“Монгол уран бүтээл” хөтөлбөр яамтайгаа хамт татан буугдсан уу

Хүүхдэд зориулсан Монгол уран бүтээл төрөөгүй олон жил болж. Өөрөөр хэлбэл Монголын үндэсний уран бүтээлүүд гадаадын бүтээлд байр сууриа алдчихаад байгаа нь энэ юм. Гэтэл хүүхдүүд хамгийн ойрын эх сурвалж болох телевиз, радио, цахим хуудсаас мэдээлэл авч хүмүүжиж байгааг судалгаагаар тогтоож. Энэ тохиолдолд бид үр хүүхдүүдээ Монгол ёс уламжлалыг мэдэхгүй байна хэмээн шүүмжлэх нь буруу юм.

Нэгэн судалгааг авч үзье. 2014 оны 3 дугаар сарын эхний 2 долоо хоногийн хугацаанд телевизийн 23 сувгаар нэвтрүүлсэн 3100 орчим цагийн хөтөлбөрт хийсэн судалгаанаас үзэхэд, уран сайхны киноны хөтөлбөрийн 29.21% нь Монгол уран бүтээл, 70-79% нь гадаадын уран бүтээл байв. Эндээс харахад Монгол Улсын иргэн, хүүхэд, өсвөр насныхны телевизээр үзэж буй гурван кино тутмын хоёр нь гадаадынх байна.

Түүнчлэн Монголын радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн нийт мэдээллийн 5,9 хувийг хүүхдэд зориулсан хөтөлбөр эзэлж байгаа бөгөөд хүүхдийн  нас сэтгэхүйд нийцсэн үндэсний нэвтрүүлэг хангалтгүй байдаг. Түүх, хэл соёл, зан заншил, хүүхэд залуучуудын ёс суртахуун, зан төлөвт сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулгыг хязгаарлах хяналтын тогтолцоо, эрх зүйн орчин хангалтгүй нь судалгаанд тусгагджээ.

Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас дээр дурдаж буй алдаа дутагдлыг арилгаж, хүүхэд залуусдаа Монголын ёс уламжлалыг сурталчлан таниулан зорилгоор “Монгол уран бүтээл” хөтөлбөрийг боловсруулж, улмаар УИХ-аас дэмжлэг авч санхүүжилтээ ирэх оны төсөвт багтаагаад байсан билээ. Байсан билээ гэдгийг учир нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж ССАЖЯ татан буугдаж, бусад яамд руу чиг үүргийн дагуу хуваарилагдаад байгаа юм. Үүнээс шалтгаалж “Монгол уран бүтээл” хөтөлбөр хэрэгжих эсэх нь тодорхойгүй болж, уран бүтээлчдэд эргэлзээ төрүүлээд байна.

Уг нь Монголын уран бүтээлчдээ төрийн зүгээс дэмжснээр үндэсний агуулгатай бүтээлийн тоо нэмэгдэж, нөөц бүрдэх давуу талтай. Үүний дараа телевизийн сувгаар гадны биш дотоодын уран бүтээлүүдийг үзэж түүгээр хүүхэд залуус хүмүүжих боломжийг бий болгохыг дээрх хөтөлбөрөөр зорьсон юм.

Уг нь жилд 10 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байхаар тооцож УИХ-д өргөн барьсан ч эдийн засгийн асуудлаас болоод таван тэрбум төгрөгийг баталж өглөө хэмээн сайд асан Ц.Оюунгэрэл учирлаж байсан. Гэхдээ эхний ээлжинд энэ хөрөнгөөр тодорхой уран бүтээлүүдийг дэмжээд явна. Цаашид төсөв хангалттай батлагдвал Монгол уран бүтээлүүд олноор төрөхөд томоохон түлхэц болно гэж тайлбарлаж байсан ч хөтөлбөр үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болчихлоо.

ССАЖЯ-наас энэ асуудлыг тодруулахыг хүссэн боловч “Чиг үүргийн дагуу яамд руу хуваарилагдсан. Тодорхой хариулт өгөх боломжгүй” гэсэн юм. Чиг үүргийн дагуу гэхээр Боловсрол Соёл Шинжлэх ухааны яаманд “Монгол уран бүтээл” хөтөлбөр хамаарагдах болсон болов уу гэж таамаглаж байгаа. Харин БСШУЯ-нд татан буугдсан ССАЖЯ-наас ирсэн асуудлыг мэдэж хариулт өгөх хүн байсангүй.

Ингээд ирээдүйд хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байсан ч “зөв хөтөлбөр болжээ” хэмээн үнэлэлт аваад байсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрөөс сураг тасрах нь энэ. Гэхдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт батлагдаж, ажлын хэсэг байгуулагдаж, ирэх хоёр дугаар сарын 26-ны өдрийг хүртэл дэмжлэг авах хүсэлтэй уран бүтээлчдийн бүтээлүүдийг бүртгэнэ гэсэн болохоор бас ч итгэл алдчих л үгүй харуулдаж байна.

Засаг төр шинэчлэн байгуулагдаж, зүгшрээд ирэхээр “Монгол уран бүтээл” хөтөлбөрийн талаар нааштай хариу сонсогдох биз ээ. Сураг тавьж л сууя.
 
Ами
Olloo.mn  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.