Д.Дорлигжав: Нууцлахгүй бол Ил тодын хуулиар өршөөх нь утгагүй болно

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

Түрүүч нь 

Б.Ариунсан: Ил тодын хуулиар хэдэн том компани өрөө цайруулах гээд байна гэж болохгүй

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Хоёр асуудал байна. Нэгдүгээрт бид Эрүүгийн өршөөлийн хуулийг гаргах гэж байгаа. Тэгээд заавал ингэж тусгай хууль гаргах гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Хоёрдугаарт Эдийн засгийн Өршөөлийн тухай хууль, Эрүүгийн хуульд өршөөл үзүүлэх тухай хуульд чинь захиргааны хариуцлага хүлээсэн этгээдэд өршөөл үзүүлэх тухай нэг ч заалт байхгүй. Энэ ямар учиртай юм бэ.Тэгэхээр энэ хууль дотроо эрх мэдэлтнүүд, ялангуяа улс төрийн албан тушаалтнууд, төрийн өндөр албан тушаалтнууд түүний гэр бүлийн хүмүүст энэ өршөөлийн хууль хамаарахгүй гэдэг заалт оруулж өгч болохгүй юу. Үүн дээр надад нэг хариулт өгөөч?

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

-Түрүүний УИХ-д өргөн мэдүүлж байсан Эдийн засгийн өршөөлийн тухай хуультай андуураад байх шиг байна. Одоо энэ өргөн барьсан хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн зүйл ангиуд байхгүй. Хоёр дахь асуудал бол дараагийн Өршөөлийн хууль ярихад л ярилцах асуудал юм шиг байна. Энэ Эдийн засгийн ил тод байдлын тухай энэ хуулийн төсөлд албан тушаалын хэрэг байхгүй.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Энэ 6.2 дээр байгаа заалт их сонин юм байна. Хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, эх үүсвэр, хэмжээ, үнэ өртгийг нууцална. Нотлох баримт болгон ашиглахыг хориглоно гээд байгаа юм. Өршөөж болно. Заавал нуух ямар шаардлагатай юм бэ. Харин түүнийгээ ил тод хэлэх ёстой юм биш үү. Үүний цаана ер нь ямар юм нуугдаад байна вэ. Энд л хамгийн их сэжиг төрөөд байна. Түүнээс баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдэнд туслахыг би зүйтэй гэж үздэг. Гэтэл далбаан доор юм л хийх гээд байна даа. Нөгөө Чингис бондын мөнгийг зувчуулсан, идсэн,  гаднын зээл юмнуудыг нааш нь цааш нь болгосныгоо л цэгцэлж авах нь гэж би хардаад байна. Хоёрдугаарт нь Б.Ариунсан дарга хэлээд байна л даа. Энэ компаниуд их хүнд байдалд орсон. Хямрал болоод одоо бүр их хүнд байдалд орж байгаа гэж байна. Тэгэхээр энэ юунаас болоод хүнд байдалд ороод байгаа юм бэ гэдгийг Засгийн газар судалж үзсэн юм уу. Хуулийн заалтууд болохгүй байгаа юм уу, ийм хүнд байдалд оруулаад байгаа юм уу. Тийм байгаа бол тэр хуулийн заалтуудаа харин өөрчлөх, боловсронгуй болгох тийм юмаа хийх юм уу. Зөвхөн ингээд л өршөөгөөд л нөгөө хуулийн заалтууд нь хэвээрээ байгаад байгаа юм бол тэр хуулийн орчин нь хэвээрээ байгаа юм бол дахиад л ийм асуудал үүснэ шүү дээ. Гуравдугаарт нь Татварын өршөөлийн хуулийн дараагаар бий болсон энэ 4.5 их наяд төгрөг чинь зөвхөн тэр хуультайгаар холбоотой орлого гэдгийг та нар юугаар яаж нотлоод байгаа юм бэ. Угаасаа бизнес нь тэлсэн, хөгжсөн, өргөжсөнтэй холбоотой орсон юмнууд байхгүй юм уу?

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

-Нууцална гэдэг бол энэ хөрөнгөө төчнөөнийг аваад ирлээ шүү гэж албан ёсоор заавал зарлах шаардлагагүй л гэж үзэж байгаа. Түрүүний Татварын өршөөлийн хууль дотор бас яг ийм хэлбэрээр орсон байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, өршөөгөөд ар талаас нь баалахгүй гэсэн санал юм уу. Тэгээд бид нар түрүүний Өршөөлийн хуулийн жишгээр нууцална гэдгээр оруулсан. Нотлох баримт болгож ашиглахгүй гэдэг бол өршөөж байгаагийн утга юм. Нэг талаас энэ Ил тод байдлын хүрээнд дэмжиж өршөөгөөд, тэр хүний нотлох баримтаар нь өөр юманд буруутгах гээд яваад байж болохгүй гэсэн санаа. Ингэхгүй бол өршөөл гэдэг өөрөө утгагүй болох юм.

Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан:

-Тэр 4.5  их наяд гэдэг чинь бизнес өссөн компаниуд илүү ажилласнаараа орж ирсэн орлого биш л дээ. Өршөөл үзүүлээд ил тод болгосон тусгай тайлан дээр гарсан нийт дүнг хэлж байгаа. Яг тэр жилд, тэр зургаан сард тусгайлсан тайлан дээрээ ил болгож мэдүүлснээр бүртгэгдсэн хөрөнгө нь 4.5 их наяд.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Энэ хуулийн нэр нь Эдийн засгийн ил тод байдлыг ихээр дэмжих тухай гэсэн. Тэгсэн хэр нь дотроо нууна гээд байгаа чинь ямар учиртай юм бэ гэж л би асуугаад байгаа юм.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

-Ойлгомжтой л юм асуугаад байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй дарж байсан хүмүүс сайн дураараа тайлагнаад ирж байгааг нь ил тод болгож өгье, зөвшөөрье, элдэв хариуцлага ярихгүй гэсэн санаа, ийм л утгатай юм шүү дээ. Энэ хүний төчнөөн юм ил боллоо, энэ хүн ийм юм нууж байсан байна гээд зарлаад байхгүй л гэж байгаа юм. Тэгэхээр нэг талаасаа нуугаад нөгөө талаасаа баалсан ийм үйл ажиллагаа. Тэр хүн өөрөө түүнийгээ ил хэлнэ үү, дараа нь миний ийм хөрөнгө байсан сүүлд энэ хууль гарсны дараа бүртгүүлсэн гээд хэлээд явах юм уу, бусад журмаар мэдээлэл гарахад бүгдийг хориглож байгаа зүйл ерөөсөө биш. Өршөөчихөөд ар талаас нь би энэ үүнийг ингэж өршөөлөө, энэ төчнөөн юм дарсан байна, ийм хөрөнгөтэй байсан байна гэж зарлахгүй л гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Гишүүдийн хэлээд байгаа м.хазарт буюу буруу авир төрхийн эрсдэл гарах шинжтэй байна. Үүнийг хоёр байдлаар шийдэж болж байна. Өмнөх энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг хараад байхад интервалл нь бол голдуу 5, 6 жил болоод байна. Ингэж дасгаж болохгүй л дээ. Тэгэхээр энэ хуульдаа дахиж 10 жилийн дотор ийм зүйл хийхгүй байх ёстой. Энэ бол нөгөө м.хазарт буюу тэр авир төрхийн буруу авир төрхийн эрсдэл үүсэхээс хамгаалсан нэг заалт болно. Энэ талаас нь бас бодож үзвэл цаашдаа яасан юм бэ. Хоёрдугаарт дурдаж байгаа хуулийг хараад байхад дутуу зарим хуулиуд байна. Жишээлбэл Гаалийн тарифын тухай хууль болон бусад гаальтай холбоотой хуулиудыг нь оруулж өгөхгүй бол үүн дээр олон харилцаа байдаг. Тухайлбал гаалиар байнга дутуу мэдүүлж орж, гардаг. Тэр нь бараг байнгын тогтмол болсон энэ үйл ажиллагаануудыг яах вэ. Энэ асуудлыг нэг удаа ингэж өргөн хэмжээгээр сайтар бодож боловсруулаад нэг удаагийн ийм арга хэмжээ аваад, дараа дараагийн 10 жилд авахгүйгээр бодож хийх ёстой? 

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

-Гаалийн тарифын зөрчлийн асуудал бол эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, захиргааны шинжтэй хариуцлага болж өнгөрдөг юм байна. Мөн цаашдаа сөрөг үр дагавар гаргахгүй байхын тулд тодорхой хугацаагаар 10-аас доошгүй хугацаагаар дахиад энэ чиглэлээр бол Өршөөлийн хууль гаргахгүй гэдгийг хүлээж авах зүйтэй санал гэж бодож байна. Яагаад вэ гэхээр зэрэг энэ өршөөлд 100 хувь энэ хүмүүс юмаа авч ирээ ч билүү, өгөө ч билүү. Тийм учраас ойрын 10-аад жилд дахиад ийм юм байхгүй гэж ойлгосон хүмүүс нэлээд өргөн хэмжээгээр энэ хуулийн хүрээнд хамрагдах боломж байгаа учраас энэ саналыг бол дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр өнөөгийн Засгийн газрыг байгуулах зорилгоор хоёр намын хамтарсан ажлын хэсэг гарахад яг ажил хэргийн ширээн дээр суугаад хамгийн анхны асуудал болгож АН-ын зүгээс тавьсан хуулийн төсөл энэ л дээ. Хэл амгүй хамтраад, дуугүй шиг үүнийг батлаад явъя гээд. Түүнийг Б.Гарамгайбаатар гишүүн сайн мэдэж байгаа. Манай ажлын хэсгийг ч гэсэн нэлээн гайхшралд оруулсан. Бид чинь бас энэ улс орны эдийн засгийн төлөө, үүсээд байгаа энэ хямралыг хамтдаа даван туулахын тулд юу хийх ёстой юм бэ гэдгээ ярихаас биш нөгөө хулгай хийсэн хүмүүсийг хаацайлан өршөөх, ийм хуулийн төслөөс хамтарч эхлэхгүй гэдэг хэрүүл үүнээс л эхэлсэн юм. АН-ын нөхөд маань яг өнөөгийн нөгөө бодит төрх нь энэ хуулиар илэрч байгаа юм. Тэр нь ил гарч байгаад хувьдаа бас баярлаж байна. Хоёр ч асуулт байна. Би сүүлд энэ хуулийн төсөл дээр завсарлага авсан. Шударгаар төлдөг нь яах юм бэ гээд. Түүнийг шийдэх ганц л арга зам, гарц байгаа. Хууль зөрчсөнийг нь хуулийн хариуцлага хүлээлгэхгүй ялаас хэлтрүүлээд харин цаг хугацааны хувьд уян хатан байдлаар төлөх ёстой татварыг нь нөхөн төлүүлэх бол яг шударга байдлыг хангах юм. Тэгвэл шударгаар татвар төлдөг хүмүүс нь барьцах, гомдол мэдүүлэх огт шаардлага байхгүй. Адилхан л төлөх ёстой. Ийм байдлаар шийдвэл яасан юм бэ. Хоёрт ингээд хууль зөрчсөн бизнесийнхэн болон улстөрчид нь ингээд өршөөгддөг юм байж. Тэгээд олон нийтэд ил болохгүй. Дагалдаад хариуцлага байх ёстой л доо. Жишээлбэл, энэ 76 дотор сууж байгаа зарим нөхөд байхыг үгүйсгэхгүй. Дахин нэр дэвшилтэд нь хязгаарлалт болон хариуцлага тооцдог ч юм уу, энэ бизнесийнхэнд нь тендерт оролцуулдаггүй байдаг ч юм уу, дахиад орвол ял нь хүндэрдэг ч юм уу, нэг тийм хариуцлагын юм ерөөсөө огт байхгүй байна. Үүнийг шийдэх арга зам байдаггүй юм уу?

Хууль зүйн сайд Д.Дорлигжав:

-Буруу зүйл хийсэн иргэнийг яллах, өршөөх бодлого дээр төрийн бодлого тэнцвэржиж, тогтож явдаг биз. Түүн дээр гомдох нь ч, баярлах нь ч гарна. Тэгэхээр хэрэв эргэж тэр татварыг нь төлүүлнэ, бүх хураамжуудыг нь авна гэх юм бол энэ Өршөөлийн утга алга болох байх л даа. Хоёрдугаарт нь, хэрэв ийм хариуцлагаас чөлөөлөгдсөн хүн байх юм бол аливаа төрийн албанд орох, улс төрийн юунд ч нэр дэвшихийг тодорхой хугацаанд хязгаарлах хариуцлагын юмыг энэ хуульд ч юм уу, хаа нэгтээ байж болно..

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Гол хүсээд байгаа юм маань энэ л дээ. Бизнесийнхний хүрээнд бол өршөөлд хамрагдлаа гэхэд тодорхой хэмжээнд эрх нь хязгаарлагдах,  хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд хамрагдахгүй байх ч байдаг юм уу, аливаа тендерт оролцохгүй байдаг юм уу, үүнийг нь бас тодорхой хугацаагаар заагладаг. Эргээд энэ хугацаанд шударгаар татвараа төлсөн тохиолдолд тодорхой хэмжээнд бас урамшуулал байдаг. Энэ улстөрчдийн хувьд нэр дэвших эрхийг нь, тодорхой төрийн өндөр албан тушаалд томилогдох эрхийг нь тодорхой хугацаагаар зааглаж өгдөг зохицуулалтыг нэмэх нь зөв байх. Тэгэхгүй бол арай дэндүү л хууль орж ирж байгаа шүү дээ. Үүнийг санал болгож протоколд тэмдэглүүлмээр байна. Тэгээд дараагийн ажлын хэсэг дээр энэ байдлыг бас харгалзаад саналаа оруулж ирэхийг хүсэж байна.

УИХ-ын дарга З.Энхболд: 

-Гишүүд асуулт асууж дууслаа. Үг хэлэх гишүүдийг бүртгэе. Х.Болорчулуун гишүүнээр тасаллаа.

 

Үргэлжлэл бий...

“Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.