Хөгжлийн банк бонд гаргах эрхгүй, гэвч ...

Монгол Улсын төсөв 2014 оны эцэст 320 тэрбум төгрөгийн алдагдалтай байх тооцоог Сангийн яамнаас гаргасан. Тиймээс Засгийн газраас 320 тэрбум төгрөгийн бонд дотоодын зах зээлд гаргах тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм.

Ерөнхий дөө улсын төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр хасаж тодотгох, алдагдлыг 320 тэрбум төгрөгийн зээлээр нөхөх шаардлага УИХ-ын гишүүдийн өмнө тулгараад байгаа юм.

Тэгвэл бонд гаргах буюу дахин өр тавих асуудал дээр дөрөөлөөд сөрөг утгатай мэдээ, мэдээллүүд ихээр гарах боллоо. Тодруулбал, Ч.Сайханбилэгийг “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох үедээ өр зээл тавихгүй, бонд гаргахгүй гэж ярьж байснаа, долоо ч хоноогүй Засгийн газрын бонд нэртэй зүйл оруулж ирлээ” хэмээн УИХ-ын зарим гишүүд шүүмжилсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Сангийн сайдад хандаж “МАН өрийн хэмжээг нэмэхийг буруутгаж байсан хэрнээ зээлийн хэмжээг өсгөх санал оруулж ирлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хязгаар давчихна биз дээ. Бид хуулиа зөрчиж болж байгаа юм уу” гэсэн асуултыг тавьсан. Харин Сангийн сайд энэ асуултанд “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөрийн 115 сая ам.долларын өр, Хүний хөгжил сан хөрөнгөжүүлэхээр гаргасан бондын өр зэргийг төлөх ёстой. Нэг газраас авсан зээлийг нөгөөгөөс мөнгө зээлж төлөх учраас өрийн хэмжээ өсөхгүй. Засгийн газрын өр 11 их наяд төгрөг хэвээр байгаа” гэж хариулсан юм.

Сангийн сайдын тайлбарлаж байгаагаар одоо гаргаж буй 320 тэрбум төгрөгийн бонд нь ердөө өр төлөх зориулалттай гэдэг нь ойлгогдож байна. Гэтэл Монгол Улсын өрийн хэмжээ хуульд зааснаас хэтэрчихээд байгаа юм. Тиймээс л энэ Засгийн газар бонд гаргах эрхгүй болоод байсан билээ.
Гэвч нөгөө талаас Засгийн газрын гаргасан бондыг худалдан авах хүсэлтэй ААН-үүд ховор байгаа бололтой юм. Энэ талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Бонд борлуулах ажил төвөгтэй байна. Худалдаж авах байгууллагууд цөөн байгаа. Хэд хэдэн байгууллага байгаа ч эдийн засаг хүнд байгаа учир өндөр хүүтэй л мөнгө олдох төлөвтэй байна” гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл арилжааны банкууд эрсдэлтэй алхам хийж Засгийн газрын 320 тэрбум төгрөгийн бондыг авахгүй. Тиймээс Хөгжлийн банкинд тулган шаардалт хийж дээрх мөнгийг гаргуулахаар болж байгаа тухай эх сурвалжууд ярьж байна.

Гэтэл Хөгжлийн банкинд ийм чадамж бий билүү. УИХ-ын дарга З.Энхболд “Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан байна. Тийм эрх байхгүй. Зүй зохистой гэдэг бонд ав гэсэн үг биш. Чи өөрийгөө банк удирдаж байгаа гэж бодсон юм уу. Танай байгууллага банк биш учир чамд тийм эрх байхгүй. Юугаа ч ойлгоогүй нөхөр явж байна” хэмээн УИХ-ын чуулганы үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг хатуухан шүүмжлээд авсан удаатай.

Тэгсэн олонхоороо бонд авах зөвшөөрлийг Хөгжлийн банкинд олгож байх шиг байна. Ганц нэг гишүүн “ингэж болохгүй, хууль зөрчсөн үйлдэл” хэмээн эсэргүүцсэн ч амжилт олсонгүй. Улс мөнгөгүй болсондоо аргагүйдэж Хөгжлийн банкаа сэгсрээд 320 тэрбумыг гаргалаа. Харин гарах үр дагавар нь ямар байхыг бид бүгд мэднэ.

Уг нь Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн хаврын чуулганд тус банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой. Гэтэл энэ хуулийг Засгийн газар хоёр жил дараалан дагаж мөрдсөнгүй. Мөн  2011 оны 02 сарын 10-ны өдөр УИХ-аар баталсан Монгол улсын хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж заажээ.

Үүнээс үзвэл Хөгжлийн банк нь бонд авч тэр мөнгөөр нь улс өрөө дарж болохгүй л гэсэн үг юм. Гэвч өнөөдөр үүнээс өөр аргагүй болчихсон бололтой. Тиймээс л “бонд гаргаж болохгүй” гээд орилоод байсан хүмүүс өнөөдөр амаа жимийгээд л толгой сэгсрээд л сууж байна. Харин энэ бүх өр зээлийг хэн дарах юм бол доо. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлснээр бидний үр хойч энэ өр зээлийг аяндаа дараад дуусах л байх даа.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hyamral bish ee Dampuural 2014-12-25 07:39:04
    Zarim humuus odoo bolj bui uil yavtsiig hyamral bish geed yarihaar ni margaldmaar bdag bsan chin neeree l hyamral bish yum bn aa ene chin. Harin Dampuural yumbn...
    27.123.214.123
    Мэдэгдсэн Хариулах