Давсны 4145 тонн, бодисын 2759 тонн нөөцтэй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 95 хувьтай байв. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байр, чиг үүргийн давхардалд дүгнэлт гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, харьяа, төсөвт үйлдвэрийн газар, байгууллагуудын стратеги төлөвлөгөөг “Хотын хөгжлийн индекс”-тэй хэрхэн уялдаж буйг судлан, байгууллагуудын стратеги төлөвлөгөөний мандатын шинжилгээг “Хотын хөгжлийн индекс”-тэй уялдуулан боловсрууллаа. Ажлын хэсэг нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцсэн. Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог тодорхойлж, ажлын байрны шинжилгээ хийхэд нийт баталсан орон тоо 17,682 байгаагаас 2455 нь сул орон тоо, 15,227  албан хаагч одоо ажиллаж байгаа юм.

Мөн гэрэлтүүлгээ асааж чадахгүй байгаа, удаан хугацаанд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээг цуцалж, дараагийн аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, хамтран ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу УБЗАА-наас гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найман аж ахуйн нэгж, байгууллагаас гэрэлтүүлгийн асалт хангалтгүй байсан Хан-Уул дүүргийн “Новел нетворк” ХХК-д "Гэрэлтүүлгийн ашиглалтыг шилжүүлэх" мэдэгдлийг хүргүүлжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, 4145 тонн давс, 2759 тонн бодис нөөцлөөд байгаа юм. Нэмж 1359 тонн давс, 4499 тонн бодис худалдаж авна. Зам, талбайн цэвэрлэгээний 24 байгууллагын 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байна.

Дүүрэгт нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай эрүүл мэндийн байгууллага байгуулах ажил эхэлж байна

Хотын дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд нийслэлд 10 эрүүл мэндийн байгууллагыг хот төлөвлөлттэй уялдуулан байгуулах асуудлыг судалж, танилцуулах ажлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-Ажлын хэсэг байгуулагдан, хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоонд тулгуурлан таван чиглэлийн тусламж үйлчилгээг 10 эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэх саналыг боловсруулаад байна. Зарим дүүрэгт нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай эрүүл мэндийн байгууллага байгуулах ажил эхэлж байна. Төрөлжсөн төвийн зохион байгуулалтаар төлөвлөлтөө хийхээр болсон. Тухайлбал, Гэмтэл, сэргээн засах чиглэлийн эмнэлгийг Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт, Харвалт, шигдээсийн төвийг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт, Хөнгөвчлөх төвийг Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт, Хордлого, яаралтай тусламжийн төвийг Баянгол дүүрэгт, Гемодиализийн төвийг Хан-Уул  дүүрэгт байгуулах саналыг гаргаж, Ажлын хэсгээс санал авч байна хэмээлээ.

“Сэлбэ сэргэлт” төслийн хэрэгжилтийн явцын талаар “Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Сэлбэ сэргэлт” төсөл тавдугаар сараас эхэлж,  ажлын зураг, ТЭЗҮ нэгэн зэрэг явж байгаа бөгөөд 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Шугам сүлжээ шилжүүлэх, трассын давхцал хүндрэл учруулж байгаа.  21.6 км трассыг гурван үе шаттай хэрэгжүүлж, багц нэг, хоёрыг хүлээлгэн өгөхөд бэлэн болж буй” гэв.

Халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа тул машиныхаа дугуйг өвлийнхөөр солихыг уриаллаа

Хотын дарга цас орж эхэлсэнтэй холбогдуулан бэлтгэл ажлаа сайтар хангаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, шаардлагатай бол хувийн аж ахуйн нэгжүүдийг нэмэлтээр оруулж ирэх хэрэгтэйг хэлж байв. Мөн дүүргийн удирдлагууд хийгээд Хот тохижилтын газрын даргаас зам, талбайн цас цэвэрлэх машин, давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 тонн давс нөөцөлсөн. Цас орж эхэлснээс хойш давс, бодис цацагч зургаан техник хэрэгсэлтэй зам дээр ажиллаж байна гэсэн бол Баянзүрх дүүрэг техник хэрэгсэл дутагдалтай, хоёр техник хэрэгтэй байгааг хэлж байв. Сүхбаатар дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн нэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Давс цацагч нэг машин шинээр авч байгаа, ингэснээр хоёр машинтай болж буй гэлээ. Баянгол дүүрэгт 80 тонн бодис, давс цацагч хоёр машин бий. Налайх дүүрэгт орон нутгийн өмчит нэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, цас цэвэрлэгч машин байхгүй, тендер зарласан, ирэх сарын дундуур авна гэв. Дүүргүүд туслах замуудыг хариуцдаг бөгөөд төв замуудад асуудал үүсдэг гэдгийг дүүргийн удирдлагууд хэлж байлаа.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Бодис цацагч 12 машин байгаагаас хоёр нь эвдэрч, хоёр нь тэвшээ солиогүй. 07:40 цагаас эхний машин гарч, 10:00 цагийн байдлаар 12 тонн давс цацаад байна” гэв.

Хотын дарга дүүргийн Засаг дарга нарыг газар дээр нь ажиллаж, давс, бодисын  нөөц, техник хэрэгслийг биеэр шалгахыг үүрэг болголоо. Шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлийг ажиллуулах, мөн УБЗАА, орон нутгийн өмчит компани, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг гарч, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, нэгдсэн стандартыг баталж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулахыг даалгалаа. Түүнчлэн холбогдох албаныхан халтиргаа, гулгаа нэмэгдэж буйтай холбоотойгоор иргэдийг машиныхаа дугуйг өвлийнхөөр солихыг уриалж, мөн скүүтер, дугуйн хэрэглээг хязгаарлах шаардлагатай байгааг хэлж байв.

Нэгдүгээр эмнэлгийн газраас хувийн хэвшилд газар олгосон хүмүүсийг АТГ-т шалгуулна

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хөгжлийн төлөвлөгөөний тодотгол, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, чиг үүргийн шинжилгээг танилцуулах,
  • Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барьж байгаа компанийн барилга эхлэх зөвшөөрөл, газар олгосон захирамжийг цуцлах төслийг танилцуулж, газар олгох шийдвэр гаргасан хүмүүсийг АТГ-т шалгуулах,
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудтай шүүхдэж ялагдсан, мөн шүүхийн маргаантай асуудлуудын мэдээллийг танилцуулах,
  • Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн асалтын хувийг шалгаж танилцуулах,
  • Бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.