Ж.Занаа: МАН, АН нэг халаасанд орчихлоо, үр дүн харагдахгүй дээ

Парламентад суудалтай намууд нэгдэж Шийдлийн Засгийн газрыг бүрдүүлж ажиллаж байгаа. Бие даагч гишүүд бид сөрөг хүчний зүгээс ажиллана гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр нэг ёсондоо Шийдлийн Засгийн газар гуравхан сөрөг хүчинтэй ажиллахаар болж байгаа юм. Харин парламентад суудалгүй намууд нэгдэж Сүүдрийн Засгийн газрыг байгуулж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэсэн. Тэгэхээр Сүүдрийн Засгийн газрынхан хэрхэн хяналт тавьж ажиллах талаар Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаатай ярилцлаа.

-УИХ-д суудалгүй намууд нэгдэж сүүдрийн Засгийн газар байгуулахаар болжээ. Сүүдрийн Засгийн газар ямар журмаар яаж ажиллах юм бэ?

-Тийм ээ. Өнөөдрийн байгуулагдсан Засгийн газар ямар ч сөрөг хүчингүй болж байна. Энэ бол ардчилсан нийгэмд байж болшгүй үзэгдэл. Сөрөг хүчин нь ард түмний дуу хоолой. Гэтэл өнөөдөр тэдний дуу хоолой эрх баригчдад сонсогдохоо болилоо. Энэ бол засаглалын хямрал. Тиймээс УИХ-д суудалгүй намууд нэгдэж сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхээс аргагүйд хүрч байгаа юм.

-Бие даагч гишүүд сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн. Та бүхэн тэдэнтэй хамтарч ажиллах уу?

-Бидний зүгээс УИХ-д суудалтай бие даагч гишүүдтэй хамтран ажиллана. Мөн МАН, АН ард түмнээ гэсэн хүсэл эрмэлзэлтэй, чин зоригтой иргэний төлөөлөлтэй хамтран ажиллах болно. Нөгөөтэйгүүр, парламентад суудалгүй намууд иргэний нийгмийн нэг хэсгийн хувьд улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын зарчим, үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үзүүлэлт зэрэг дээр хяналт тавьж ажиллах болно. Сүүдрийн Засгийн газрыг байгуулахад Иргэний хөдөлгөөний намаас оруулах хувь нэмэр тодорхой байх болно. Яагаад гэвэл манай намд байгаа гишүүд аль ч Засгийн газрын үед урваж, шарваагүй, салбартаа мэргэшсэн байдаг. Өөрсдийнхөө зүгээс хийж чадах бүхнээ сүүдрийн Засгийн газраар дамжуулж, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт зааж, зөвлөж, хэлж, ярих болно.

-Одоогийн Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай болсон гэж зарим улстөрчид хэлж байгаа л даа. Та нарын хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Үндсэн хууль түүний зарчим нь хүнийг төрийн дарангуйллаас хамгаалах хамгийн чухал эрх зүй байдаг. Энэ зарчим, ардчилсан ёс, хүмүүнлэг иргэний нийгэм байгуулна гэж Үндсэн хуулиар тунхагласан асуудал өнөө цагт нуран унаж байна.

 -Та бүхний ажил УИХ-ын гаднаас эхэлнэ. Үр дүн гарах болов уу?

-Бид УИХ-ын гаднаас өөрсдийн мэдлэг, боловсрол, чадвар зэргээсээ дуугарч чадна. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газраас гарч байгаа шийдвэр дээр дүгнэлт өгөх чадвартай. Нэг үг, нэг хэсэг өгүүлбэр дээр дүгнэлт хийж, түүний үр дүн харуулахыг бодно. Заавал тэднээс тоо баримт авах шаардлагагүй. Өнөөдөр дотор нь ажилладаг хэрнээ асуудлын зангилааг мэддэггүй хүн олон байна. Бид тэднээс арай өөр байдлаар ажилд хандана.

-Манай улсад эдийн хямрал газар аваад иргэдийн амьдрал муудаж байна. Гэтэл та бүхэн эдийн засгийн хямралаас илүүтэй засаглалын хямрал хэрээс хэтэрлээ гэх юм?

-Ардчилсан засаглалын үндсэн зарчмыг дүгнэх үзүүлэлт нь ил тод, нээлттэй, хуулийг  дээдэлдэг гэх мэт шалгуур байдаг. Түүний доторх чухал зарчим бол сөрөг хүчин, түүний дуу хоолой. Өөрөөр  хэлбэл, эрх баригчдын аливаа нэг дарамт, шахалтад ороогүй, хязгаарлагдмал шахалтад өртөөгүй хүмүүсийн дуу хоолой заавал байх шаардлагатай. Жишээлбэл, бизнесийн салбар дахь менежер хамгийн сайн сэтгэдэг хүмүүсийг багтаасан байдаг. Ингэснээр тухайн бизнесийн үйл ажиллагаа цэцэглэнэ.

Манайхаас өмнө ардчилсан, хүмүүнлэг нийгмийг байгуулсан орнууд өөрийнхөө хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд заавал сөрөг хүчнийг байгуулдаг. Үүнийг хууль, тогтолцоогоор бий болгож өгдөг. Тухайлбал, Швед улсад парламентын дарга нь ялсан намын хүн байдаг бол дэд дарга нь ялагдсан намынх байдаг. Аливаа уулзалт, ярилцлагад эрх барьж байгаа хүчин болон сөрөг хүчин албан ёсоор оролцдог. Сөрөг Засгийн газрын үйл ажиллагаа илүү чухал гэж үнэлэгдэж, тэдний авах цалин ч өндөр байдаг. Манайхаар бол хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс гэсэн үг. Ингэж байж дундаас нь шийдлийг олно. Ийм нөхцөлд улс орон хөгждөг. Түүнээс зөвхөн төр дарангуйлагч, эрх баригчид өөрийгөө “Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй” гэж магтсанаар улс хөгжихгүй. Тиймээс бид сөрөг хүчний дуу хоолойг дэмжих ёстой. УИХ-д суудалтай бие даасан гурван гишүүнийг  дэмжих хэрэгтэй. АН, МАН-д байгаа ард түмний төлөө, Үндсэн хуулийн эрх ашгийг дээдэлдэг улстөрчдийг дэмжих ёстой.

-Байдлыг ажиглаад байхад сөрөг хүчний дуу хоолойг барихын тулд янз бүрийн албан тушаал амлаад дууг нь хаачихдаг бололтой. Нөгөөдүүл нь ч албан тушаал, эрх мэдэлд автчих юм. Өнгөрсөн жилүүдэд МАН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан ч тэдний дуу хоолойг бариад Засаг хамтрахаар болчихлоо. Удахгүй та нарт ч гэсэн нэг албан тушаал амлачих биш байгаа?

-УИХ-д суудалгүй намуудад гинжнээс өөр алдах зүйл байхгүй хүмүүс байдаг. Бид хэн нэгэн хүнд худалдагдаж, тэдний сонирхолд хөтлөгдөн асуудал хандах ямар ч хүсэл байхгүй. Нөгөөтэйгүүр, хэн нэгэн хүнээс ажил, албан тушаал горилж, энэ ажлыг эхлүүлээгүй. 20 гаруй жил улс орныхоо төлөө ажиллаж, Үндсэн хуулийг барьж, хэрэгжүүлэх үүднээс шахаж, шаардаж ирсэн. Үүнийг олон удаагийн үйлдлээр илэрхийлсэн. Мөн зарчимдаа үнэнч. Үүнээс хазайна гэж байхгүй. Бидний толгойг олигархиуд угаана гэж байхгүй. Тиймээс бид угаагдашгүй тархитай, ард түмний өмнөх нийтлэг Үндсэн хуульд төрт ёсны төлөө ийм урт хугацаанд хамтарч ажилласан учраас мохно, мөхнө, шантарна гэж байхгүй.

Мөн нам бол хэдэн мянган хүний нэгдэл. Энэ дотор янз бүрийн үзэл бодолтой хүн бий. Гэтэл МАН, АН хоёр цаад мөн чанараараа сөрөг хүчин мөн үү, үгүй юу гэдэг дээр Монгол Улсын өнөөгийн хөгжил тодорхой хариулт хэлнэ. Өнөөдөр ядуурлын төвшин ямар байгаа билээ, нийгмийн салбарыг хувьчлах тухай ярьж эхэллээ, улсын хөгжил дэлхийн орнуудтай харьцуулахад хожуу явж байна. Авлигалын индексээр эхний хоёрт явж байна. Энэ мэтчлэн иргэний ардчилсан хүмүүнлэг нийгэмд байх ёстой үзүүлэлтээр адагт явж байна гэдэг нь АН, МАН хоёр аль зэрэг сөрөг хүчин байж, хэр зэрэг хоорондоо эвлэлдэн нэгдэн халаас нэг болж, нэг хөнжилд шургалсан бэ гэдгийг харуулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, усан дээр гарч ирсэн хог шиг л ил тод боллоо. Үүнийг заавал ч үгүй тэр чинь тэгсэн, ингэсэн гэж шүүмжлэх албагүй. Үйлдэл дээрээ баригдаагүй бол та авлигач биш гэдэг шиг тодорхойлох боломжгүй, баримтжуулах шаардлага алга. Өнөөдөр Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлсэн байна вэ гэдгээс л харахад болно. Нөгөөтэйгүүр, ажилгүйдэл хэр байна вэ, хогийн цэг дээр амьдрах хүний тоо хэд болсон байна вэ гэдгээс харахад хангалттай. Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулсан улс орон руу гишүүд яваад нэг үзээсэй. Тэнд хогийн цэг дээр нь хүмүүс амьдарч байна уу. Гэтэл өнөөдөр Оюутолгой, Тавантолгойн эзэд хогийн цэг дээр амьдарч байна гэж бодохоор 24 жил улсыг хөгжүүлж удирдаж явсан МАН, АН аль зэрэг хоорондоо сөрөг хүчин байж чадав.

-Тэгэхээр эрх барьж байгаа хоёр нам халаас нэгтэй. Үнэндээ нэг нь сөрөг хүчний зүгээс ажиллаж жүжиглэж байсан гэсэн үг үү?

- Уг нь эдийн засгийн өсөлт, эрч хүчтэй үе дээр үйлдвэрлэл, үйлчилгээний суурийг тавьж бэхжүүлэх ёстой байсан. Үүний төлөө ажиллаж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжийг дэмжих хэрэгтэй байлаа. Гэтэл бүгдийг нурааж, устгаж, шоронд хийчихээд өнөөдөр хийх гээд чадахгүй, арга барахдаа та нар нэгдээч гэж гуйж байна. 2012 оны сонгуулийн АН, МАН-ыг арчина, устгана гэж яриад л явж байсан. Гэтэл өнөөдөр нэг халаасанд орж байна. Энэ хүмүүс аль зэрэг чанартай, шударга улстөрч вэ гэдэг нь харагдлаа.

-Шийдлийн Засгийн газарт парламентад суудалтай бүх намууд нэгдлээ. Эв нэгдэлтэйгээр ажиллаж байгаа юм чинь ямар нэгэн үр дүн гарахгүй гэж үү?

- За бараг л үр дүн гарахгүй дээ. Яагаад гэвэл суурь нь тийм. Мөн одоо баримталж байгаа өөрсдийнх нь дотоод итгэл үнэмшил нь тийм дүгнэлтэд хүргэж байна. Эд нараас эх оронч, зарчим ч хандлагыг хүлээх аргагүй, тийм чадавх ч байхгүй.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2014-12-19 23:55:36
    xuniix ni xundeldeg bailaa daancj yarij baigachin. taalagdsangui
  • зочин 2014-12-19 06:26:27
    Сүүдрийн Засгийн газраа албан ёсоор байгуулаад, хяналтаа сайн тавиад яваарай. Та бүхнийг дэмжиж байна.
  • зочин 2014-12-19 01:51:57
    Зөв зүйтэй ярьсан байна. Ард түмэн тэвчсээр л байна даа.