“Ориг” авлигачид Ордондоо үлдэж, “орлон тоглогчид” л баригдаад байгаа юм биш үү?!

“...Монгол Улс авлигатайгаа тэмцэж, авлигачдаа шахаж байна” гэдэг мэдээлэл олон улсад таржээ. Монголчууд бид ч ингэж ойлгоод “сайн цаг” ирэхийг тэвчээртэй хүлээж байна. Үнэхээр ч нэг үеэ бодвол үгдэрч бугшсан авлигын хэргүүд ээлж дараалан ил болсоор байгаа шүү. Дагаад авлига, албан тушаалын хэрэгт тооцох хуулийн хариуцлагыг чангатгаж л байна. Хамгийн сүүлд авлигын хэрэгт шийтгүүлсэн этгээдийг хугацаанаас нь өмнө суллахыг хуулиас хасахаар болов. Ямар ч байсан нийтээрээ авлигын эсрэг давлагаалсны хүчинд төрөөс том томоор нь хулгайлдаг явдал багасаж байгаа бололтой юм. Тийм мэдээллүүд дуулдах боллоо. Энэ сайн хэрэг.

Гэхдээ хуулийнхан маань “ориг” авлигачдаа оноож барьж чадаж байгаа юу. Ялангуяа том хулгай гэх “ангилал”-д багтдаг нүүрсний хулгайн бүлэг хэрэг, Хөгжлийн банкны луйвар, ногоон автобус, газрын наймаа зэргээр баригдсан албан тушаалтнууд яг “ориг” авлигачид нь, эзэд нь мөн үү.

Жишээ нь, манай хууль хяналтынхан бараг жилийн өмнөөс нүүрсний хулгайг ямар сүртэй шалгаж эхэллээ дээ. “...Нүүрсний хулгайн хэргийг таван үндсэн чиглэлээр шалгаж байна” гэж мэдэгдэж байв шүү. Түүнд нь, нэгдүгээрт, бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон асуудал, хоёрдугаарт, нүүрсний гэрээнүүдтэй холбоотой асуудал, гуравдугаарт, тээвэртэй холбоотой асуудал, үүнд богинын тээвэр, уртын тээвэр, тээвэрлэгч компанийн ард байдаг улс төрийн нөлөө бүхий этгээд, дөрөвдүгээрт, С зөвшөөрлийн асуудал, тавдугаарт, төслийн санхүүжилтийн асуудал багтаж байв.

Бас яг тэр үед УЕПГ-аас мэдээлэл хийхэд дурдагдсан нэг “тоо” байдаг. “...Нүүрсний хэрэгт холбогдуулан 92 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх, удирдах албан тушаалтан болон бусад иргэн байна. Өнгөрсөн хугацаанд мөрдөгчид нийт 7457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 331 үзлэг, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбогдуулан 17 хүний нэрийг зарласан. Заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг НПГ-т гаргасан” гэж байлаа. Энэ юу болсон бэ. Хэд нь сугарч үлдээд, хэд нь шалгуулаад хоцорсон бэ.

Сар гаруйн өмнө дөө, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр маш ноцтой зүйл ярьсан. Тэрбээр “...Б.Ганхуяг намайг болон бусад хүмүүсийг золиосолж байна. Улс төрийн золиос болгочихлоо. Бид энд золиослогдоод, тэд тэнд тамгатайгаа, төртэйгээ үлдэж болохгүй. ...Нүүрсний том төслүүд байна. Ардах эзэн нь Т.Аюурсайхан юмуу. Надтай найзалсны төлөө суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя. Сүртэй яригдаад байсан оффтейк гэрээ, хил, гааль, нүүрсний тендер хаана байгаа юм бэ. Дараад үлдэх юмуу. ...Би 2007 оноос хойш энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрсийг мэддэг хүн байхгүй. УИХ дээр яагаад надгүйгээр нүүрсний хэргийг яриад байгаа юм бэ. ...УИХ, Засгийн газар, нам, эрх баригчид, бүх хар масс над руу тэр чигээрээ дайрлаа. Нэг нам, нэг улс ч дааж чадахааргүй гүтгэлэг доромжлол, үзэн ядалт дунд чив чимээгүй байлаа.  Тамгатай, төртэй үлдэхийн тулд тавьж байгаа жүжгийг чинь би мэдэж байна” гэж хэллээ. Энэ маш ноцтой шүү. Угтаа Б.Ганхуягийг ингэж бачимдсанд гайхахгүй байна. Яагаад гэхээр энэ оны эхээр гэрээс нь 7.3 тэрбум олдсон Төмөр замын С.Батдөл баригдчихаад “...Монгол Улсын шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг залхааж ялладаг процесс Монголд үүссэн байна. Надад үүсээд байгаа хэрэг дээр цагдан хорих шаардлагагүй, хөнгөн хэрэг” гэж мэдэгдсэн. Тэр нь анхаарал татсан ч хариултгүй л үлдсэн. Яг үнэндээ энэ үг “...Намайг барахгүй дээ. Ах намайг аварна, авчихна” гэсэнтэй л адил сонсогдсон. Түүнчлэн нүүрсний хулгайд лав “хэрэггүй” гаалийн баахан байцаагч нар сүүлийн хоёр жилийн турш хөтлөлцөөд л хуулийн байгууллага хэсээд явна лээ. Гаалийн байцаагч тэр олон машиныг бүртгэлгүй гаргах эрх бий юу. Бодмоор л асуулт. Байсгээд л АТҮТ-ийн мэргэжилтэн, нисээд л хэлтсийн дарга нар С зөвшөөрлийн хэргээр ял сонсдог. Дарга нь холбогддоггүй. Ажлаа хийгээд байж л байна. Сүр дуулиантай эхэлсэн нүүрсний хулгайн хэрэг иймэрхүү л үр явцтай ажгуу.  Ингэхээр нөгөөх “...Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон асуудал”, “...Нүүрсний гэрээнүүдтэй холбоотой асуудал”, “...Богинын тээвэр, уртын тээвэр, тээвэрлэгч компанийн ард байдаг улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийн асуудал”, “...С зөвшөөрлийн асуудал”, “...Төслийн санхүүжилтийн асуудал” юу болж дуусах вэ. Юу ч биш болох дог. Үүнээс гадна “Эрдэнэтийн 49”-ийн хэмээх хэрэг “эзэн” нь байхгүйд шүүхэд шилжлээ. Бараг дөрвөн сар үргэлжилсэн Хөгжлийн банкны шүүх хурлын “...Би яагаад энд зогсож байгаа юм бэ” гэж тус банкны олон ажилтан хэлж байсан. Сая ногоон автобус дээр ч нийтийн тээврийн хэдэн дарга л баригдах шив. Газрын наймаа гээд олон жил ярьсан. Хэн, хэзээ ийм асуудлаар шалгуулсан бэ. Ийм, тийм учир шалтгааны улмаас л энэ нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ногоон автобусны хэргүүд “ориг” авлигачгүйгээр шалгуулаад, тэгсгээд замхрах тал руугаа орж мэдэхээр л байна. Үүнээс өмнөх “Эрдэнэт”, ЖДҮ, бондын асуудлууд ийм л төгсгөлтэй байсан.

Ер нь бол нам дагаж далдаганадаг, цүнх барьж далчигнадаг нөхдүүд л “орлон тоглогч” болж баригддаг. Авлига нь баригдах гэвэл тэднийг золионд  шиддэг. Тэгдэг нь олон хэргээс харагдлаа. Яг “ориг” авлигач бол гарын үсэг зурж, баримт нотолгоо үлдээдэггүй. Тэгэхээр Ордондоо л үлддэг. Тийм л юм болоод байна даа.

 “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-10-24 04:29:36
    Ер нь албан тушаал ахих сайхан ард нь ингэж шүүх цагдаа болж хүний хийсэн хэргийг үүрч явах хэцүү шүү дээ шалгагдаж бгаа хүмүүс бол дандаа л бага тушаалынх
  • Иргэн  2023-10-24 04:14:11
    Дандаа жараахайнууд баригддаг.