“Тог”-оо тохируулсан айлын төлөх мөнгө багасна

С.УЯНГА

Цар тахлын үед цахилгаан, дулааны мөнгийг төрөөс даах шийдвэр гаргаж байв. Гэтэл энэ шийдэр гарснаас хойш ердөө дөрөвхөн цагийн дараа Улаанбаатар “унтарч” 1.5 саяулаа сандралдсан. Үнэндээ айх, гайхахаас илүү нийтээрээ хөлдөх, хүний амь настай холбоотой төсөөлөхийн аргагүй эрсдэл хүлээхэд ойрхон байсан. Энэ бол эрчим хүч ямар үнэ цэнтэй болоод цагаа тулахаар хэр эмзэг эх үүсвэр вэ гэдгийг бидэнд мэдрүүлж өгсөн нэгээхэн жишээ. Үүнийг сануулсны учир нь жил ирэх тусам хүн ам нэмэгдэж, цахилгаан дулааны хэрэглээ өсөхийн хэрээр эрчим хүчний салбар ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Хэрэглээ өссөөр байгаа ч эх үүсвэр байрнаасаа хөдлөхгүй байна. Мөн одоогийн станц, тоног төхөөрөмж хэтэрхий хуучирсан. Мөддөө шинэ эх үүсвэр ашиглалтад орно гэсэн хүлээлтгүй нөхцөлд эрчим хүч, дулааны хүчин чадал тартагтаа тулж, “гал унтраасаар” олон жил болж буй юм. Тиймээс айл өрх бүр чийдэнтэй, дулаахан өвөлжихийн тулд дор бүрнээ хичээхээс аргагүйд хүрлээ.

 

ЦАХИЛГААН ХЭРЭГСЛҮҮД ХҮЛЭЭЛГИЙН ГОРИМД БАЙХДАА 10 ХУВИЙГ “СОРЖ” БАЙДАГ

 

Нэг ёсондоо цахилгаан, дулаанаа гамнах нь  төрийн үүрэг хариуцлага байхаа больж түмэн олон нэг бүрийн “чийдэнтэй” үлдэх асуудал болсныг эрчим хүчний инженерүүд тооцож гаргажээ. Тухайлбал, өчигдөрхөн дулааны гуравдугаар цахилгаан станц дээр очиход тоолуурын горим 170  МВт давсан. Усны зарцуулалт 8100 тонноор хэмжигдэж байв. Уг нь өмнөх жилүүдэд өдийд буюу арваннэгдүгээр сарын сүүлчээр 155-157 МВт байдаг бол энэ жил 173 МВт хүрсэн нь иргэдийн эрчим хүчний хэрэглээ хэр өсөлттэй байгааг харуулж байна.

Харин усны зарцуулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад 400 тонноор илүү буюу 8500 тонн байгаа. Удахгүй 9000 тонн хүрч мэдэх нь.  Хэрэв энэ янзаараа өсөөд байх юм бол импортын цахилгаан болоод Улаанбаатар хотын хэмжээнд ус, дулааныг хязгаарлахаас аргагүйд хүрнэ. Цаашлаад илүү ч том эрсдэл дагуулж мэдэх юм. Энэ нөхцөлд айл өрх, иргэн бүрийг эрчим хүчээ хэмнээч гэж хэлэхээс өөр арга алга. Ер нь хамгийн хямд эх үүсвэр бол хэмнэлт юм шүү гэдгийг өдөр бүр, цаг минут тутам тоолуурын зүү ширтэж суудаг инженерүүд учирлалаа. Иймээс олон нийтэд эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, хэрэглээг хэвшүүлэх “Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нийгмийн нөлөөллийн аяныг эхлүүлжээ.

Эрчим хүчний системийн арваннэгдүгээр сарын 15-21-ний өдрийн долоо хоногийн оргил ачааллаас харвал 15-ны өдрийн 20:00 цагт 1419 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 134 МВт-аар өссөн бол хамгийн их импорт 16-ны өдөр 302 МВт хүрсэн байна.

Цахилгаан хэрэгслүүд хүлээлтийн горимд байхдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10 хувийг зарцуулж байдгийг судалгаагаар тогтоосон. Зурагт, wifi төхөөрөмж, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд хүлээлгийн горимд залгаатай байх үедээ 3-10 Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг. Өвлийн улиралд манай улсын эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, 17:00-22:00 цагийн хооронд эрчим хүчний системийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед чадлын дутагдалд орох, импортын хэрэглээ нэмэгдэх, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийх болзошгүй эрсдэлтэй. Тиймээс иргэн, айл өрх, аж ахуй нэгж, эрчим хүчний хэрэглэгч бүр цахилгаанаа тохируулж, хэмнэлттэй хэрэглээнд нэгдсэнээр эдийн засгийн болон байгаль орчны асар их үр өгөөжтэй.  Энэ мэтээр иргэд эрчим хүчээ хэмнэх юм бол маш том үр дүн гарна гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун хэлсэн юм.

 

АЙЛУУД ЭРЧИМ ХҮЧНИЙ “ШИМЭГЧ”-ЭЭС САЛЖ ЧАДВАЛ ЭДИЙН ЗАСГАА ХЭМНЭНЭ

 

Нэгэнт бүх нийтээрээ өвлийг өнтэй давахад эрчим хүчээ хэмнэхээс аргагүй. Харин ямар дадал суулгах, энгийн зүйлээс ч санаанд багтамгүй эрчим хүч, эдийн засаг хэмнэж болох вэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийг дэмжин ажиллаж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай хамтран судалгаа хийжээ. Үр дүнд нь эрчим хүчний “шимэгч хорхой”-г оновчтой тодорхойлж тэмцэж чадвал гайхалтай үр дүн гарах аж.

Тэгвэл "Тэр бүр нүдэнд харагдахгүй мэт боловч бага багаар эрчим хүчийг шимэгчилдэг энгийн хэрэглээг  таньж мэдэж, тэдэнтэй тэмцэх дадал чухал гэдгийг мэднэ. Гэхдээ тэр бүр бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байна. Эрчим хүч хэрхэн хэмнэх энгийн мэдлэг мэдээллийг олон нийтэд сайн өгмөөр байна" гэж СБД-ийн иргэн Г.Туяа хэлсэн юм.

Мэргэжлийн байгууллагын судалгаанаас харвал индүү, тоос сорогч, угаалгын машин, цагийн тохируулгатай будаа агшаагч зэргийг 17:00-22:00 цагаас өөр үед ашиглах хэрэгтэй юм байна. Индүү 17-26 ширхэг 100 Вт-ын чийдэнтэй тэнцэх цахилгаан хэрэглэдэг. Индүүг нэг цаг ашиглахад 210 төгрөгийн эрчим хүч зарцуулдаг. Сард нэг өрх дунджаар дөрвөн цаг индүү ашигладаг гэж тооцвол өдрийн тариф 840 төгрөг, шөнийн тарифаар 640 төгрөг зарцуулна. Ингэснээр 21:00 цагаас хойш индүүгээ ашиглавал жилд 2400 төгрөг хэмнэнэ. Цайны нэг цагийн хугацаанд нэг суурин компьютерийг унтрааснаар жилд 8900 төгрөг, ширмэн плиткаа индукцийнхээр сольсноор сард 8000 төгрөг хэмнэнэ.

Хоёр тарифт тоолууртай бол цахилгаан хэрэгслээ 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах юм бол төлбөрөө хоёр дахин багасгах боломжтой. Гар утасны цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг бол жилд 560 төгрөг дэмий үрэгдүүлнэ. Ашиглахгүй байгаа хэр нь залгаатай цахилгаан хэрэгслүүд өрхийн хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг. Таван минут шүршүүрт ороход ванны 1/3-тэй тэнцэх хэмжээний ус ордог. Энэ нь ус халаах эрчим хүчийг хэмнэж байгаа хэрэг. Эрчим хүчний хэмнэлттэй А, А+, А++ ангиллын гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгосноор зардлаа 15-30 хувь хэмнэнэ. Энэ мэтээр эрчим хүч хэмнэх энгийн дадал зуршлуудыг айл гэр, албан газрууд алхам тутамдаа мөрдөж чадвал таны төлдөг мөнгө багасна. Судалгаагаар зардлаа 2-3 дахин бууруулдаг гэж үздэг аж.

 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7223)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ! 2023-12-05 01:42:59
    Усан цахилгаан станцаа ашиглалтад оруулж, шинээр дулааны цахилгаан станцууд барих хэрэгтэй!! Үүнийг бүгд мэддэг боловч оросын агентууд саад хийдэг, бид яаж ч ча...
  • Зочин 2023-12-02 19:27:56
    Хоёр тарифт тоолууртай айлын цахилгааны төлбөр шөнө хоёр дахин биш 23 хувь л хэмнэгддэг. Шөнийн цахилгаанаа Оросод үнэгүй шахам өгдөг гэдэг.
  • Иргэн  2023-11-29 12:54:10
    Орон сууцныхан айлуудыг ханаар нэвт чагнаад байдаг төхөөрөмжүүдээ унтраах хэрэгтэй. Гэмт хэрэгт цахилгаан ашиглаж байна гэсэн үг юм.