Шинэ Хархорум хотын газрыг чөлөөлөхөд 2800 хүнд нөхөн төлбөр олгоно

Манай улс нийт 3.5 сая хүн амтай. Түүний 1.6 сая нь Улаанбаатар хотод амьдардаг. Хүн амын нягтаршлаас үүдэж түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол,  гэмт хэрэг ихсэх болсон.

Улаанбаатар 500 мянган хүнтэй байхаар төлөвлөгдсөн. Гэвч хүн амын тоо гурав дахин ихэсжээ. Тиймээс хүн амын нягтралыг задалж шинэ суурьшлын бүсийг бий болгох цогц төлөвлөгөөг Засгийн газраас гаргасан юм. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны арван хоёрдугаар сард гаргасан. Зарлигийн хүрээнд Их Хурал, Засгийн газар холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг 2023 оны гуравдугаар сард байгуулсан юм. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа өнгөрсөн хугацаанд Хархорум хотын төлөвлөлт, гидрогеологи болон мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг хэрхэн шийдэх талаар судалжээ. “Шинэ Хархорум” төслийн үндэсний хорооны ээлжит хуралдааныг өчигдөр зохион байгуулж цаашдын төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Ирэх жил “Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад 30 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Уг хотын бүтээн байгуулалтын үндэсний хороог Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахалж байна. Үндэсний хорооны дэргэдэх “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Улаанбаатар хотын ерөнхий архитекторын албыг хашиж байсан Н.Нацагдорж даргалж байгаа ажээ. “Шинэ Хархорум” хот Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй байх аж. Үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган хүний зам, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөсөн талаараа танилцуулав. Мөн тус хотыг байгуулах нийт талбай нь барилгажих бүрэн боломжтой. Ундны ус болон байгаль цаг уурын нөхцөл сайтай нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс ирэх жил хотын цөв цэг дэх хүндэтгэлийн хүрэл байгууламжийг барьж эхлэх юм.

Энэ тухай Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын дарга А.Энхманлай “Холбогдох төрийн байгууллагуудаас “Шинэ Хархорум” хот байгуулах шийдвэр гарсан. Шийдвэрийг үндэслэн хаана, ямар байрлалтай хот байгуулах вэ гэдэг ерөнхий төлөвлөгөөг боловсруусан. Архангай болон Өвөрхангай аймгийн 189 га газарт тухайн хотыг байгуулна. Дээрх газрыг 2800 гаруй иргэн эзэмшдэг. Дийлэнх нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэд байсан. Тиймээс Газар зохион байгуулалт, геодезийн газар, Барилга хот байгуулалтын яам хамтран газар эзэмшиж буй иргэдтэй уулзаж, зөвшилцөлд хүрч чадсан. Мөн Өвөрхангай аймгийн ИХТ наймдугаар сард хуралдаж өөрийнхөө аймагт хамаарч буй газрыг улсын тусгай хэрэгцээнд өгөхийг дэмжсэн. Харин  өчигдөр Архангай аймгийн ИТХ өнөөдөр хуралдаж байгаа. Ямар шийдвэр гарахыг мэдэхгүй байна. Тухайн шийдвэрүүд гарсны дараа Засгийн газраас баталсан газрыг улсын тусгай хэрэгцээнд авна. Үүний дараа газар эзэмшигчдэд нөхөн төлбөр олгоно” гэсэн юм.

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байхаар тусгасан байна. Мөн хот байгуулахдаа гадны мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулах ажээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Хот байгуулахад шаардлагатай дэд бүтцийн танилцуулгыг сонслоо. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас цахим сүлжээний дэд бүтцийг шийдэх боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн эртний нийслэл байсан учраас хуучны Хархориныг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Гадны туршлагатай экспертүүдийг авчирч ажиллуулна. Бусад улс орнууд шинэ хот төлөвлөхдөө гаргасан алдааг гаргахгүй байхыг хичээнэ” гэсэн юм.

Улаанбаатар хот 470 мянган га талбайтай бөгөөд үүнээс барилгажих боломжтой есөн мянган га байдаг. Боломжтой бүх газар барилга баригдсан бөгөөд цаашид хөгжих боломжгүй гэж үзжээ. Энэ тухай Хархорум хотын бүтээн байгуулалтын захиргааны дарга Н.Нацагдорж “Хотын хамгийн чухал асуудал бол аюулгүйн гарц байдаг. Улаанбаатар хот зүүн, баруун гэсэн хоёр аюулгүйн гарцтай. Мөн хойд, урд талаараа уулсаар хүрээлэгдсэн учир дахин төлөвлөлт хийх боломжгүй. Улаанбаатар гамшгийн өндөр эрсдэлтэй хот болсон. Гал түймэр, үер, халдварт өвчин гарахад бүгд өртөх магадлалтай” гэсэн юм.

Хүн амын төвлөрлийг бий болгодог хоёр хүчин зүйл байдаг. Боловсрол болон эрүүл мэндийн салбар. Улаанбаатар хотод их дээд сургуулиудын 96 хувь, эрүүл мэндийн салбарын 61 хувь нь байгаа юм.  Дэлхийн хотууд дээрх хоёр байгууллагыг орон нутаг болон хотын захад байршуулж хүн амынхаа механик өсөлтийг хязгаарладаг. Харин бид их сургуулиудыг нүүлгэнэ гээд 10 гаруй жил болж байна.

 “Зууны мэдээ” сонин
Б.Баяржавхлан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2023-10-30 20:02:54
    Hooson gazar ded butets baiguulaad baruachee. Zaaval gazargui yum shig gazar chuluulun geed yah gedeg yum iluu zardal bas chiregdel shuu dee.
  • Зочин 2023-10-27 07:58:43
    Анхнаасаа метро барихаар төлөвлөөрэй.
  • ХУУЛЬЧ  2023-10-27 01:20:51
    ИРГЭДИЙНХЭЭ ШУНАЛ ДЭЭР АН- МАН-даж хэн хайртайгаа үзүүлж сүржигнэснээс ШУУД Л 3 ХУВЬ БОЛГОЧИХ ЭР ЗОРИГ АЛГА УУ .,,,,,
  • Бат 2023-10-26 12:35:08
    Төрийн бодлого маргаашгүй зөвхөн өнөөдөрөөр сэтгэх хэцүү юм аа нийслэл газрын наймаанаас болоод хөгжихгүй хархоринд нийслэл шилжвэл 8 урсгалтай замаас эхлэх юм ...
  • Иргэн 2023-10-26 12:23:00
    Дэд бүтэцтэй Дархан ба Эрдэнэтээ хөгжүүлээч ээ! Галзуугаараа гайхуулж, солиотой төлөвлөгөө гаргах юм.
  • Иргэн  2023-10-26 05:49:44
    Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад "вешать лапшу на уши" болсон юм.