О.Нарангоо: Улсын аварга болсныхоо дараа л өөрийгөө тамирчин гэж үнэлж эхэлсэн

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа бодибилдингийн улсын аваргад анх удаа оролцоод түрүүлсэн О.Нарангоог урьж, ярилцлаа.

 

-Спорт модель ангилалд улсын аварга болсонд баяр хүргэе. Олон жилийнхээ хөдөлмөрийг тайзан дээр харуулна гэдэг амаргүй даваа байх?

-Би фитнесээр хичээллэж эхлээд зургаан жил болохдоо олон тэмцээнд оролцохоосоо илүү хувийн бэлтгэлдээ анхаарч ирсэн. Харин энэ жил УАШТ-д оролцож үзье гэж шийдээд тэргүүн байр эзэллээ. Өмнө нь хотын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцож, мөнгө, хүрэл медалийг хүртэж байсан. Харин энэ удаад алтан медаль хүртэж, зорьсон зорилгынхоо эхлэлийг тавьж чадлаа. Бодибилдингийн тамирчид бид олон жилийнхээ хөдөлмөрийг тэмцээний тайзан дээр харуулах нь үнэхээр сайхан байдаг. Бид их хүч хөдөлмөрийг зарцуулж, өөрсдийнхөө хамгийн сайн биеийн хөгжилд хүрдэг. Энэ хугацаанд маш олон хэцүү зүйлстэй тулгардаг. Гэхдээ түүнийгээ даваад дараагийнхаа зорилгын төлөө урагшилж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлдэг. Үүний эцэст ямар нэгэн тэмцээнд хэн нэгэн нь аварга болдог.

-Тайзан дээр гараад поз барьж зогсоно гэдэг хэцүү юу?

-Тайзан дээр гараад 30 секундийн поз авдаг болохоор тийм хэцүү биш. Харин харьцуулсан поз дээр 8-9 минут зогсоход үнэхээр хөл, гарын шөрмөс татдаг. Үүнээс гадна тамирчдын бэлтгэл ямар байгаагаас хамаарч хүнд, хэцүү нь мэдрэгддэг юм билээ. Анхны оролцож байсан тэмцээн дээр шөрмөс их татсан. Поз бүр дээр булчин чангарч, хэцүү санагдсан. Харин хоёр дахь тэмцээн дээр бэлтгэл сайн байсан болохоор шөрмөс татах нь бага байгааг анзаарсан. УАШТ-д маш сайн формтой оролцсон учраас ямар ч ачаалал байгаагүй.

-Өөрийгөө анхны оролцсон улсын аваргадаа түрүүлнэ гэж төсөөлж байв уу?

-Зургаан жил мэргэжлийн хүн шиг бэлтгэл хийхдээ өөрийгөө тамирчин гэж бодож байгаагүй. Учир нь өөрийгөө доогуур үнэлж, илүү сайжрах хэрэгтэй гэсэн бодолтойгоор бэлтгэлээ хийж ирсэн. Харин улсын аварга болсныхоо дараа мэргэжлийн тамирчин боллоо гэдэг ойлголтыг өөртөө өгсөн. Тиймээс энэ жилдээ бэлтгэлээ хийгээд дараа жилээс олон улсын тэмцээнүүдэд оролцох зорилгыг өвөртөлсөн байгаа. Дэлхийн аварга болтлоо бэлтгэлээ хийж, тасралтгүй хичээллэх болно.  

-Одоо тамирчин гэдэг нэртэй болсон учраас илүү олон цагийг бэлтгэлдээ зориулж эхлэх болов уу?

-Фитнесийн дасгал хийж байгаа хүн эрүүл амьдралын сэтгэхүйтэй байдаг бол тамирчин хүн 24 цагийн бэлтгэлийг хийж амжилтад хүрнэ гэсэн бодолтойгоор бэлтгэлээ хийдэг. Тийм болохоор цагийн менежментээ сайн тооцоолж, тухайн үед юуг хийж болохоо төлөвлөдөг. Мөн буруу дасгал хийж болохгүй. Тийм учраас сайн судалж, мэддэг байх хэрэгтэй.

-Эмэгтэй хүн учраас бодибилдингээр хичээллээд хэрэггүй гэсэн шалгууртай тулгарч байв уу?

-Анх багш маань бэлтгэл хийх санал тавьж байсан юм. Бэлтгэл эхэлж байхдаа хүндээр хүлээж авч үзэж байгаагүй. Харин гэр бүлийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Мөн хоолны дэлгэм амаргүй байсан. Амьдралд гарч байгаа бүх зүйлсийг давж гарах болж, сахилга батыг чухалчилсан. Хүн зорьсон зүйлдээ хүрэхийн тулд нэг зүйлийг ч буруу хийж болохгүй. Сахилга бат гэдэг зүйл үүнд л сургадаг.

-Нэг талаасаа спорт, нөгөө талаас нь харвал урлаг, гоо зүйн тэмцээн ч юм шиг харагддаг?

-Хүний биеийн төгс сайхныг харуулдаг нь урлаг шиг байгаа байх. Гэвч гэрлийн тусгалаа алдаж тооцоолоод буруу зогсоход л бүтэн жилийн хөдөлмөрөө балладаг хатуу спорт. Бэлтгэл хийх үедээ байнга тольтой ажилладаг бол тайзан дээр тийм боломж байхгүй. Тийм болохоор тамирчны мэдрэмж, багийн ажиллагаа тун чухал байдаг. Мөн тайзан дээр гарч, үзүүлбэрээ үзүүлж дуустлаа юу ч уухгүй байх ёстой. Сүүлчийн дусал шүлсээ залгиж байгаад ямар ч шингэн уухгүйгээр тэмцээний турш байхыг шаарддаг үе ч бий.

-Бодибилдингээр хичээллэдэг эмэгтэйчүүд зөвхөн булчинлаг байхаас гадна уян налархай байх ёстой. Ингэхийн тулд ямар дасгал сургуулилт хийдэг вэ?

-Бодибилдингээр хичээллэдэг эмэгтэйчүүдийн биеийн жингийн 70 хувь нь булчин байх ёстой. Тэглээ гээд зөвхөн төмөр л өргөөд байвал хүний бие хөшүүн болдог. Тиймээс сунгалтын дасгал маш чухал. Дасгал хийхээсээ өмнө бие халаалт заавал хийх ёстой, бэлтгэлийн дараа ч гэсэн заавал булчингаа суллаж сунгалт хийн иог, зумбагийн дасгал хийж байж хав дөрвөлжин биш уян налархай болдог. Үүнийгээ хоол болон дасгалтай хослуулах ёстой.

-Биеийн онцлогоос хамаарч өөр өөр төрөлтэй байдаг уу?

-Биеийн онцлог, булчингийн хөгжил, бие бялдрын ерөнхий хөгжлөөс шалтгаалан үзүүлбэр, үзүүлэлтүүд нь өөр байдаг. Бикини ангилал нь эмэгтэйлэг, спортлог, илүү бие бялдар гоо зүй, уян налархай байдлын үзүүлэлтийг харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл илүү загварлаг талдаа гэсэн үг. Харин фитнес ангилал нь илүү хүнд. Атлетик ангиллыг эмэгтэйчүүдийн хамгийн классик ангилал гэж үздэг бол фитнес ангилалд стандарт заасан аэробикийн үзүүлбэртэй байдаг жишээтэй.

-Бодибилдингээр хичээллэж байгаа хүмүүс булчинтай болохын тулд өнөөдөр 100 шахсан бол маргааш нь заавал ахиулах гээд байдаг талтай. Олон кг шахсанаараа булчингаа томруулах уу, эсвэл өөр үр дүнтэй  арга байна уу?

-Нэг үгээр бодибилдинг бол нийтийн биеийн тамир гэсэн үг шүү дээ. Ямар ч насны хүн хийж болдог. Хамгийн гол нь эхлэхдээ өөртөө зорилго тавьж, сайн судлах хэрэгтэй. Хэрэв жин хасах гэж байгаа бол яаж эрүүлээр жин хасах вэ, калороо хэрхэн зөв тооцох талаар мэдэх хэрэгтэй. Харин жин нэмэх гэж байгаа хүмүүс уураг, нүүрс усаа хэтрүүлж хэрэглэхгүйгээр судалгаа их хийх хэрэгтэй. Зарим хүн “би заавал үүнийг хийж байж, үр дүнд хүрнэ” гээд бодчихдог. Түүндээ хүрэх гээд хүнд бэлтгэл хийж өөрийгөө ядрааж, амьдралын идэвхээ бууруулаад байдаг. Энэ спорт бол шинжлэх ухаантай хосолдог спорт. Тийм болохоор өөрт таарсан дасгалыг хоол, амралтаа тооцоолж системтэйгээр хийгээд байвал богино хугацаанд амжилт гаргах боломжтой. Бэлтгэлийг өдөр бүр хийгээд байвал л бие өөрчлөгдөж гоё болно гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь өөртөө таарсан дасгалын системийг олж, хоолны дэглэмийн талаар зөв ойлголттой байвал амжилтад хүрч, тодорхой үр дүнг үзүүлж чадна гэж бодож байна.

-Бэлтгэл сургуулилтын үеэр алдаа гаргаж байсан үе бий юу?

-Анх хичээллэж эхлэхдээ буруу дасгалыг их хийдэг байсан гэдгээ мэдсэн. Ямар ч судалгаа байхгүй хүмүүсийн заавраар хүнд жинтэй төмөр өргөсөн. Хүнд жин өргөвөл илүү хурдан, гоё биетэй болно гэж хэлээд л өргүүлчихдэг байсан юм билээ. Энэ үеэс миний биеийн хэмжээ алдагдсан байсан. Гурван жилийн хөдөлмөрөө алдаж, дахин судалгаа сайтай хүний удирдлага дор бэлтгэлээ хийж эхэлсэн. Энэ үеэс бие минь эргэн галбиржиж, илүү гоё болж эхэлсэн. Тиймээс залуу үеийнхэн болон шинээр фитнест явж байгаа хүмүүс судалгаа сайн хийж байхыг зөвлөе. Биеийнхээ аль хэсгийг гоё болгох гэж байгаагаа мэдэж, ямар дасгалыг тогтмол хийвэл тохирох хэрэгтэйг мэдэж байвал сайн. Хурдан хугацаанд биеэ гоё болно гэж байхгүй. Тууштай, удаан хугацаанд бэлтгэлээ хийсэн хүн амжилтад хүрнэ.

-Фитнесээр хичээллээд хүссэн үр дүндээ хүрээд гоё болчихлоо гэж бодъё. Харин үүний дараа яах вэ гэдэг асуудал гарч ирэх байх?

-Бодибилдингийн спорт бол аз жаргалыг мэдрүүлдэг төрлийнх. Учир нь хүн зорьсондоо хүрээд ирэхээр дараагийнхаа зүйлийг бодож эхэлдэг. Өөрийнхөө жинг хасаж, гоё биетэй болоод ирэхээрээ үргэлжид ийм гоё, сайхан, эрүүл байх боломжтой гэдгээ ойлгож эхэлдэг. Мөн багш хүний хувьд энэ зүйлийг ойлгуулж, тийм байх аргыг нь зааж өгөх хэрэгтэй. Тэгэхээр багшаас авч үлдсэн энэ зүйлээ цаашид дадал зуршил болгоод аваад явж чадах уу, хадгалсан хэвээрээ байх уу гэдэг тухайн хувь хүнээс л хамаарна. Хэрэв энэ сурсан зүйлээ цаашид хэвээр хадгалаад явж чадвал насан туршдаа эрүүл, чийрэг, гоё сайхан харагдах боломжтой гэсэн үг.

-Бодибилдингээр хичээллэхийн хажуугаар багшилдаг гэсэн. Цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?

-Миний хувьд энгийн хүний фитнес хийхээс илүү цагийн энэ спортдоо зарцуулдаг. Мөн фитнес багш хийж байгаа. өөрийн сурсан зүйлсээ хүнд хуваалцана гэдэг сайхан зүйл. Гэхдээ тэмцээнд оролцохдоо багшийн ажлаа орхих хэрэгтэй болдог. Харин багшлахдаа тамирчин гэдгээ мартдаг. Учир нь бэлтгэлээ хийнгээ хүнд зааж, ийм биеэнд ийм дасгал хийх хэрэгтэй гээд зөвлөөд байх цаг байдаггүй. Хоёр туулай хөөсөн хүн шиг болчихдог учраас нэгийн л барьдаг. Үүнийхээ хүчинд ажлаа хийх цагтаа хийгээд, бэлтгэлээ хийх үедээ сэтгэл амар, тайван хийдэг болсон. Анхаарал ч дээд цэгтээ хүрч байгааг анзаарсан.

 “Зуны мэдээ” сонин
Д.Дарамбазар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.