Эрх баригчдаа, хууль засч, дарахдаа сайн шигээ хөгжлийн бодлогод сайн байгаарай

Сонгууль дөхөөд ирэхээр намууд тоо бодож, аль хувилбар манайд ашигтай вэ гээд эрх ашигт дөрлөгддөг байдал алга болохгүй бололтой. Өнгөрсөн хавар Үндсэн хуулиндаа сонгуулийн тогтолцоогоо дуртай нь хөдөлгөөд байхааргүй болгон өгч, УИХ-ын Сонгуулийн тухай хууль цаашлаад Улс төрийн намын тухай батлагдаж намууд шинэчлэгдэж, эрх баригчид шинэчлэлийг зоримог хийж байгаагаа мэдэгдэж байсан бол энэ нь нүүр хаах төдий хэрэг байсан бололтой. Эрх баригч МАН Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэх талаар бодолгүй байгаа нь өнгөрсөн даваа гаригт болсон бүлгийн хурлын дараагаас тодорхой болж байх шиг байна. Сонгуульд орон нутагт ялалт авах эсэх нь намуудад нэн чухал болохоос тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьдрал дээшлэх, эрх хангагдах, төлөөллийн асуудал энэ тэр ёстой мянга наян нэг дэх асуудал бололтой. Сонгууль болохоос нэг жилийн өмнө холбогдох хуулийг батлах ёстой гэдэг ч ирэх жилийн аравдугаар сард болох Орон нутгийн сонгуулиас өмнө энэ даалгавраа УИХ биелүүлж чадаагүй. Угаасаа хаврын чуулганаар Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль гээд суурь зарчмын өөрчлөлтүүд орж ирсэн учраас аравдугаар сарын 5-нд нээлтээ хийсэн УИХ баталж амжихгүй нь тодорхой байсан. Тиймээс энэ удаад нөхцөл байдлыг харгалзан үзээд сонгуулиас зургаан сарын өмнө баталж болохоор хуулийн төслийг нэр бүхий гишүүд оруулж ирсэн. Өргөн уудам нутагт тархай бутархай амьдран суудаг монголчуудын хувьд Орон нутгийн сонгуулийн хууль тэгж яаран сандран баталж болохгүй хууль учраас гишүүд ч үүнийг дэмжин хэлэлцээд, шат дарааллын дагуу явсаар зөвхөн УИХ-аас ёсчлох үйл явц үлдээд байсан юм. Гэвч энэ алхам санаатай, санаагүй нь тодорхойгүй дарагдсаар гэнэт өнгөрсөн даваа гаригт эрх баригч бүлгээс Орон нутгийн сонгуулийн хууль хуучнаараа явах тухай ярьж эхлэв. Нөгөө л дуулиан дагаж сэм амжуулдагаараа цэрэг эрсийн үхлийн шуугиантай зэрэгцүүлж нөгөөхөө хальт мэдэгдэв. МАН-ын бүлгийн мэдээлэл түгээдэг пэйж дээр бол энэ талаар дурдаа ч үгүй байх жишээтэй. Олны анхаарлыг татахгүй тэгсгээд өнгөрөөх санаатай байх шиг байна.

Одоо үүнийгээ хууль дээдлэх зарчмаа бариад сонгууль болохоос нэг жилийн өмнө хуулинд гар хүрч болохгүй гэж маш боловсон тайлбарлаж таарна. Өнгөрсөн өвлийн талбай дээрх сар үргэлжилсэн жагсаал цуглаан, олон нийтийн зүгээс ирж байгаа шаардлагад нийцүүлж, Үндсэн хууль, УИХ-ын болоод Улс төрийн намын тухай хуулиудаа өнгөрсөн хаврын чуулганаар шинэчлэн баталсан. Хөгжил дэвшилд урагшлуулахаар өөрчилсөн гээд мэдэгдээд байсан эрх баригчдад орон нутгийн иргэдийн амьдрал тусдаа асуудал юм гэж үү. Автомашинаар бол хөгжлийн урт замд бартаа саад давна гээд хуучин дугуйгаа томруулж, бусад хуулиудаа баталчихаад харин ганц сондгой жижиг дугуйгаа солилгүй чирээд давхичих гээд байна л даа. Солиг дугуйтай машин хол явах уу. Үнэндээ тэр дугуй салаад унана уу, хоцорно уу хамаагүй гэдэг шиг орон нутгийн иргэдийн хөгжлийг тодорхойлох, амьдрал амьжиргааг шийдэх энэ хууль шинэчлэгдэхгүй байх нь аль нэг намд ашигтай байх шиг байна.

Зүй нь орон нутгийн засаг захиргааг тодорхойлох энэ хууль бусад хууль тогтоомжтойгоо нийцэж байж, тэнд амьдарч байгаа хүмүүсийн эрх ашиг цаашлаад улс орны хөгжлийн асуудал яригдана. Гэтэл үүнийг 8 жил эрх барьсан, ирэх сонгуулиар дахин олонхи болох магадлал муу учраас орон нутагтайгаа үлдэе гэсэн эрх баригч намын явцуу эрх ашиг үнэртэж байна. Тиймээс зориуд ойлгомжгүй хуулийн төсөл оруулж ирээд бусад нь дэмжихгүй, үүний оронд хуучнаар явах нь дээр гэнгүүт явуургүй арга хэрэглэж байхыг үгүйсгэхгүй.

Хамгийн гол нь хуулийн хулгай хийдэг аргаа үүн дээр хэрэгжүүлж байгаа нь хамгийн муухай байна. Нэгэнт УИХ-ын гишүүд үүнийг хэлэлцэн үзээд эцсийн хэлэлцүүлгээ хүртэл хийгээд, нэг жилийн өмнө баталж амжаагүй юм чинь зургаан сарын өмнө амжиж батлах хуулийн төсөл дээр санал нэгдээд зөвхөн албажуулах процесс үлдчихээд байтал зориудаар ёсчлолгүй дарж байгаад хэлэлцэхгүй хуучнаар нь үлдээхийг санаархаж байна. Орондоо хууль засдаг уламжлалаа энэ намынхан давтах гээд байна. Гишүүдийн санал энэ тэр ч хамаагүй намын эрх ашиг л бүгдийн дээгүүрт бололтой. Аль хувилбар өөрт нь ашигтай байна тэр л чухал болохоос хөгжлийн асуудал өчүүхэн ч хамаагүй аж. Гэхдээ олон нийтийн санамж сэрэмж хүчтэй. Алх цохисны дараа хуулинд цэг таслал нэмж, орондоо ч хууль засна гэж бардамнасан УИХ-ын даргыг огцруулж байсан хүмүүс. Одоо зорилготой, зорилгогүй нь мэдэгдэхгүй хөгжлийн төлөө алхмаас хойш сууж, хууль дарсан хүмүүсийг ч хариуцлага хүлээхийг шаардах болно. Эрх баригчдаа, хууль засч, дарахдаа сайн шигээ хөгжлийн бодлогод сайн байгаарай.

Б.ДОРНО

Эх сурвалж: Sanuulga.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2023-12-07 12:43:55
    Ter Hugjil editing zasgiin t.n.b.darga bn Handjaviin Batjargal gegch tom tsunh barigch, tom bogs doloogch, tom avilgach, nuursnii ih mongoor Jargalantiin amand ...
  • Бат 2023-11-29 02:12:00
    параламэнтаа 2 танхимтай болгохсон
  • Иргэн  2023-11-28 01:34:28
    "Эрх баригчид аа" гэж салгаж бичдэг, мангарууд аа!