Авлигын хэргүүд анхан шатны шүүхэд “ах”-даад байна уу?!

1990-ээд оноос хойш төрд ажилласан улстөрчид нэг “үг”-тэй байж билээ. Тухайн үед шинэ тутам атлаа болохгүй бүтэхгүй үйл явдалтай байнга тулна л даа. Тэр бүрт “Шилжилтийн үе учраас...” гэдэг байв. Одоо бол яг ингэж хэлээд бултахад хэцүү цаг ирсэн. Бүтэн 33 жил шүү дээ. Гэхдээ энэхүү шилжилтийн үед бий болсон авлигыг таслах, эндээс үүссэн хэргүүдийг нэг тийш болтол бас нэг “шилжилтийн үе”-тэй тулж байх шиг байна. Яагаад гэхээр, одоогийн энэ авлигын систем бүтэн 30 жил явж ирсэн. Бат бөх суурьтай болчихсон тогтолцоо байгаа юм. Улс төр, бизнесийн том том бүлэглэлийг бид бүгдээрээ л мэддэг болсон. Нэрлэсэн ч чадахаар болцгоосон. Тэгэхээр үүнийг Оросын “Манжин” үлгэр шиг олуулаа нийлж байж л суга татна. Өөрөөр хэлбэл, энэ тогтолцоог устгаж, системийг задлахын тулд зарим зүйлийг өөрчлөх хэрэгцээ гарч ирж байгаа юм.

Тухайлбал, мөрдөх байгууллага илрүүлж, прокурор хянаад “...Энэ бол гэмт хэрэг мөн” гээд шүүх рүү шилжүүлсэн авлигын хэргүүдийн хувь заяа хэрхэн шийдэгддэг вэ. Энэ нэгдүгээрт яригдана. Яадгийг бас л бүгдээрээ мэднэ. Яаж ийгээд л бүлэглэл гэх үү, нөгөө нэг нөхдийн нөлөө орчихдог. Тэд ямар хүчтэйг бид мэдэрч л байна. Уржигдар л гэхэд Нүүрсний сонсголын сураг нэлээд хүчтэй гараад ирэхтэй зэрэгцээд урд хөршөөс дөрвөн сая ам.доллар орж ирснийг цагдаагийнхан “саатуулсан” байгаа юм. Тэр мөнгийг гаднын хоёр иргэн авахаар очсон нь нүүрснийхэн рүү улам чиглүүлж байгааг эх сурвалж хэлж байна. Ер нь хүчтэй дээ, тэд. Ямар ч хэргийг ямар нэг байдлаар шүүх хурлыг хийлгэлгүйгээр барьдаг. Долоон жил хүртэл гацаана. Ийм тодорхой хэрэг бий. Ер нь бол ийм авлигын асуудалтай бүхэл бүтэн төр нь үзэлцээд дийлэхгүй л дүр зурагтай байна.

Тиймээс одоо шүүх дээр л гэхэд авлигын хэрэгт зориулсан өөрчлөлт хэрэг болсон байна. Гэтэл авлигын ийм хэргүүд анхан шатны шүүхэд “ах”-даад байх шиг байгаа юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бүлэглэл ажиллаад хэргийг аймаг, дүүргийн анхан шатны аль таатай шүүх рүүгээ шилжүүлдэг. Тэнд очоод хэрэг нь өөрсдөд нь “үйлчлэх” шүүгч дээр хуваарилагдана. Саяхан бас л ийм нэг хэргийг хэсэг ярьцгаалаа.

Тэгэхээр бүлэглэлд анхан шатны шүүх “чих зөөлөн” байгаад байна уу, аль эсвэл тэнд учраа олоход амархан байна уу. Ямартай ч ийм нэг дүр зургийг яриад, бичээд байдаг болчихлоо. Болж буй үйл явцууд ч зарим талаар нотолгоо болж өгч байна. Ер нь бол төр нь дийлэхгүй байгаа бүлэглэлүүдийн өмнө аймаг, дүүргийн анхан шатны шүүх хуулийг шударга хэрэгжүүлэхэд хэцүү л дээ.

Тиймээс одоо түр ч атугай хэрэгжүүлэх шийдэл хэрэгтэй. Цаашид авлигын дагнасан шүүх, эсвэл авлигын хэргийг шууд давж заалдах шатны шүүх шийддэг байвал зохихоор байна. Хэрэв дагнасан шүүх байгуулах бол төсөл нь бараг бэлэн байна. Манайхан ч олон жил судалж явсан. Хэд хэдэн удаа яригдаад зогссон. Харин “...Анхан шатны шүүхийг алгасъя” гэдэг нь нэгдүгээрт  ачаалал нь тэр хэрээр багасна. Авлигын хэргүүдийг ийш тийшээ, таатай шүүх рүүгээ шидээд байдаг үйл ажиллагаа тасарна. Анхан шатны шүүхийн шүүгчдийг дарамтлаад байдаг нь ч алга болно. өөрчлөгдөнө. Хамгийн гол нь бүлэглэлүүд шүүхийн энэ “дамжлага”-аар далимдуулж цаг хожих боломж нь тас үсэрнэ. Ингээд давж заалдах шатны шүүх шийдэж, Дээд шүүх хянаад авлигын хэрэг удахгүй шийдэгддэг болно. Мэдээж, шүүх яллана, эсвэл цагаатгана. Энэ мэтийн “шилжилтийн үе”-ийн сайн шийдэл хэрэгтэй болсон байна. Энэ талаар хүмүүс дуугардаг болжээ. Судлаачид, ажиглагчид энэ талаар бүр илүү хэлэх болсон байна лээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 225 (7210)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2023-11-19 12:03:14
    АТГ энэ стандарт бус орон сууц хүлээж аваад байгаа комиссын хаагуур нь яваад бна вэ? Хүний амьдрах хэсэгт аваарын шат бий болгосон Тайван амьдрах хүний эрх
  • ХУУЛЬЧ  2023-11-15 07:15:27
    1990-2022 ОНД МЭДЭЭЛЭД ОЙРХОНООР ШИЙДВЭР ГАРГАГЧИД НЬ ТӨРИЙН АЛБА,, УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН ,ТЭД Л БҮХНЫГ ЦОХИХНО ШҮҮ ДЭЭ,, ҮҮНИЙ АРАЙ ШИЛЖИЛЫН ҮЕ ГЭХГҮЙ Л ДЭЭ