Хот татвараас 2.4 их наядыг олно

Тамгаа гардаад 50 хонох гэж буй Хотын шинэ удирдлагууд ирэх оны төсвөө НИТХ-д оруулж ирлээ.

Парламентаас нийслэлийн төсвийн суурь орлогыг 1.9 их наяд, зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр баталсан. Мөн 230.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг хуваарилна. Тэгвэл төсвийн төсөлтэй холбоотойгоор есөн дүүргийн 250 орчим иргэнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахад иргэдээс 637 санал иржээ. Эдгээр саналыг судлан төсвийн төсөлд тусгажээ.

 

ИРЭХ ОНД 983.8 ТЭРБУМЫН 214 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

 

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг үндсэн хэд хэдэн чиглэл, бодлогоор  боловсруулжээ. Ингэхдээ агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулж, шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлнэ.Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгаснаар нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Нийслэлийн ирэх оны төсөвт 2.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь 2023 оныхтой харьцуулахад 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ. Нийслэл хотын татвар одоо нэг хувь байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хоёр дахин нэмж, хоёр хувь болгохоор оруулж ирсэн байна.

Харин зарлагын 1.1 их наядыг урсгал зардалд, 964.8 тэрбумыг хөрөнгийн зардалд, 85.2 тэрбумыг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 7.5 тэрбумыг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт, 230.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Түүнчлэн дүүргүүдийн суурь зарлагыг хянаж, 2023 оны түвшнээс 45.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 247.8 тэрбум төгрөг байна гэж үзсэн байна. Мөн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуй нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний саналыг бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авсан байна. Ирүүлсэн саналыг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж 983.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 214 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан гэдгээ хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

 

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАЙРШЛААС ХАМААРЧ 0.6-1 ХУВИАР ТОГТООНО

 

Нийслэлд 52 хороог шинээр байгуулаад таван жил гаруй болж байгаа. Тэгвэл Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх тогтоолоор албан татварын хувь хэмжээг газрын үнэлгээний өмнө нь мөрдөж байсан таван бүстэй уялдуулан, үл хөдлөх хөрөнгийг байрлаж буй хороодоор нь ангилан 0.6, 0.8, нэг хувь гэсэн шатлалтайгаар ногдуулахаар баталсан. Энэхүү эрх зүйн актыг мөрдөн ажиллахад шинээр нэмэгдсэн 52 хорооны хувьд албан татварыг ногдуулахад хуулийн ойлгомжгүй нөхцөл байдал үүссэнийг төлөөлөгчид хөндлөө. Иймээс шинээр нэмэгдсэн хороодыг татвар ногдуулах байрлалаар нь бүсчлэн ангилж, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг байршлаас хамаарч 0.6-1 хувиар тогтоохоор тогтоолын төслийг боловсруулжээ.

Мөн аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буйг хэлж байв. Тодруулбал, хотын захын болон төвийн үл хөдлөх хөрөнгийн татвар адил хувь хэмжээтэй байсан. Энэ нь хотын төв рүү чиглэсэн төвлөрлийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулдаг. Тэгвэл тогтоолыг шинэчилснээр хотын төв болон захын үл хөдлөх хөрөнгийн татвар ялгаатай байхаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлэх нөхцөл бүрдэнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээг нэмэхгүй бөгөөд иргэдийн орон сууцнаас татвар авахгүй гэв.

Татвар төлөгчдөд ачаалал үүсгэхгүйн тулд албан татварын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой болгох замаар татварын суурийг өргөжүүлэх, татвар төлөгчдийг татварт бүрэн хамруулах бодлого баримталж байна. НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг ирэх сарын 5-нд болно.

С.УЯНГА

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 240 (7225)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.