Бэлчээрийн үндэсний VI форумыг зохион байгууллаа
НҮБ-аас 1994 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 17-ний өдрийг цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан.  Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран өнөөдөр (2023.06.15 ) Бэлчээрийн үндэсний зургадугаар форумыг зохион байгууллаа.  

Форум “Бэлчээрийн талхагдал: Монгол орны унаган экосистемийн үйлчилгээний алдагдал” сэдвийн хүрээнд өрнөв. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Цөлжилттэй тэмцэх бүлэг болон Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар оролцсон юм.

Д.Тогтохсүрэн:Газрын тухай хуульд бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлэхээр ажиллаж байна

Форумыг нээж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Цөлжилттэй  тэмцэх бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Бэлчээр бол монголчуудын хувьд үнэлж баршгүй алт гэдэгтэй хэн ч маргахгүй. Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдалд нэн тулгамдаж буй асуудал бол малын тэжээлийн үндсэн эх үүсвэр болсон бэлчээрийн чанар, бүтээмжийн бууралт, үүнтэй уялдсан орчны доройтол юм. Нийтээр нэг мөр сахин хэрэгжүүлэх эрх зүйн асуудлаа цэгцэлж чадахгүй байгаагийн уршгаар ногоон алт болсон бэлчээр малын хөл, хүний буруутай үйл ажиллагааны улмаас хэт талхлагдаж доройтлын эцсийн цэг болох элсэн цөл болох аюул руу хурдацтай явж байгааг эрдэмтэд судалгаагаар харуулж, сануулсаар байна. Үүнийг шийдвэрлэх хүрээнд малчдыг бэлчээр нутагтаа өөриймсөг хандах, зөв зохистой ашиглах, хариуцлага хүлээлгэх тогтолцоог бүрдүүлэх, цогц арга хэмжээ авч ажиллахыг хичээж байна. Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар 21 аймгийг хамруулж таван бүс болгон 960 гаруй малчин, мал бүхий иргэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, орон нутгийн газар бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймаг, сум, багийн Засаг дарга нарыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нийт 20 гаруй чиглэлийн санал, хүсэлт ирүүлснийг нэг бүрчлэн задлан шинжилж, хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдэд тусгасан. Хэлэлцүүлгийн үед явуулсан санал асуулгын дүнгээс харахад нийт оролцогчдын 97.7 хувь нь бэлчээр доройтож байгаатай санал нийлсэн байна. Эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад оролцогчдын 90.6 хувь нь заавал өөрчлөх хэрэгтэй гэж хариулсан байна. Бэлчээр ашиглалтыг хэрхэн хариуцлагажуулах вэ гэсэн асуултад 46 хувь нь гэрээгээр 57 хувь нь малын тоо толгой болон татвараар гэж хариулсан байна” гэв. Газрын тухай хуульд бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлэхээр ажиллаж байна” гэв.

 Б.Саранчимэг:Бэлчээрийн доройтол нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулахын зэрэгцээ байгаль орчны тулгамдсан асуудал болоод байна

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол орны бэлчээртэй холбоотой зургаа дахь форумыг өнөөдөр ийнхүү зохион байгуулж байгааг тодотгоод манай улсын газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээр түүний доройтлыг хэрхэн бууруулах, бэлчээрийг зөв зүйтэй ашиглах чухал байгааг онцолсон. Мөн “Эрдэмтдийн судалж тогтоосноор дэлхийн хуурай газрын 3/1 хувийг эзэлдэг хуурай, хуурайвтар бүс нутгуудад цөлжилт, газрын доройтол их явагдаж байгаа бөгөөд бэлчээрийн газрын экосистемийн үр нөлөөг судалсан судалгаатай танилцаж, Монгол орны экосистемийн өнөөгийн байдлын талаар ярилцаж байна. 2005 онд НҮБ-аас Мянганы экосистемийн үнэлгээний хөтөлбөр хэрэгжиж хүрээлэн буй байгаль орчин, хүн төрөлхтнийг оршин тогтноход үзүүлдэг ханган нийлүүлэх, зохицуулах, соёлын болон дэмжих чиглэлийн үндсэн үйлчилгээг тодорхойлсон. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой энэ салбарын тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон нөхөн сэргээгдэх нөөц бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна. Тийм ч учраас УИХ-ын нэр бүхий гишүүд Газрын тухай хуулийг өргөн барихад тусад нь бэлчээрийн хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг бүлэг болгон оруулсан. Энэ асуудалд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо идэвхтэй оролцож байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн өнөөдрийн бэлчээр ашиглалтыг энэ хэвээр нь байлгавал 10 жилийн дараа ямар байх вэ гэдэг нь асуудал болчхоод байна. Бэлчээрийг нийтээр дундаа ашиглах өнөөгийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай энэ үед энэхүү форум зохион байгуулагдаж байгаа нь онцлог болж байна гэлээ. Бэлчээрийн доройтлын 49 хувийг хүний буруутай үйл ажиллагаа, 51 хувь нь байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй гэж судлаачид үздэг аж.  Уламжлалт өв соёлыг хадгалахын зэрэгцээ бэлчээрийн газрыг ашиглах, хамгаалах, сайжруулахтай холбоотой харилцааг тодорхой болгох, бэлчээрийн менежментийн нэгдсэн системийг бий болгох, бэлчээрийн доройтол цөлжилтийг бууруулах зэрэг асуудлууд чухал юм гэж Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг онцоллоо.

Ц.Идэрбат: Бэлчээр ашиглалтад төр оролцохгүй байх боломжгүй болсон байна

Бэлчээрийн үндэсний зургаадугаар форумд оролцож, байр сууриа илэрхийлсэн гишүүдийн нэг нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат. Тэрбээр  “Цөлжилт бол бидэнд тулгамдсан том асуудал болоод байна. УИХ, төр засгаас цөлжилтийн гол шалтгаан болж байгаа асуудлыг  тодорхойлж, эрх зүйн орчныг бий болгохоор Газрын тухай хуульд бэлчээрийн заалтуудыг тусгаж боловсруулаад өргөн барихад бэлэн болсон. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, салбарын эрдэмтэн судлаачид хуулийн төсөл боловсруулахад нягт уялдаа холбоотой ажиллаж, малчдын дэвшүүлсэн саналыг хуулийг төсөлд тусгахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тодотгож хэлмээр байна. Нийт бэлчээрийн дийлэнх нь доройтсон ч цаг алдахгүй сэргээх, хамгаалах ажлыг хэрэгжүүлж чадвал сэргэх боломжтой байна. Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо энэ чиглэлд хийж хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөр  үр дүнгээ харуулж, малчид нэгдэж нийлээд малын гаралтай түүхий эдийнхээ ашиг шимийг хүртээд эхэлсэн сайн жишээ цөөнгүй байна. Бэлчээр ашиглалтад төр оролцохгүй байх боломжгүй болсон байна. Бэлчээрийн асуудлыг малчидтай уулзаад ярилцахад хамгаалах, тордох талд иргэд төрийн шийдвэр гаргахыг дэмжиж байна” гэж байлаа. 

 Бэлчээрийн доройтлоос мал давжаарч, өвчлөмтгий болсноор зохисгүй эмийн хэрэглээ бий болж байна

Форумд Монголын Анагаах ухааны Академийн Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны Академийн гишүүн, Академич Ш.Болд “Монгол эм маарамбуудын бичсэн анагаах ухааны эртний судрууд дахь эмийн ургамлын хэрэглээ ач холбогдол” Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д. Бурмаа “Тал хээрийн экосистем-хүн амын амьжиргааны эх үүсвэр, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн бааз суурь болох нь” Цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Др Б.Эрдэнэцэцэг  “Хээрийн экосистемийн зохицуулах үйлчилгээний алдагдал: Шар шороон шуурга ба тоосжилт” Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров  “Тал хээр нутгийн Монголын соёлын өв бүрэлдэж, хөгжихөд үзүүлсэн үр нөлөө, ач холбогдол” Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгч Д. Гантөмөр Аялал жуулчлалын салбар, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд тал хээр нутгийн байгалийн өнгө үзэмж, байгалийн өвийн эзлэх байр суурь”  Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн  холбоо, хөтөлбөрийн захирал Др Д.Булгамаа Хээрийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахын ач холбогдол” сэдвээр тус тус илтгэл танилцуулсан юм. Илтгэлийн дараа форумд оролцогчид сэдвийн хүрээнд ярилцаж, санал бодлоо солилцов. Тухайлбал, судлаачид, Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг тал хээрийн экосистем бүрдүүлж байна. Сибирийн тайгаас говь цөл хүртэлх тал нутагт монголын нийт малын 94.1 хувь нь байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 91 хувь нь дээрх тал хээрийн бүс нутгаас  бэлтгэгдэж байгаа юм байна. Энэ утгаараа тал хээрийн бүс нутаг хөдөө аж ахуйн салбарт маш их үүрэг гүйцэтгэж байгаа ч нөгөө талдаа бэлчээрийн даац хэтэрсэн,  малын тэжээлийн идэмж буурсан, идэмж буурахаар мал давжаардаг. Давжаа мал өвчлөмтгий болж үүнийг дагаад малын эмийн зохисгүй хэрэглээ малчдын дунд гарч байна. Үүнээс үүдэн малын гаралтай бүтээгдэхүүний чанарын асуудал яригдаж буйг онцлон хэлж байв.

Мөнтөсөл хэрэгжүүлэгчид дэлхийн чиг хандлага бол байгальд ээлтэй, эдийн засгийн ашигтай, хариуцлага, ёс зүйтэй, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн байвал үнэ харамлахгүй байх систем тогтоод байна. Дотоодын үйлдвэрүүдийн ноолуур, арьс шир, гоо сайхны бүтээгдэхүүн гаргахад дээрх байдал ажиглагдаж байгааг хэлж байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2020 онд хариуцлагатай нүүдэлчин, бэлчээрийн мал аж ахуйн үндэсний стандартыг баталсан байна. Уг стандарт нь мал аж ахуйн таван үндсэн системийг агуулж байна. Тухайлбал, бэлчээрийн менежмент, малын тэжээлийн арчилгаа, маллагаа, малын эрүүл мэндэд тавигдах шаардлага, малын үржил, малын гаралтай түүхий эдэд тавих шаардлага зэрэг дэд бүлгүүдтэй нийтдээ 120 гаруй шалгуур үзүүлэлттэй цогц стандартыг барьж ажиллаж байгаа аж .

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MNT NEWS 2023-06-17 09:37:19
    Миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан HEALTH CARE Энэтхэгтэй холбоо барина уу Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258