тогтоож байна. Тэдэнд гавьяат цол олгож, цөөн одон медаль өгч байгаагаа спортод төр, засаг анхаарч байгаа нь тэр гэж. Тэгвэл монгол хүн байгалиас өгөгдсөн гоц чадвар, авьяасынхаа хүчээр л амжилт гаргаж байгаа юм. Түүн дээр нь шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэлээр хангаад өгвөл ямар ч өндөр амжилтад хүрэх боломж харагддаг. Монгол хүн байгалийнхаа шалгарлаар бусадтай эгнэшгүйг эрдэмтэд хэлдэг л дээ. Тиймээс Монголын охид, хөвгүүд дэлхийг шуугиулаад байгаа юм. Улстөрчид өө! 2016 он олимпийн жил гэдгийг бүү март.
 
Зууны мэдээ
Д.Надмид
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2015-01-07 08:04:32
    yag unen
    218.49.88.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Аагий 2015-01-06 13:24:38
    Х.Баттулгыг Монголын Олимпын Хорооны даргаар сонговол таарна. Бас Монголын бөхийн холбоог давхар удирдуулбал юм хийнэ дээ.
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-01-06 11:23:17
    Тэмцээнд олон оролцуулах нь л чухал. Хямралтай болохоор тэр САУ-ны тоног моног ч яахав. Өмнө нь байхгүй байхад ч олимпийн аваргатай болж байв. Хамгийн гол нь тэ...
    182.160.32.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Равдан 2015-01-06 05:30:27
    10
    112.72.13.71
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-06 04:21:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.113
    Мэдэгдсэн Хариулах