Манай улсын 15 наснаас дээш хүн амын 60.0 хувь нь шашин шүтдэг
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс өнөөдөр (2023.10.18) Монголын Бурхан Шашны төв-Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Монголын Бурхан шашны тэргүүн 10 дугаар Богд Жавзандамба хутагт тодорч, энэ үйл явдал Монгол Улсыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулж буй энэ цаг үед хуулийн хэрэгжилтийг хэлэлцэж байгаа нь чухал юм хэмээн Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлов. Тэрбээр, Төр, сүм хийдийн харилцааны асуудал бол ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүх, уламжлал, боловсрол, хүмүүжлийн онцгой ач холбогдолтой бөгөөд төрөөс шашны талаар баримтлах бодлого нь ямар байхаас сүм хийдийн харилцаа, нийгэмд үзүүлэх үр нөлөө нь хамаардаг гэсэн юм. Монгол Улсын 2020 оны хүн ам, орон сууцын тооллогоор манай улсын 15 наснаас дээш хүн амын 60.0 хувь нь шашин шүтдэгээс 90.0 орчим хувь нь буддын, 5.4 хувь нь мусульманы, 4.2 хувь нь бөөгийн, 2.2 хувь нь христийн шашин шүтдэг гэсэн судалгаа гарчээ.
Төр ба шашны харилцааг Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуддаа тусгаж байсан бөгөөд эхний гурван Үндсэн хуульд шашныг улс төрийн, улсын, төрийн хэрэг болон сургуулиас тусгаарласан заалтууд орж байсан бол 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараагаар үзэл бодол, итгэл үнэмшил, шашин шүтэх эрхийг эрх зүйн хүрээнд хуульчлан баталгаажуулсан юм. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд, төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ, төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэхгүй, төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна хэмээн тодорхой заасан бөгөөд иргэдийн шашин шүтэх, эс шүтэх, мөн итгэл үнэмшлээ өөрчлөх эрх чөлөөг баталгаажуулсныг Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх, Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал илтгэлдээ дурдав. Дэлхийн улс орнууд төр ба шашны харилцааны суурь зарчмыг тус тусын Үндсэн хуульд тусгадаг бөгөөд ингэхдээ хоёр үндсэн асуудлыг шийдвэрлэдэг нь иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, мөн сүм хийд болон сүсэгтнүүдийн эвсэл, холбоодоос төртэй харилцах харилцааг зохицуулдаг байна. Ихэнхдээ төр, шашны үйл ажиллагааг тусгаарлаж, харилцааг хязгаарладаг боловч Ирак, Иран, Йемен, Бутан зэрэг улс оронд төрийн шашныг Үндсэн хуулиар тунхагласан байдгийг Хууль зүйн ухааны доктор, дэд профессор В.Удвал харьцуулан тайлбарласан юм.
Төр, сүм хийдийн харилцааны тухай Монгол Улсын хуулийн зохицуулалт, түүний хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудлын талаар Хууль зүйн ухааны доктор Б.Өлзийсайхан илтгэлдээ, ХЗДХЯ-наас 2016 онд шалгалт явуулахад манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 848 шашны байгууллагын 41.5 хувь нь зөвшөөрөлгүй гэсэн дүн гарсныг дурдав. Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2018 онд тус хуулийн зохицуулалтыг ОХУ, БНХАУ, ХБНГУ-ын хуулиудтай харьцуулан судлаад шашны байгууллагын бүртгэл, үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт хийснийг тэрбээр танилцуулаад, хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс иргэдийг сүсэг бишрэлээр нь далимдуулан хохироох, насанд хүрээгүй хүүхдүүдийг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хувийн хэвшлийн дунд сургууль дээр өдөр өнжүүлэх нэртэйгээр шашны үйл ажиллагаа явуулах зэрэг хууль зөрчсөн асуудал их байгааг ХЗДХЯ-наас хуулийн хэрэгжилтийн үр дагаварт 2018 он хийсэн үнэлгээний тайланд үндэслэн ярив. Их, дээд сургууль дээр ч ийм явдал гарч, оюутан залуусыг олноор нь шашны үйл ажиллагаанд татан оролцуулж байгааг тэрбээр сэрэмжлүүлсэн юм.
Хуулиар, төрөөс сүм хийдтэй харилцах харилцааг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга тус тус эрхлэн гүйцэтгэхээр зохцуулсан боловч ХЗДХЯ-ны нэгж татан буугдаж, уг асуудлыг хариуцсан мэргэжилтэн нь тогтвортой ажиллахгүй байгааг эрдэм шинжилгээний бага хурлын оролцогчид ярьж байлаа. МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим доктор О.Бумдарь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шашны байгууллагын талаар гаргасан шийдвэрүүдэд шинжилгээ хийсэн судалгаагаа танилцуулав. Өнөөдөр шашны байгууллагын бүртгэлийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хийж байгаа бөгөөд холбогдох журмыг өөрсдөө батлан хэрэгжүүлж байгаа юм. Журмуудад, сүм хийд шинээр байгуулахад бүрдүүлэх бичиг баримт, зөвшөөрлийн хугацааг сунгах, цуцлах, хяналт тавих болон шашны байгууллагын үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлс зэрэг нийтлэг агуулгыг тусгадаг бөгөөд зөвшөөрлийн хугацааг зургаан сараас таван жил хүртэл харилцан адилгүйгээр олгож байгааг доктор О.Бумдарь илтгэлдээ дурдлаа. Шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг журамд тусгахдаа ажлын хэсэг, зөвлөл зэрэг бүтцээр хэрэгжүүлэхээр зааж, тэдгээрт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, татварын байгууллагуудын төлөөллийг оролцуулдаг ч мөн л харилцан адилгүй байна. Иймд аймгуудын журмыг нэгтгэж, төрөөс сүм хийдтэй харилцах харилцааг зохицуулсан нийтлэг нэг журмыг мөрдүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах, шашны асуудлыг хариуцсан төрийн байгууллага байгуулж чиг үүргийг тодорхой болгохж хуульчлах шаардлагатайг тэрбээр дүгнэсэн юм.
Төр болон шашин, сүм хийдийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг шинэ түвшинд гаргах шаардлага байгааг “Оюуны Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн докторант Т.Алтангэрэл танилцуулав. Тэрбээр шашны нийгэмд үзүүлэх эерэг үүрэг, оролцоог хүлээн зөвшөөрөх, мөн төр ба сүм хийдийн хамтын ажиллагааг хуульчлах шаардлагатай гэсэн юм. Ингэхдээ шашин бүр нэгдсэн удирдлага, бүтэцтэй, өөрөө удирдах тогтолцоотой байх, үүн дотроо нийтийн эрх зүйн субьектын статус бүхий олон нийтийн шашны байгууллага болон сүм хийдийн ялгаа заагийг тодорхойлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт, татварын асуудлыг нарийвчлан зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа АНУ, Францын эрх зүйн харилцааг эш болгон тайлбарлалаа. Түүний тодорхойлсноор нийтийн эрх зүйн статустай шашны төв байгууллага нь нийт салбаруудаа нэгтгэдэг, өөрөө дотоод дүрэм, журмаа баталж, мөрдүүлдэг, шинээр байгуулагдах салбар, сүм хийдийг бүртгэж, баталгаажуулдаг, тэр бүү хэл лам, санваартнуудаа бүртгэх, эрх олгох, ёс зүйн кодыг мөрдүүлэх зэрэг нийтлэг үүрэгтэй байх ёстой юм. Орхимж, нөмрөг асаасан л бол лам гэж үзэх үү, үгүй юү, тэднийг лам, санваартан гэдгийг хэн, хэрхэн батлах вэ гэдэг асуудал тодорхойгүй байдгийг энэхүү тогтолцооны шинэчлэлээр шийдвэрлэх боломжтой хэмээн тэрбээр илтгэлдээ дурдав.
Эрдэм шинжилгээний бага хурлын хэлэлцүүлгийн үеэр түүхийн ухааны доктор О.Батсайхан, Монголын буддын шашинд хэлмэгдүүлэлтийн нөхөн төлбөр олгох тухай асуудлыг хөндсөн бол Монголын Бурхан Шашны төв-Гандантэгчэнлин хийдийн лам Б.Жамбалжав, аймаг, нийслэлийн шашны асуудал эрхэлсэн нэгж, мэргэжилтнүүд шашны боловсролгүйгээс бодлогогүйгээр зөвшөөрөл олгох, газар өгөх зэрэг явдал гардгийг ярьсан юм. Мөн Ардын их Хурлын дарга, Улсын Их Хурлын дэд дарга асан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Ж.Гомбожав, манай улсын хүн амын зан араншин, өв уламжлал, үзэл бодолд маш их сөрөг хандлага хуримтлагдсаныг дурдаж, шашны соён гэгээрүүлэх үүргийг сайжруулах талаар хуулийг чамбайруулан сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Зүүн хүрээ Дашчойлин хийдийн дам Ц.Алтанхүү, төрөөс хэрэгжүүлж байгаа цахим үйлчилгээнд шашны байгууллагыг төрийн бус болон бусад олон нийтийн байгууллагаас ялгаж, сүсэгтэн олны хандиваар байгуулагддаг онцлогийг харгалзан эцсийн өмчлөгчийг тодорхойлох зэрэг асуудлуудыг уян хатан шийдвэрлэх шаардлагатайг ярьсан бол, Удирдлагын академийн багш Ж.Алтайхүү, бүртгэлийг нарийвчилж, шашны урсгал, култуудад хяналттай хандах шаардлагатайг хэлсэн юм.
Эрдэм шинжилгээний бага хурлын чиглүүлэгч, Монгол Улсын Гавьяат хуульч Н.Жанцан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд Бурхны шашин бол Монголын зонхилох шашин гэж заасныг тодотгон тайлбарлах ёстой байсан боловч үүнийг хийгээгүй нь ихээхэн асуудал үүсгэж байна гэсэн юм. Мөн тэрбээр, шашнууд тус бүрдээ нэгдсэн удирдлагатай байх тухай докторант Т.Алтангэрэлийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, бүртгэл зөвшөөрөлгүйгээр шашны үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд төр, түүний бодлого, хуулийн дээдлэхгүй байгаа тул цэгцэлж шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн, шашны байгууллагаар дамжуулан мөнгө угаах зэрэг гэмт үйлдэл хийх явдал дэлхий дахинд элбэг байдгийг тэрбээр сануулж, шашин бол философийн шинжлэх ухааны нэг бие даасан чиглэл тул шинжлэх ухаанчаар хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм.

Эрдэм шинжилгээний бага хуралд Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Бурхан Шашны төв-Гандантэгчэнлин хийдийн төлөөллүүдээс гадна Монгол Улсын Их сургууль, ШУА-ын Философийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөл оролцож санал, бодлоо хуваалцсан нь үр дүнтэй, ажил хэрэгч болсныг Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа уг хурлыг хааж хэлсэн үгэндээ тэмдэглээд, дараа дараагийн өргөн хүрээтэй хурал, хэлэлцүүлгүүдэд хуульч, эрх зүйч, судлаачдаас гадна сүм хийдийн эрдэмтэн лам нар, санваартнуудынхаа илтгэлийг хэлэлцүүлэхээр төлөвлөж буйгаа хэлсэн юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2023-10-19 21:23:57
    Hariin shashin ih tugeevel eh oron elgen nutgaasaa urvahad belen setgehuitei boldgiig harj mederch avaarai.