С.Бямбацогт: Бид асуудлыг шийдэж, уналтыг зогсоох гэж засагт хамтарсан

Эрх баригч АН засагт хамтрах асуудлаар парламентад суудалтай улс төрийн намуудтай хийсэн зөвшилцлөөсөө ухраад байгаа. Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МАН-ын бүлгийн хуралдаанаар зөвшилцлийн асуудлыг хэлэлцээд ямар шийдвэрт хүрсэн юм бэ?

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тавьсан саналыг МАН Бага хурлаараа хэлэлцэж засагт хамтрах шийдвэр гаргасан. Бид албан тушаал бодож энэ Засгийн газарт хамтраагүй. Бид тулгамдсан асуудлыг шийдье, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавья, эдийн засгийн уналтыг зогсооё, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье гэдэг үүднээс Засгийн газарт хамтарсан. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, ард олны амьдрал хүнд байна.

Тиймээс манай нам ачааны хүндийг хуваалцаж үүрье, хариуцлагыг ч мөн хуваалцъя гэдэг үүднээс засагт хамтарсан. Харамсалтай нь Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томилохдоо намуудын тохиролцооноос буцсан. Зөвшилцөл ёсоор МАН-д долоон дэд сайд, АН, ИЗНН-д нийлээд тав, "Шударга ёс" эвсэлд гурван дэд сайдын суудал хуваарилна гэж тохирсон. Бид анхнаасаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, төрийн албыг чадварлаг байлгах шаардлага тавьж байсан. Хамтарсан Засгийн газрыг 19 сайдтай байлгах эрх баригч намын шаардлагыг арга буюу хүлээн авсан.

Гэвч дахиад л 15 дэд сайдыг 17 болгон нэмэгдүүлэх данхайсан бүтцийг оруулж ирсэн. Мөн дөрвөн яамны төрийн нарийн бичгийн даргыг асуудал эрхэлсэн сайдтай нь зөвшилцөхгүйгээр "хулгай"-гаар, нууцаар томилсон явдал нь итгэлцэл, зөвшилцөл, ойлголцлын үндсэн дээр хамтран ажиллах явдлыг үгүйсгэж байна. Итгэлцэл, ойлголцол байхгүй бол цаашид хамтарч ажиллахад хүнд. Иймээс Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаанд дуудаж, энэ асуудлаар тайлбар сонсож, гаргасан алдаагаа эргэж харж засахыг шаардсан.

-Ерөнхий сайд бүлгийн хуралдаан дээр ямар тайлбар хэлсэн бэ?

-Бид эхнээсээ тохирсон зарчмаа баримтлахыг шаардсан. Харин Ерөнхий сайд "Ажлын хэсгийн протоколд МАН-д долоон дэд сайд гэж бичсэн. Харин таван дэд сайдын талаар ороогүй, тохироогүй байсан учраас дэд сайдын орон тоогоо нэмсэн" гэж хэлсэн. Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооны  тухайд өмнөх бүтцээрээ үлдсэн дөрвөн яамны  төрийн нарийн бичгийн даргыг улираан томилсон гэж тайлбарласан.

Гэхдээ үүссэн асуудал бол Ерөнхий сайдын  тайлбарласан шиг биш юм. Өмнө нь Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн яам тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. Өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өргөн барьсан бүтцийн өөрчлөлтөөр энэ хоёр яамыг нэгтгэхээр болсон. Тус тусдаа хуулиуд явж байгаа. Сая Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинэ Засгийн газрын бүтцийг өргөн барихдаа уг хоёр яамыг салгахаар болсон. Бүтэц нь дахин өөрчлөгдсөн яаманд хуучин төрийн нарийн бичгийн даргыг  томилсныг бид зөв гэж үзэхгүй байгаа.

Манай нам барилга, хот байгуулалт, зам тээвэр, хөдөлмөр, байгаль орчин, санхүү зэрэг хүнд салбарыг хариуцаж байгаа. Энэ салбарын сайд нарт гар нийлж ажиллах багаа бүрдүүлэх бололцоог нь олгох ёстой. Ийм боломж бүрдэхгүйгээр сайд нар хүнд салбаруудыг авч явахад учир дутагдалтай. Ажил явуулахын тулд л бид асуудлыг тавьж байгаа.

Д.Цогтбаатар: Төрийн нарийн бичгийн дарга томилсон тогтоолд гарын үсэг зурахгүй

Мөн Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар энэ асуудлаар  тайлбар хийлээ.

-Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргыг томилсон асуудлыг сайдын хувиар эсэргүүцэж байгаа. Хамгийн ажил хэрэгч хандлага бол тухайн салбар хариуцсан сайдтайгаа зөвшилцөж байж асуудлыг оруулж ирэх ёстой. Би өөрөө төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Тухайн салбарынхаа сайдтай огт ярилцахгүйгээр, тэр хүнийг байхгүй мэтээр энэ томилгоог оруулж ирсэн нь Засгийн газрын хуулийг зөрчиж байна. Нөгөө талаар зүй ёсны зөвшилцөл явж байхад итгэлцлийн гол сууриа үгүйсгэж байгаа хэрэг. Тиймээс бид энэ томилгоог хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч гэсэн би сайдын хувиар тогтоолд гарын үсэг зураагүй. Зөвшилцөл дуустал төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэбүрэнг ажилд нь оруулах боломжгүй. Зөвшилцлийн хүрээнд харилцан итгэлцэл дээр үндэслэн бүх асуудлыг шийдэх боломж байхад ингэж хүч түрж асуудлыг шийдэх гэж оролдож байгааг Засгийн газарт ажиллаж буй манай сайд нар ч ойлгохгүй байгаа.

-Төрийн нарийн бичгийн дарга нарыг Засгийн газрын хуралдаанаас томилоход та бүхэн эсэргүүцэж болоогүй юм уу?

-Бид байр сууриа илэрхийлсэн. Шадар сайд болон би асуусан. Энэ чинь юу болж байна аа, зөвшилцөл явж байгаа юм биш үү гэж Ерөнхий сайдаас асуусан. Гэтэл төрийн албан хаагчийн асуудал дээр тийм юм байхгүй гээд шууд алхаа цохьсон. Алхаа цохих нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Харин тогтоол дээр гарын үсэг зурахгүй байх нь салбар хариуцсан сайдын эрх мэдлийн асуудал.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-22 02:24:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.167
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-22 01:54:57
    Битгий хуц новшоо бас нэг балай худалч гар. Өөрийгөө лаг гээд бодчихсон тэнэг гар.
    203.91.119.234
    Мэдэгдсэн Хариулах
  • ooo 2014-12-19 10:25:01
    uilan dugarsan batsaanuud mini zasagt orohgui zailtsgaa.
    202.131.242.237
    Мэдэгдсэн Хариулах