Хэмнэлтийн шинэ жил байж чадсан болов уу
Шинэ он гарахад ердөө ганцхан өдөр дутуу байна. Албан байгууллагууд шинэ жилийн баярын арга хэмжээгээ бараг хийгээд дуусаж байна. Энэ жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал тун хүнд байгаа учраас хаа сайгүй шинэ жилийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
 
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Төрийн болон төсвийн байгууллагуудад 2014-2015 оны шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаар хэлэлцсэн. Энэ хурлаар шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгөөр архи, согтууруулах ундаа, бэлэг худалдан авах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, урлагийн тоглолт зохион байгуулахаас татгалзах, Төсвийн хөрөнгө болон байгууллагын мөнгөөр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж хамтран ажилладаг байгууллагуудад илгээх, бэлэг дурсгалын зүйл худалдан авч бэлэглэхээс татгалзаж, цахим хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.
 
Гэтэл энэ үүрэг даалгавар ёс төдий болж байна. Үнэндээ төсвийн байгууллагуудын шинэ жил нэлээн тансаг болж байна. Тухайлбал төсвийн байгууллагын ажилчид халааснаасаа шинэ жилийн арга хэмжээний зардлаа гаргах ёстой байтал харин ч эсрэгээрээ шинэ жилийн арга хэмжээний зардлыг төсвөөс гаргаж байгаа  байдал зарим газарт ажиглагдаж  байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг нэрлэж болно. Гэхдээ тэднээс хариулт сонсвол төсвөөс шинэ жилийн баярын арга хэмжээний зардлыг гаргаагүй гэсэн тайлбарыг өгөх байх. Албан хаагчид шинэ жилийн баярын зардлаа хувиасаа гаргаагүй гэж бодохоор хаанаас гаргасан болж таарах уу.
 
Уг нь нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Шинэ жил гэдэг бол гэр бүл, найз нөхдийн хүрээний баяр учраас төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхийг сайшаахгүй” байгаагаа мэдэгдэж байсан удаатай. Гэвч Нийслэлийн Засаг даргын тамгын газар шинэ жилийн баярын арга хэмжээгээ сүртэй гэгч нь тэмдэглэсэн.
 
Түүнчлэн дүүрэг, хороодын ажилчид шинэ жилийн баярын арга хэмжээний тал зардлыг хувиасаа гаргаж байгаа хэдий ч тэдэнд үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин гээд нэмэлт мөнгөн урамшууллыг их авчээ. Саяхан л татварынхны урамшууллын хэл ам тасраагүй байхад бусад төрийн байгууллагынхан доод тал нь 300 төгрөгөөс дээш мөнгөн урамшуулал авчээ.  Эдийн засгаа хүндрэлээс аварч, үргүй зардал гаргахгүй байгаагийн илрэл ийм байж болох уу.
 
Төрийн байгууллагынхан шинэ жилийн баярын арга хэмжээндээ өндөр үнэтэй урлагийнхныг хөлсөлж тоглолт хийлгэхгүй, янз бүрийн цаасан мэндчилгээ тараахгүй гэж байгаа хэдий ч энэ байдал арилахгүй байна. Аль ч төсвийн байгууллагын шинэ жилд очиход өндөр үнэтэй урлагийн тоглолтууд явж л байгаа. Тэгээд бас ажилчдаа гадаадад аялах эрхийн бичиг, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас, notebook зэргээр шагнана. Тухайлбал, нийслэлийн боловсролын газрынхан гэхэд  гадаадад аялуулах эрхийн бичгээр албан хаагчаа шагнасанг сошиал ертөнцөөр гайхуулаастай. Ийм л байдаг болохоор төрийн байгууллага цалин багатай гэдэг атлаа төрд орох гэж зүтгэгсэд олон байдгийн илрэл биз ээ.
 
Төрийн нэг байгууллага шинэ жилийнхээ баярыг гурван цаг тэмдэглэхэд 80-150 сая төгрөгийн тооцоо гардаг гэсэн судалгаа байдаг. Үнэндээ төрийн албан хаагчид, том компаниудаас өөр ийм их төсвөөр шинэ жил тэмдэглэдэг албан байгууллага байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу.
 
УИХ-ын гишүүд шинэ  жилийн баярын цэнгүүндээ орохын тулд  нэг гишүүн 150 мянган төгрөгийн такс авсан гэнэ. Энэ мөнгө бол тэдэнд нэг их асуудал биш. Энэ байдалд дургүйцсэн олон хүн сэтгэгдлээ бичсэн байдаг. Гишүүд янз бүрийн шинэ жилийн арга хэмжээнд тогтмол уригдаж орж байгаа хэрнээ эдийн засгийн хүнд ийм жилд ганц удаа шинэ жил тэмдэглэхгүй өнгөрч болоогүй юм байх даа. Харин тэр мөнгөө хүүхдүүдэд зарцуулсан бол гоё харагдах байлаа гэх сэтгэгдэл олон бичсэн байсан.
 
Харин нийгмийн даатгалын Ерөнхий газрын баярын такс 200 мянган төгрөг байсан гэнэ. Төрийн албан хаагчдын цалин бага л гэдэг. Энэ мөнгө хаанаас яаж гараад байгаа нь тодорхойгүй. Өнөөх олон урамшуулал нэрээр шинэ жилийн баярын арга хэмжээний мөнгөө олон байх магадлал өндөр. Сэтгүүлч хүн хардах эрхтэй. Төрийн байгууллагынхны шинэ жилд хардах үндэслэл их байна. Үнэхээр энэ жил хэмнэлтийн шинэ жил болж чадсан болов уу.
 
Нэгэнт төрийнхөн ард түмний татварын мөнгөөр цалинждаг. Тиймээс шинэ жилийнхээ арга хэмжээнд татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, баяр цэнгээнийг архидалт болгон хавтгайруулдаг зохисгүй явдал гараагүйг баталгаажуулж,  хэчнээн төгрөг зарцуулсан талаараа ард түмэндээ тайлагнах хэрэгтэй байна. Ард түмэн чинь шаардаж байна.

Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-12-30 15:51:21
    тор засгийн нохдууд торийн албан хаагчид ард тумний татварын монгоор тоглоод хэвшил болчихсон ичих нуургуй монополтнууд
    85.26.231.62
    Мэдэгдсэн Хариулах