Хөшигтийн хөндийд хүргэх хурдны замаас сураг тасарлаа

-Хөшигтийн хөндийн нисэх буудлын тууз хайчлах өдөр ойртсоор, гэвч тэнд хүрч очих зам нь алга-

Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн нисэх онгоцны буудалтай болох цаг ойртсоор байна. Гурван сая орчим зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай, зургаан хүзүүвчтэй орчин үеийн бүхий л шийдлийг цогцлоосон нисэх буудал 2017 онд ашиглалтад орох юм.

Үүнийг бид “Хөшигтийн хөндийн нисэх буудал” гэж одоогоор нэрлэж байгаа ч ашиглалтад орох үеэр өөр “сүртэй” нэр өгөх нь ойлгомжтой биз. 50 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр босч буй нисэх буудлын ажил 30 гаруй хувьтай яваа гэж гүйцэтгэгч компаниуд мэдэгдсэн байна.

Олон жил ярьсан хэлэлцээр үр дүнгээ өгч Япон улс 50 тэрбум иенийн /анх 28 тэрбум иен байсан/ хөнгөлөлттэй зээлээр нисэх буудал барьж өгч байна. Энэ мөнгийг 0.2 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, эхний арван жилд үндсэн зээлээс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Тиймээс ч ажлыг яаравчлах шаардлага тулгарч байгаа.

Японы “Мицубиши Чиёода” компанийн нэгдэл, Солонгосын “Самсунг” корпорацитай хамтран барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бол Монголын талаас зөвхөн туслан гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” шалгаран ажиллаж байгаа юм.

Гүйцэтгэгчид ажлын явцыг 30 хувьтай гэдгийг мэдэгдлээ. Энэ нь төлөвлөсөн хугацаанд нисэх буудлыг барьж ашиглалтад оруулах итгэл өгч байгаа юм.

Гэвч олон улсын стандарт шаардлагад нийцсэн нисэх буудал руугаа очих хатуу хучилттай хурдны зам хэзээ тавигдаж эхлэх нь тодорхойгүй асуудалтай тулгарчихлаа. Гадны компаниуд өөрт ноогдсон ажлаа өндөр түвшинд гүйцэтгэж байна. Ер нь ч Япончуудын хийсэн ажилд алдаа дутагдал гаргах нь ч бага байдаг. Гэтэл туслан гүйцэтгэгчийн үүрэг болсон 33.5 км хатуу хучилттай хурдны зам хэзээ баригдаж эхлэх нь тодорхойгүйгээр сураг тасарчихлаа.

Бид одоохондоо Хөшигтийн хөндий рүү шороон замаар хүрч очиж байна. 2017 оны эхний улиралд Хөшигтийн хөндийн нисэх буудал ашиглалтад орох үеэр нисэхийн товчооноос эхлэн олон эгнээ бүхий 33.5 км хурдны замаар зорчино гэсэн зураг төсөв гараад байсан. Зураг төслийн дагуу Монголчуудын гүйцэтгэх ёстой томоохон ажлуудын нэг нь хатуу хучилттай хурдны зам байсан юм. Гэтэл хүний урамд сайжруулсан зам ч алга байна.

Монголчуудыг цагийг нь тулгаж ажлаа эхлүүлдэг муу зантай. Гэвч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нисэх буудлын ажлаа хойш нь татмааргүй л байна. Ирэх оны төсөв Хөшигийн нисэх буудал хүртэлх 33.5 км хатуу хучилттай хурдны замыг барих мөнгө нь суусангүй. Мөн ямар компани хэзээ ажлаа эхлүүлэх гээд байгаа нь тодорхой бус байсаар байна.

Уг нь Нисэхийн товчооноос Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг  концессын гэрээгээр бариулахаар Засгийн газар/өмнөх/ шийдэж, Эдийн засгийн хөгжлийн яаманд уг асуудлыг хариуцуулсан байдаг. Хурдны замын нийт өртөг 110 сая ам.доллар гэж тооцсон. Гэхдээ энэ мөнгө манайд байхгүй учраас концессийн гэрээгээр бариулахаас аргагүйд хүрсэн юм.

Гэтэл концесс авах компани олдохгүй байсаар ЭЗХЯ нь татан буугдаж, замын ажил хариуцах эзэнгүй хаягдчих шиг боллоо. Мөн энэ асуудлаар тодруулахыг хүссэн ч тодорхой хариулт өгөх эзэн өнөөдөртөө лав олдохгүй нь бололтой.

Харин Зам тээврийн яамны мэргэжилтэн “Засаг төрийн асуудал цэгцэндээ орж, мөнгө олно. Үүний дараагаас буюу 2015 оны эхнээс хурдны зам тавих асуудал яригдах байх. Одоогоор мөнгө нь хаанаас босох, хэнд хариуцуулах, хэзээ ажлаа эхлүүлэх гээд олон асуудал тодорхойгүй байна” гэсэн тайлбарыг өглөө.

Манайхныг хэзээ яаж замаа тавих вэ гэж хэлэлцэж суусаар байтал нисэх буудлын ашиглалтад орох хугацаа нь болчих вий дээ гэж эмээж байна.

Одоогоор зураг төслөө ч гүйцэт гаргаж амжаагүй байгаа замын ажил хугацаа алдалгүй л эхлээсэй билээ гэж залбирч суухаас. 33.5 км замыг хүч гаргаад барьвал хоёр жил хангалттай хугацаа. Гэвч мөнгө олно, тендер зарлана, дундуур нь “халааслах” ажиллагаа явагдана гэсээр байтал хугацаа алдаж мэднэ. Тэгээд явж явж хагас жилийн насгүй хачин юм хийчихээд Монголын эрс тэс уур амьсгалыг буруутгаад сууж байх вий.  
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • х 2016-10-14 01:38:05
    Хөшигтийн хөндий биш ХӨШИГИЙН ХӨНДИЙ
    122.201.27.245
    Мэдэгдсэн Хариулах
  • lol 2014-12-26 06:15:53
    Er ni bol ihenhi gazryn ongotsny buudal ugaasaa hol baidag, er ni ongotsny buudlaasaa hot orhod 30-100$ taxind tuldug... barag baihgui bish bugd l iim
    103.229.177.46
    Мэдэгдсэн Хариулах
  • S 2014-12-26 01:34:28
    Solongos ch gesen seoul--s incheon niseh ongotsnii buudal hurtel 48.8 km. Zarim neg humuust handaj helehed shine ongotsnii buudaltaigaa blj bgada bayrla!!!
    39.7.18.41
    Мэдэгдсэн Хариулах
  • fgfg 2014-12-26 01:03:47
    Анхнаасаа хэрэггүй шахам онгоцны буудлыг шахаагаар А авч хийсэн байх өө. Улаанбаатараас 50км хол зайтай? Тийм хол онгоцны буудалтай нийслэл бараг байхгүй.
    202.170.65.137
    Мэдэгдсэн Хариулах
    • й 2016-10-14 01:39:44
      Нисэхээс 30 км зайтай шинэ хурдны замаа тавьчихвал бүүр ойрхон болно
      122.201.27.245
      Мэдэгдсэн Хариулах