Байнгын хорооны гишүүд 550 тэрбум төгрөгийн бонд гаргахыг дэмжив
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуваарийн дагуу өнөөдөр үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан саналын томъёоллуудаар санал хураалт явуулав.  Хуулийн төслийг боловсруулах шатанд ажлын хэсэг 550 тэрбум төгрөгийн бонд гаргах нь зүйтэй хэмээн үзжээ.  Санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь 550 тэрбум төгрөгийн бонд гаргах нь зөв хэмээн үзэж, дэмжив.

Мөн Монголын Улсын 2014 оны төсвийн тодотголын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагч нарын бараа, үйлчилгээний зарим зардлыг 40 837.3 сая төгрөгөөр бууруулахаар тооцсоныг байнгын хорооны ажлын хэсэг 38 362.6 сая төгрөг болгож өөрчлөх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.  Ажлын хэсгээс дэмжээгүй 18 саналын томъёоллоор санал хураалт явуулснаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
  Дараа нь “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуулаар санал хураалт явуулж дэмжив.

  Байнгын хороо үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine