Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарт байгаа зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүйгээр парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн худалдан авалтууд хуулийн дагуу явсан эсэхийг шалгах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Энэ хүрээнд нийтийн тээврийн худалдан авалттай холбоотой баримт материалуудыг татаж, архивын баримтуудыг шалгаж, нягтлахад гэмт хэргийн шинжтэй байж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийж, баримтуудыг АТГ-т өгч шалгуулахаар болсноо мэдэгдлээ.

2009 оноос хойш нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 10 удаагийн худалдан авалт хийжээ. Эдгээр худалдан авалт бүгд шууд гэрээний хүрээнд зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Тухайлбал, 2009 онд 400 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан. Тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд 2008 оны арванхоёрдугаар сарын 20-нд БНСУ-ын “Deawoo Global” корпорацтай худалдааны гэрээ байгуулж, 400 автобусыг 25,161,000 ам.доллароор худалдаж авахаар тусгажээ. Улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан хэр нь улс, нийслэлийн өмчид бүртгэлгүйгээр арван аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Тухайн үед Зам тээврийн сайдаар Х.Баттулга, Сангийн сайдаар С.Баярцогт,  Хотын даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байжээ. Нийт 35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүйгээр шууд аж ахуйн нэгж байгууллагуудад нэр дээр өгсөн байгаа юм. Үүнээс үүдэн улсын төсөвт дээрх хэмжээний хохирол бодитоор учраад байна. Энэ хугацаанд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас уг хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр удаа дараа шүүхийн байгууллагад хандсан боловч тухайн автобуснуудыг анх авахдаа улсын төсвийн хөрөнгөөр бүртгээд, аж ахуйн нэгжүүдийн нэр дээр шилжүүлсэн учир Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүрчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2010 оны арваннэгдүгээр 23-нд Монгол Улсын Засгийн газрын 303 дугаар тогтоолоор автобус авсан аж ахуйн нэгжүүдээс гэрээнд заасан эргэн төлөлтийг буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлийн сан бүрдүүлэхийг тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Хотын дарга Г.Мөнхбаяр нарт даалгасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл эдгээр аж ахуйн нэгжийн эргэн төлөлт 23 хувьтай байгаа бөгөөд тухайн үед өгч байсан автобуснуудын ашиглалтын хугацаа дууссан” хэмээв.

2015 оноос хойш 560 автобусаар парк шинэчлэл хийсэн. Харамсалтай нь эдгээр автобусны дийлэнх нь гэрээгээр хүлээсэн хугацаандаа нийтийн тээврийн үйлчилгээнд явалгүйгээр актлагдсан байна.

Хотын дарга Х.Нямбаатар  үргэлжлүүлэн “Үе үеийн Засаг дарга нар, 2009 оны үеийн Зам тээврийн яам, Сангийн яам эдгээр автобусыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэлгүйгээр шууд гэрээний аргаар авсан асуудлыг АТГ-т шалгуулна. Арваннэгдүгээр сарын 23-нд шинээр оруулж ирэх 700 автобусны тендерийг нээнэ. Цаашид шинээр худалдаж авах автобуснуудыг улсад өртэй автобус компаниудад өгөхгүй. Түүнчлэн жил бүр 300 тэрбум орчим төгрөгийг автобус компаниудад олгодог. Бодит тооцоололгүй өгдөг татаасыг гүйцэтгэл дээр үндэслэдэг болгох ёстой. Нийтийн тээврийн салбарт байгаа зохион байгуулалттай бүлгийг цэгцлэхгүй бол парк шинэчлэл үр дүнд хүрэхгүй. Нийтийн тээврийн салбарт бугшсан төр, хувийн хэвшлийн бүлэглэл байгааг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд олон асуудал байна.  Тухайлбал, “Эрдэм транс” ХХК “Daewoo”, “Hyundai” автобуснуудыг оруулж ирэхдээ он зассан байгаа юм. 2013 онд үйлдвэрлэсэн автобусыг 2015, 2016 он гэж засаж оруулж ирсэн. Эдгээрийг хууль хяналтын байгууллагад шалгуулна. Үе үеийн Засаг дарга нарт нийтийн тээврийн салбарынхан автобуснуудыг шууд гэрээгээр авдаг гэж мэдээлэл өгдөг жишиг тогтсон. Нийтийн тээврийн салбарт жил бүр 300 тэрбум төгрөгийн татаасыг гүйцэтгэлд хяналт тавилгүйгээр баталсан дүнгээр өгч ирсэн нь өнөөдрийн хамгийн том алдаа. Мөн он засдаг асуудлыг шалгаж, буруутай аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.