.jpg)
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо.
Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан хувьцааны 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49 хувийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК тус тус эзэмшихээршийдвэрлэсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Нарийнсухайтын нүүрсний орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг Шивээхүрэнгийн боомт хүртэл эхний ээлжид автомашинаар тээвэрлэн төмөр замд шилжүүлэн ачиж БНХАУ-д экспортлох, мөн БНХАУ-ын газар нутгаар дамжуулан гуравдагч зах зээлд хүргэх зорилготой юм.
Шивээхүрэн хилийн боомтод төмөр замыг барьж байгуулснаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. 2023 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Товч мэдээ
· Улаанбаатар хотноо 2023 оны тавдугаар сарын 25-27-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газр хоорондын комиссын IX хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа.
· Засгийн газрын журмын дагуу Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохиогдсон “Монте Карло 45” дэлхийн циркчдийн их наадамд оролцож гуравдугаар байр эзэлсэн циркийн жүжигчин Тулгын Учрал, Ариунбуянгийн Амартүвшин, Ганбатын Анхбат, Нэмэхбаатарын Баянбилэг, Баттөрийн Дөлгөөн, Нэргүйн Эрдэнэ, Баатархүүгийн Мөнхсайхан, Өлзийгийн Сэлэнгэ нарт нийт 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
· “Монгол зочлох жил”-ийн хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2023 оны наймдугаар сард болно. Тус фестивалийг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.
· Худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд “Гадаад худалдааны цахим нэг цонх” мэдээллийн системийг бий болгох, гадаад худалдаанд холбогдох төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
· Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцууллаа. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаан бүрт танилцуулга хийж, арга хэмжээ авч буй юм.
· Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
· “Эрчим хүчний цогцолбор шивээ энержи төслийн нэгж болон Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийг татан буулгалаа.