О.Алтангэрэл: Манай нам жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдээ гишүүдээсээ асуух хэрэгтэй

АН-ын дэд дарга, хуульч О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Танай нам нэлээд удаан хугацаанд дотооддоо зөрчилтэй байлаа.  Ямар ч гэсэн асуудлууд нь эхнээсээ цэгцэрч  байх шиг байна.  15 дэд даргатай болсны нэг нь та.  Намынхаа үйл ажиллагааны ямар чиглэлд голчлон ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид дотооддоо зөрчилтэй байсан нь үнэн. Энэ нь улс төрийн ямар ч намын дотоодод байж болохуйц хэмжээний зөрчил байсан. Мөн  эрх баригчдын нөлөөллөөр улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчиж энэ байдлыг бий болгон улам өрдсөн.  Харин одоо  ард үлдэж зөрчилтэй байсан  хүмүүс ойлголцож намын үйл ажиллагаа жигдэрч байна. Би авлигын эсрэг тэмцэл, хүний эрхийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

-Орон нутагт нэлээд ажиллах шиг болсон.  “Өргүй Монгол аян” эхлүүлсэн нь ямар учиртай юм бэ?

-Энэ аяны хүрээнд олон шийдэлд хүрсэн, түүнийг нам нэгтгээд бодлогодоо тусгаад явна. Иргэдийн зүгээс олон санал дэвшүүллээ.  Миний хувьд “Өргүй Монгол” аяны хүрээнд  нэлээд олон газарт  явж ажиллалаа. Орон нутагт  ажиллахад  өргүй, өр нь дарамт болоогүй өрх ховор байна. Тэтгэвэр, хэрэглээ, бизнес, цалин, машин, цахилгаан бараа, аппликэйшний зээл иргэдийг тор мэт бүрхсэн энэ сүлжээнээс гарна, энэ дарамтыг тэсч туулна гэдэг тун амаргүй даваа болжээ. Гэсэн ч эрх баригчдын яриад байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн өслөө, экспорт нэмэгдлээ  гэдэг нь  зүгээр л аман яриа, цөөн тооны эрх мэдэлтэй бөгөөд нөлөөтэй хүмүүс л улам баяжиж байна гэсэн агуулгатай ойлгогдохоор байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга.

-Таныг ирэх парламентын сон­гуульд Өвөрхангай аймагт нэр дэвшинэ гэсэн. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-АН-ын дэд даргын хувьд би ирэх парламентын сонгуульд нэр дэвших бодолтой байгаа. 2020 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшиж 18 мянга орчим иргэдийн  санал авсан. Тиймээс  Өвөрхангай аймагт нэр дэвших бололцоо бий.  Өнгөрсөн хугацаанд улс төрийн үйл ажиллагаанд оролцсон туршлага, хуульч мэргэжил, судлаачийнхаа хувьд ялангуяа парламентын чиглэлээр судалгаа хийдэг хүний хувьд сонгуульд өрсөлдөж, өөрийн хувь нэмрээ оруулах бодол бий.  Гэхдээ хэнийг хаанаас нэр дэвшүүлэх үү гэдгийг Ардчилсан намын дотоод журмаар буюу намын нэр дэвшигчийг тодруулах журмаар шийднэ. Намын улс төрийн зөвлөл, удирдлагууд, ҮБХ-ноос гарсан шийдвэрийн дагуу сонгуульд нэр дэвшигчийн асуудал шийдэгдэнэ.  Тийм учраас энэ тухай илүү дэлгэрэнгүй ярихад арай эрт байна.

-Ирэх сонгуулиар парламент 126 гишүүнтэй болно. Ер нь нэлээд онцлогтой сонгууль болох нь. Сонгуулийн өнгө төрхийг хэрхэн харж байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй болсон. Үүнтэй холбоотойгоор ирэх жилийн сонгууль их онцлог болно гэж дүгнэж байна. Юуны түрүүнд олон төлөөлөл, байр суурьтай болох байх гэж итгэж байна.  Улс төрийн олон намын төлөөлөл, сонирхлын олон бүлгийн ашиг сонирхол хангагдсан парламент болох байх. УИХ-ын сонгуулийн мажоритар тойрог хэрхэн яаж зурагдах нь сонгуулийн үр дүнд нөлөөлнө. Жишээлбэл, УИХ томсгосон мажоритараар явах уу, жижиг мажоритараар явах уу гэдгийг нэгдүгээр сард шийдвэрлэнэ гэж ойлгож байгаа. Тойргийг хэрхэн шийдсэнээс шалтгаалж сонгуулийн хувь заяа, үйл ажиллагаанд нөлөөлнө. Мөн өнөөгийн нийгэмд үүсээд буй нөхцөл байдал, олон жилийн эрх баригчдын үйлдэл, итгэл алдарсан ард иргэдийн хандлага, эдийн засаг, ахуй амьдралын хувьд доройтсон, ядуурал нүүрлэсэн байдал сонгуульд идэвхитэй нөлөөлөх болов уу. Гэхдээ аль ч утгаараа сонгуулийн үр дүнд парламентын засаглалын давуу тал тодрох болов уу гэсэн хүлээлттэй байна.

126 гэдэг тоонд хуульч, судлаач хүний хувьд эхнээсээ сөрөг байр суурьтай байсан. Суудлын тоо нэмэхээсээ илүү ард түмний төлөөллийг жигд хангахад анхаарах хэрэгтэй.Тухайлбал, зарим аймгийн иргэдийн сонгогчийн тоо зарим дүүргийн сонгогч иргэдийн тооноос хэд дахин илүү саналтай байгаа. Зарим тойргоос хэт олон эсвэл хэт цөөн сонгогчоос сонгогдож байсан байдлыг арилгавал 76 суудалтай парламент хэвийн гэдэг саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байх үед уламжилсан. Гэсэн ч УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Одоо батлагдсан хуулийн дагуу сонгууль явагдана.  Тиймээс сонгууль шударга яваасай  гэж хүсэж байна. Өмнөх жилүүд ялангуяа  сүүлийн хоёр удаагийн сонгуулиар гарсан "царцаа" буюу сонгогчийг олноор шилжүүлдэг, нэмдэг зэрэг улсын бүртгэлтэй холбоотой луйврууд битгий давтагдаасай. Мөн хар машины луйвар гэдгийг таслан зогсоосон сонгууль болоосой. Өөрөөр хэлбэл, сонгогчийн саналыг хар машин гэдэг зүйлээр тоолоод давхар гараар тоолох ажлыг эрчимжүүлээсэй. Бас нэг хүсэж байгаа зүйл бол  хуулиар зохицуулсан юм шиг хэдий ч хэрэгждэггүй, сонгуулийн хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцдоггүй байдал ирэх сонгуулиар бүү гараасай. Мөнгө тараадаг, хууль бусаар өрсөлддөг байдлыг таслан зогсоосон шударга сонгууль явагдаасай гэсэн байр суурьтай байна. Сонгуулийн хууль батлах үед сонгогчийн санал худалдан авахаар мөнгө тараадаг, сонгуулийг хууль бусаар авахтай холбоотойгоор саналууд гарч байсан. Гэсэн ч эрх баригчид тэдгээр саналуудыг анхаараагүй, хүлээж авалгүйгээр хуулийг баталсан.

-Намууд сонгуулийн бэлтгэлдээ хэдийнэ оржээ. Танай намын хувьд хэрхэн бэлдэж байна вэ. Намаас нэр дэвших болон намын жагсаалтаар орж ирэх гишүүдээ хэрхэн сонгон шалгаруулах гээд анхаарал татсан асуудлууд нэлээд бий байх?

-Улс төрийн нам бол сонгуульд ямагт бэлэн байх ёстой, үйл ажиллагаагаа сонгууль руу чиглүүлж ажилладаг улс төрийн институц юм. Ардчилсан намын хувьд өнгөрсөн хугацаанд цаг алдсан асуудал бий. Гэхдээ ирэх сонгуульд амжилттай оролцохын тулд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ хэрхэн яаж тодруулах вэ гэдэг асуудлыг журмаараа хэлэлцэж байна. Энэ асуудал тодорхой болоод ирэхээр хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоо, жагсаалтад ямар хүмүүсээ бичих вэ, тойрог дээр ямар хүмүүсээ нэр дэвшүүлэхээ хэрхэн яаж сонгон шалгаруулах вэ гэдэг асуудал илүү тодорхой болно. Би хувьдаа Ардчилсан нам нэн ялангуяа жагсаалтад бичигдэх буюу сонгогчдоосоо санал авч сонгуульд оролцоно гэсэн нэр дэвшигчдээ өөр бусад шалгуураас илүү нийт гишүүдээсээ санал авсан, олонхоосоо асуусан, судалгаанд үндэслэсэн байгаасай гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриа тусгуулахын төлөө саналаа гаргаад явна. Ер нь манай нам шинэ санал санаачилга гаргаж хэрэгжүүлж чаддагаараа онцлогтой. Хамгийн анх хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэр дэвшүүлж байсан. Одоо МАН жагсаалтад оруулна гэж ярьж байна. Багш, эмч зэрэг нийгмийн зонхилох хэсгээс УИХ-д төлөөлөл заавал байх ёстой гэдэг үзэл санааг намын дарга Л.Гантөмөр байнга илэрхийлдэг. Одоо энэ санааг бусад улс төрийн нам хүчин дэмжиж ярьж байгаа нь сайшаалтай. Аливаад манлайлж явдаг байр сууриараа манай нам энэ удаагийн сонгуульд ч нэр дэвшигчдээ илүү няхуур сайн тодруулах байх гэдэг байр суурьтай байна.

-Та хуульч, судлаач хүн. Сүүлийн үед парламентад хүний эрхтэй холбоотой хуулийн төслүүд нэлээд орж ирж байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн төсөлд ялын бодлогыг чангаруулах заалтууд тусгагдаад байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би өнгөрсөн хугацаанд хүний эрхийн асуудал дээр түлхүү анхаарал хандуулж ажиллаж ирсэн. Нэн ялангуяа бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр олон мянган иргэдтэй холбоотой төсөл хэрэгжүүлж ажилласан. Тиймээс Хүний эрхийн асуудал маш чухал. Сүүлийн үед ялын бодлогыг чангаруулах асуудал яригдаж байна. Энэ зөв шийдэл. Ялангуяа  авлига албан тушаал, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг дээр ялын бодлогыг чангаруулах нь зөв. Гэхдээ ганцхан ялын бодлогыг чангаруулна, илүү хатуу болгоно гээд түүний цаана гэмт хэргүүдийг илрүүлэх, гэмт хэрэг гэдэг утгаар нь тэмцэх, урьдчилан сэргийлэх бүх үйл ажиллагаанууд орхигдох хандлагатай байгаад харамсаж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх нь  ялын бодлогыг хатуу болгох, цаазаар авах шийдэлд хүрээд шийдэгддэг асуудал биш. Гэмт хэрэгтэй тэмцэж, судлах нь тусдаа шинжлэх ухаан. Энэ чиглэлээр дагнан судалгаа хийдэг чадалтай, мэдлэгтэй хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид манай улсад цөөнгүй бий. Энэ асуудалд мэргэжлийн бус хандаж  буйд анхаарал хандуулах ёстой. Бид гэмт хэрэгтэй хэрхэн, яаж тэмцэх вэ гэдэг бодлогоо эргэж харах цаг болсон. Монгол Улсад цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх зэрэг байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх бүтцүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн засаг захиргааны бүхий л шатанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл ажиллаж бодлогоо хэрэгжүүлж буй. Гэхдээ энэ бүтэц, тогтолцоогоо эргэж харж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд нөлөөлөх бусад хүчин зүйлээ тооцоолох хэрэгтэй. Мөн энэ салбарын төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх зэргээр гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгахад чиглэсэн шинээр бодлого боловсруулах шаардлагатай цаг үе ирсэн байна. Нэн ялангуяа тухайлсан нийтийн жигшил зэвүүцлийг төрүүлж, нийгмийн хөгжил, шударга ёс тэгш байдлыг эвдэж, саад болж байгаа гэмт хэргүүдтэй тэмцэх үйл ажиллагааг хууль зүйн бодлогын хүрээнд илүү сайн хийх ёстой. Үүний зэрэгцээ мөрдөн шалгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан, төрийн аль ч шатны албан тушаалтнууд ч хүний эрхийг зөрчихгүй байх, хүний эрхийн баталгааг хангаж ажилладаг байх ёстой.

 “Зууны мэдээ” сонин
П.Амгланбаяр
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-10-29 09:40:05
    МАН АН хоёр ч дээ.Аргагүйн эрхэнд аль нэгийг нь сонгох юм даа. Арай гайгүй нь МАН юм уу. АН бол бүр хог хог.
  • ХУУЛЬЧ  2023-10-27 00:06:57
    АН-МАН Ч ЖАГСААЛТААР ОЛОН САНАЛ АВАХГҮЙ ,СҮСЭГЛЭН БИШРЭГЧ НАМЫН ГИШҮҮД ,САНАЛАА ӨГНӨ.,ХАРИН НАМЫН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ ТАНИЛЦУУЛСАНААР НАМ АРИУАЧ БАЙГААГ МЭДРЭНЭ...