Гишүүд сайдын суудалд залрахаас ичих байлгүй дээ
ҮХАА-н сайд Х.Баттулга ч олны анхаарлыг өөртөө татаж, улстөрийн гол дүр болж хувираад байна. Тэрбээр Засгийн газрын гишүүдээс хамгийн түрүүнд, өөрийн хүсэлтээр “давхар дээл”-ээ тайлж, олны анхаарлыг татаж, улстөрийн “соёлтой” эр болохоо харуулсан.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дөрөв­дүгээр бүлгийн 21.2 зүйлд “Ерөнхий сайд, Засгийн газ­рын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнч­лэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.

Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байдаг.

Тиймээс дараагийн сайдад хэнийг тохоон томилохоо тохирч чадаагүй, заасан хугацаа нь ч болоогүй учраас одоохондоо Засгийн газрын тухай хуулийн 21.4, 23.1.5, 30.1-д заасныг тус тус үндэслэн ҮХАА-н сайдын үүргийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт хариуцуулаад байгаа юм.

Харин одоо АН-ынхан Х.Баттулга сайдын чулуудсан булууны ясыг булаалдах адил дотооддоо хэл амаа ололцож чадахгүй байгаа аж. Угаас хэд хэдэн фракциас бүрддэг ардчлагчдын хувьд нэг сай­дын суудлыг хувиарлаж авч чадахгүй болохоор дахиад Сангийн сайдыг унагаж байгаад оронд нь өөрийн буюу АН-ын гишүүнийг томилох тухай яриа гаргаад байгаа. Эхний удаа энэ суудалд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Нийгмийн хам­гаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү болон тус яамны дэд сайдуудын нэр дуулдаж байсан.

Харин сүүлийн үед УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын ги­шүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан нарын нэр нэлээд дээгүүр цойлох болсон. Гэвч энэ нь фракци хоорондын тэмцлээс хэтрээгүй төдийгүй УИХ-аар оруулахад хүчтэй эсэр­гүү­цэл­тэй тулгарах нь тодорхой.

Учир нь хэл ам татлаж, Засгийн газрыг бүхэлд нь унагах шахсан “давхар дээл”-ээ ганц хүн өөрийн хүсэлтээр тайлж байхад дараагийнх нь мөн л парламентаас сонгогдвол бусад намууд байтугай олон нийтэд ч АН-ын нэр хүнд навсайтлаа доошлох биз. Тиймээс УИХ-ын гишүүд нь эрхээ биш ичих нүүрээ бодож, улстөрийн соёлоо “гайхуулан” нэрээ татах байх хэмээн Төрийн ордноор шив­нэлдэх болсон.

Тэдний нэртэй хамт Ерөн­хий­лөгчийн зөвлөх Л.Эрхэм­баярын нэр нэлээд дээгүүрт дүүлэх болж, бас үгүй хамгийн “шанс”-тай нөхөр гэгдэж байна. Мэдээж түүнтэй эн зэрэгцэхүйц нэг хүн үлдсэн нь мөн л Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн. Юутай ч УИХ дахь АН-ын бүлгийнхэн даваа гарагийн хурлаараа энэ асуудлыг эцэс­лэн шийдвэрлээгүй бөгөөд “Ерөн¬хий сайд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ оруулж ирэх ёстой.

АН-ын журмаар бол нэр дэвшигчээ эхлээд Гүйцэтгэх зөвлөлөөр, дараа нь бүлгээрээ баталгаажуулна. Бид дотроо сайд нарыг сонгодог жур­маараа нэр дэвшигчийг дэм­жинэ” гэх тайлбарыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өгсөн. Эндээс харахад тэд энэ долоо хоногтоо ч ҮХАА-н дараагийн сайдын нэрийг тодорхойлж, тохиролцож амжихгүй болол­той. Учир нь өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар тус улсад болж буй олон улсын эдийн засгийн форумд оролцохоор айлчилна.

Энэхүү арга хэмжээ нь ирэх ням гарагт өндөрлөх бөгөөд Ерөнхий сайд ч тухайн өдөр ирэхээр товлосон байна. Тиймээс ирэх даваа гарагийг хүртэл АН дахь фракциуд “морьдоо сойсон” хэвээр байх бололтой.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nike 2014-05-22 07:47:46
    Бүгд л гахайнууд шүү дээ.
    82.145.217.238
    Мэдэгдсэн Хариулах