Харилцан ашигтай, хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлнэ
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо эхэллээ.  Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд тун чухал үүрэгтэй энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна.

Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгаль орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилготой энэхүү уулзалтад 40 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож байна.

Үүнээс 11 орны төр засгийн тэргүүн, олон улсын найман байгууллагын удирдлага зэрэг Азид төдийгүй дэлхийд голлох үүрэг гүйцэтгэж буй томоохон улс орнуудын төлөөлөгчид, улс төрийн лидерүүд хүрэлцэн иржээ. Үүнд, Монгол, Турк, Пакистан, Афганистан, Азербайджан, БНХАУ, Иран, Казакстан, Киргизстан, ОХУ, Узбекистан, Шри-Ланка зэрэг орны Ерөнхийлөгч, Камбодж, Ирак, Тажикистаны Ерөнхий сайд нар оролцож байгаа аж. Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт нь “Энх тайван,тогтвортой, хамтын ажиллагааны Шинэ Азийн төлөө яриа хэлэлцээ, итгэлцэл, харилцан уялдааг нэмэгдүүлэх” гэсэн сэдвийн дор болж байгаа бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин хурлыг даргалж байгаа юм.

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн байна. Тэрбээр Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт гэдгийг онцолсон байна.  Өндөр дээд хэмжээний уулзалтын өмнөх өдрүүдэд анхаарал татсан уулзалтууд болсон билээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын даргатай тусгайлан уулзалт хийсэн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй энэ сарын 19-нд  Шанхай хотноо уулзсан билээ. Уулзалтаар хөрш хоёр орны улстөр, эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд тодорхой асуудлуудыг хөндөн ярилцсан байна. 

Мөн хоёр орны Ерөнхийлөгч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын ашиглалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны талаар онцлон ярилцсан байна. Энэ өдрийн дараа манай улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзжээ.

Уулзал­таар Орос Монгол хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хамтарсан компаниудын үр ашгийг сайжруулах талаар санал солилцжээ. Гол анхаарал татсан асуудал болсон төмөр замын хамтын ажиллагаа,  ялангуяа  Монголоор дамжин өнгөрч буй төмөр замын тээврийг  өсөн нэмэгдэж буй Орос, Хятадын худалдааны дамжин өнгөрөх тээврийн гол шугам болгоход хамтарч ажиллах саналыг хоёр тал ярилцжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тө­мөр замын транзит тээвэр, Халхын голын ялал­тын ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих ви­зийн хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй бай­гаагаа мөн илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Монгол Улс бол БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Газар зүйн ийм байршилтайн хувьд Монголоор дайран өнгөрөх төмөр замын тээвэр онцгой ач холбогдолтой.

Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувилбараар төмөр замын тээврийг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан төмөр замын транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал” гэдгийг онцолжээ.

Мөн  төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн бол ОХУ-ын  тал дээрх асуудлаар  хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урьсан байна. Тиймээс хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар яригдсан асуудлуудыг  Монгол Улсын Ерөнхий сайдын  Санкт-Петербургт хийх  уулзалтаар үргэлжлүүлэн ярилцахаар болжээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine