Ч.Намчин: Монголын ардчиллын түүхийг Японы ард түмэнд бүхлээр нь “ярьж” өгсөн

“Ах нь Ковидын орчуулагч болсоон...” гэж алиалан угтах энэ өндөр буурал эрхмийн идэрхэн, сайхан явахыг би мэдэх юм. Дипломатч, сэтгүүлч Чүлтэмийн Намчин гуайтай 1990-ээд оны дундаас төр, засгийн удирдлагууд, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай Японы албан зочид, сэтгүүлч, сурвалжлагчдыг уулзуулаад, удирдаад явж байхтай олонтаа тааралддаг байлаа. Үсээ жимбийтэл самнаж, бараан саарал хослолоо цэмцгэр өмсөн, нуруу цэх, мөр тэгш алхаж, монгол, японыг холин ярих тэрбээр хачин эрхэмсэг харагддагсан. Ялимгүй насанд дарагдаж, мөнхүү сүүлийн долоон жил тэмцэлдэж буй паркинсоны эмгэгээсээ болж багагүй турж эцсэн үзэгдэвч нүдэнд нь гэрэлтэх идэр цагийн цог золбоо, хөгжилтэй агаад итгэлтэй яриа нь тэр л хэвээрээ.

 

-Сонин содон мэдээ мэдээллийн араас хөөцөлдөж явдгаа болиод сонгодог яруу найрагт автчихав уу? Хэзээнээс тэр вэ?

-Ямар сайндаа “Ковидын орчуулагч” гэж өөрийгөө “өргөмжилж” байх вэ. Коронагаас болоод зуслан дээр хэсэг хашигдлаа шүү дээ. Тэр үеэс яруу найраг орчуулж эхэлсэн. Яг тодорхой ярих юм бол, 2020 оны дөрөвдүгээр сарын 26-нд С.Есенины “Не вернусь я в отчий дом” гэдэг шүлгийг орчуулсан. Энэ орчуулга их намтар түүхтэй, яагаад энэ шүлгийг орчуулсан бэ гэхээр Москвад амьдардаг Нямдаагийн Дамдинжав гэж миний хамаатан байдаг юм. Тэр шүлэг их орчуулж нүүр номондоо оруулна. Би түүнийг нь их шүүмжилнэ л дээ. Тэгээд нэг өдөр, хоёулаа ерөөсөө нэг шүлэг тус тусдаа оруулж үзье гээд С.Есенины энэ шүлгийг сонгосон юм. Их хэцүү шүлэг. Нэлээд нухсан. Тэгээд чадан ядан орчуулаад нүүр номдоо оруулахад Луузан, Ломбо, Энхтөр гээд том дипломатч нар тэргүүтэй олон хүн гоё болсон байна, мундаг болсон байна гэж урам өгцгөөсөн. Гадаад харилцааны сайд байсан Л.Эрдэнэчулуун гуай үзээд, энэ их хэцүү шүлэг байна, орос эх нь уншиж ойлгоход надад ч хэцүү байлаа. Гэхдээ чиний орчуулга хамгийн их дөхөж очсон байна гэсэн. Хүмүүс ингэж урам өгөхөөр чинь болмоор санагдаж байгаа юм чинь. Тэгээд л үргэлжлүүлээд, орчуулаад явж байна. Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн жиргээний хуудсаараа 2021 онд нэг уралдаан зарласан юм. Орос-Зөвлөлтийн нэрт яруу найрагч Анна Ахматовагийн “Последний тост” шүлгийг орчуулах уралдаан. Түүнд би оролцоод, 119 орчуулга ирснээс минийх хоёрдугаар байрт орсон юм. С.Баяр надад өргөмжлөл гардуулахдаа, үнэндээ чиний орчуулга хамгийн сайн нь байсан шүү, нэгдүгээр байрт орсон гэж бодоорой гэж хэлсэн. Түрүүлсэн орчуулгыг хийсэн хүн шүлгийн мөр бүрийг хоёр үгээр буулгасан байсан. Оросын дөрөвт мөрөөр бичсэн сонгодог шүлгийг хоёрт мөрөөр орчуулна гэж байхгүй гэсэн.

-Орос, Япон гээд олон хэлнээс орчуулж байна уу?

-Аль алинаас нь орчуулж байна. С.Есениний “Бүсгүйд бичсэн захидал” (Письмо к женшине), “Хатан гоо бүсгүй” (Королева), “Ногоон гэзэгт” (Зелёная прическа), “Би гэртээ харихгүй” (Не приеду я в отчий дом), А.С.Пушкины “Уулга алдам мөчийг санаж байна” (Я помню чудное мгновение), “Намар” (Осень), “Хайр дурлалын өмнө бүх настан өвдөг сөхөрмүй” (Любви все возрасты покорны), “Толины өмнө эргэлдэх гоо бүсгүй” (Красавица перед зеркалом) зэрэг цөөнгүй шүлгийг орчуулсан. Мөн цэрэг, эх орны сэдэвтэй зуунаас зууныг өртөөлөн хүмүүсийн сэтгэл зүрхийг эзэмдсэн алдартай вальс, маршуудын үгийг монгол хэл рүү хөрвүүлсэн. Яагаад гэхээр манай гаригийн хаана ч, ямар ч оронд очсон дээрх алдартай вальс, маршуудыг өөрийнх нь орны ая дуу юм шиг орчуулчихсан дуулж, хуурдаж байдаг юм. Тухайлбал, И.А.Шатровын “Манжуурын толгод” (На сопках Маньжчурии) хэмээх аялгууг манай монголчууд төдийгүй зарим орос хүмүүс хүртэл Аугаа их эх орны дайны үед мэндэлсэн дуу гэж андуурцгаадаг юм билээ. Гэтэл энэ аялгуу 1905 оны Орос, Японы дайны дараа мэндэлсэн аялгуу юм шүү дээ. Энэ дайнд бидний нэгэн үе хэлж заншсанаар “орос ах” нар маань ялагдсан юм билээ. Агапкины “Славян бүсгүйн хагацал” (Прощение славянки) хэмээх марш, Константина Васильев, Серафим Попов нарын үг, Макс Кюссын аялгуулсан “Амарын давалгаа” (Амурские волны), Орос Дагестаны их яруу найрагч Расул Гамзатовын “Журавли” байна. Энэ дууг би “Тогоруун цуваа” хэмээн хөрвүүлсэн. Хамгийн эхний бадгийг нь л гэхэд би 2-3 янзаар буулгасан байгаа юм. Надад хамгийн их таалагддаг хувилбар нь гэвэл,

Цуст тулааны талбараас

Цуглаж ирээгүй цэрэг эрс

Эх газартаа эргэж нойрсолгүй

Цэн тогоруу болоод хэзээ ч юм

Цэнхэр тэнгэр лүү нисчихсэн ч юм уу

Бусад бадгууд нв засваргүй болсон л доо. Бас Японоос одоогоор 20 гаруй шүлэг орчуулаад байгаа. Одоо энэ жилийн үлдсэн хугацаанд япон шүлгүүдээ үргэлжлүүлэн орчуулж, ондоо багтаагаад нэг ном болгон хэвлүүлчих санаатай. Японы хамгийн алдартай яруу найрагч Миязава Кэнжигийн “Бороонд ч ажрахгүй” гэдэг шүлгийг сар гаруй нухаж орчуулсан. Орос шүлэг, япон шүлэг хоёр их өөр. Орос шүлэг их сайхан хөвөрнө. Япон шүлэг бол маш чанд хайрцагтай. Утгыг нь гаргахад бас их түвэгтэй, хэцүү байдаг.


Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хамт. 1990-ээд он.

-Одоо ямар орчуулга дээр сууж байна?

-Япон шүлгүүдтэйгээ “үзэлцэж” байна. Яваандаа, эрүүл мэнд минь зөвшөөрвөл Евгений Онегиныг өөрийнхөөрөө нэг орчуулж үзэхсэн гэж боддог юм. “Том” зохиол, шүлэглэсэн роман шүү дээ. Чойжилын Чимэд гуай шоронд байхдаа орчуулаад Ц.Дамдинсүрэн гуайд өгүүлж л дээ. Нөгөөдүүл нь, энэ ямар болж вэ гэж Ц.Дамдинсүрэн гуайгаас асуусан чинь, ямар ч засвар алга гэсэн юм гэнэлээ. Хүнээ л гаргаж авах гэж байгаа нь тэр байхгүй юу. Гэхдээ одоо уншихад жаахан жаахан засчихмаар юм гарч ирээд байдаг юм. Тэгээд энэ өвчин зовиур саад болохгүй бол дахин өөрийнхөөрөө орчуулах юмсан гэж санаж сууна. Дийлэх нь үү, үгүй юү. Ядахад, эмнээс эмний хооронд цаг улам л бага болоод байх юм. Бас тэгээд юм хийгээд удаан суухаар өвчин даамжирчих гээд зовлонтой л байна. Паркинсоны өвчний эм бол ерөөсөө л хөдөлгөөн юм. Хоол, ундаа олигтойхон идэж, ууж, сайн унтаж амарч, бас их хөдөлж байх ёстой юм билээ. Ахынх нь онош 2016 онд тогтоогдсон. Эмчилгээгүй юм билээ л дээ. Харин ч эрт дээр нь оношлуулаад, эмчилгээнийхээ гам, дүрмийг сайтар бариад, айхтар хүндрүүлж баглуулчихалгүй яваад байгаа. Хэсэг хөдөлгөөнгүй байж байгаад босож явахдаа алгуур хөдөлж түгжээгээ гаргаж байгаад алхдаг юм.

-За та биеийн чилээгээ нэг сайхан гаргаадах. Тэгээд хоёулаа ярилцлагаа эхэлье. Таны нэрийн утгаас яриагаа эхэлбэл болох уу?

-Намчин гэдэг бол Бурхны ухаан гэсэн төвд үг юм. Аавын минь өгсөн нэр. Миний аав Чүлтэм 1916 онд төрсөн хүн байлаа. Манай нутагт, одоогийн Увс аймгийн Тэс суманд хүрээ хийд байгаагүй. Одоогийн Малчин сумын нутагт дээр үед Цалгарын хүрээ гэж том хийд байлаа. Тэнд аав маань есөн наснаасаа шавилж, 13 дахь жилдээ суралцаж байхад нь 1938 онд хүрээ тарсан юм билээ. Хүрээ тарахад аав цэрэгт татагдаж, Тамсагбулагт таван жил, зургаан сар алба хаасан гэж ярьдаг байсан. Энэ хугацаанд гэрээсээ хоёр удаа л захиа авсан, ер нь окоп дотор л байдаг байсан гэдэг юм. Хоёр захианы нэгийг хамаатны нэг ах нь, нөгөөг нь хэн бичсэн байсан гэдэг билээ дээ. Тэр үед айл бүр ноосны нормтой байж. Норм төлөвлөгөө тасалбал шоронд аваачиж хийчих гээд болдоггүй байж. Аавын аав хоёр жаахан дүүтэй нь хамт үлдсэн юм билээ. Үс ноосны норм хүрэхгүй болохоор туургаа буулгаж, сэмэлж ноос болгоод тушааж байсан гэдэг сонин түүх байдаг юм.

-Танайх эцэг, эхээс хэдүүлээ байв?

-Бид аав, ээжээс 12-уулаа. Одоо дээд тал нь наян нас, бага нь 56-57 хүрч байна. Би дээрээсээ дөрөв дэх хүүхэд. Доороо найман дүүтэй. Намайг найман настай байхад аав, ээж хоёр нэгдэлдээ хоньчин болсон байлаа. Нэгдлийн мянга гаруй хонь малладаг байсан. Өглөө босоод би хонио бэлчээрлүүлэхээс өмнө, үүрээр өөрөө арвай цохиж арвайн гурил хийж идчихээд гардаг байлаа. Хонио хашаанаас гаргахдаа хашаан дээр гарч түрүүлгээ харж хэвтэж байгаад цувуулж гаргангаа тоолно. Ингэсээр байгаад би сургуульд ороогүй байхдаа тоо мэддэг болчихсон байсан. Нэг удаа хөгтэй явдал болдог юм. Орой би хонио гэр рүүгээ авч ирэхдээ наанаас нь үргээгээд хагасыг нь таслаад явуулчихсанаа мэдэлгүй өнгөрчихгүй юү. Өглөө хонио тоолсон чинь 100 гаруй хонь дутчихсан. Аавд хэлсэн чинь намайг загнах нь бүү хэл сайн тооллоо гэж магтаж билээ. Аав маань намайг нэгдүгээр ангид сургуулиас буцаагаад гаргачихаж билээ.

-Яагаад?

-Яахав, хонь хариулах хүн байхгүй болчихгүй юу. Нэг айлаас 5-6 хүүхэд зэрэг сургуульд явахаар дотуур байранд 2-3 хүүхдийг нь л авдаг байсан. Бусад нь сумын төв дээр байх газаргүй болчихно. Айлд гуйж байлгана. Байлгаж байгаа айл тэр хоолны саванд яаж л дуртай байв гэж. Жаахан янзгүй байдал гаргахаар нь би хичээл сургуулиа хаяад харьчихдаг байлаа. Аав, ээж хоёр маань хичээл ном яав, ийв гэж асууна гэж үгүй, ашгүй хүү минь хүрээд ирэв үү л гэнэ. Гэх мэтээр сар, улирлаар хичээл таслах бол энүүхэнд байлаа. 1-4 дүгээр ангийг тиймэрхүү маягтай айлд гуйлгаар байлгаж өнгөрөв дөө. Тав, зургаа, долдугаар ангид байхад аав айлаас нэг жижиг гэр авч, намайг хоёр дүүтэй хамт оруулсан юм. Нэг чавганцын жижигхэн жомбогор хар гэр байсан юм. Тэрнийг бариад, дүү, бид гурвыг байлгах болсон юм. Манай авга ах бригадын дарга, Жамъян гэж хүн байсан. Тэдний гадаа. Сумын төвөөс бага зэрэг зайтай, Харганатын булан гэдэг газар. Өглөө сургуульдаа очихдоо бас хоёр километр хэртэй алхана шүү. Болоогүй 10 тэмээ түлээ буулгаад, хэдэн хөлдүү гулууз мах авчраад өгчихнө.

-Тусад нь гаргаж, бие даалгасан байна. Бие даасан хүн чин өнөө 1-4 дүгээр ангийн хичээлээ нөхөж авна биз?

-Аав маань бага ангид яахав, дөрвөн аргын тоо заана гэдгийг мэдэж байсан шиг байгаа юм. Тавдугаар ангиас эхлээд дөрвөн аргаар тоо бодохоос өөр арифметикийн аргаар боддог алгебрийн хичээл нэмэгдэж орно, хичээл хүндэрнэ гэж аав, ээж хоёр тооцоолсон байх. Бид ч яахав, гэрт амьдарч байхдаа өглөө хичээлдээ яваад өдрийн хугаст л ирнэ. Гэр маань өдрийн ихэнхэд эзгүй голдуу байгаад байхаар хүйтэн.

Бүрээс муутай, шалгүй болохоор өвөлдөө хүн байтугай чөтгөр тогтохын аргагүй. Даарна. Би хичээл тарж ирээд цүнхээ чулуудчихаад хажуу хавиргын айлаар орж хөзөр тоглохыг харж жаахан дулаацдаг. Дүү нарыг ирэхээр гэрээ галлаж, хоол ундаа хийцгээдэг байлаа. Манай сургууль найман жилийн сургууль байсан. Наймдугаар ангид ороход аав намайг сая нэг юм дотуур байранд оруулсан юм. Дотуур байранд ороод хоцорсон хичээлээ нөхөж үзэх гэж нэлээд гүрийлээ. Тэгээд гайгүй сурлага сайжирч, аравдугаар ангийн хуваарь аваад. Тэр үед манай аймагт Баруунтурууны сангийн аж ахуй 10 жилийн сургуультай байсан. Аймагт бас 10 жилийн сургууль байсан. Манай Тэсийн хүүхдүүд Баруунтурууны 10 жилийн сургуульд очиж сурдаг байсан. Тэгээд би Баруунтуруунд очиж сураад, онц дүнтэй төгссөн. Тэр жил Баруунтурууны аравдугаар ангийг 49 хүүхэд төгссөн юм. Аймгийн хэмжээнд тэр жил 140 гаруй хүүхэд аравдугаар анги төгссөн. Хуваарь ирэхэд гадаадад суралцах хуваарь зургаа л ирсэн. Аймгийн хэмжээнд шүү дээ. Би эхний долоод орж МУИС-ийн герман хэлний бэлтгэл ангийн хуваарь авсан юм. Бас Дулмаа гэдэг нэг охин, бид хоёр 7-8 дугаар байр эзэлж, хоёулаа бэлтгэлийн хуваарь авч байсан.

-Тэгэхээр та чинь герман хэлээр анх суралцаж эхэлсэн байх нь?

-Биднийг хөдөөнөөс ирээд байтал, та нар дахин шалгалт өг, тэнцвэл шууд гадаадад сургуульд явуулна гэдэг юм. Гэхдээ ямар чиглэлээр шалгалт өгөхийг асуусан л даа. Би гуманитарный чиглэлээр өгнө гээд, түүх, монгол хэл, орос хэлний шалгалтуудыг амаар болон бичгээр өгсөн. Бүгдийг нь онц өгч, тэнцсэн. Тэгтэл Гадаад явдлын яамны боловсон хүчин Цэвээн гэж хүн ирээд намайг яамны нэр дээр сургуульд явуулна гээд авч явсан. Тэгээд Гадаад явдлын яамны нэр дээр япон хэлний ангид элссэн юм. Герман хэлийг үзэж эхлээ ч үгүй гэж болно. Харин орос хэлэнд би дунд сургуульд байхаасаа их сонирхолтой байлаа. Дээд сургууль төгсөж ирсэн шинэ багш нар орж ирээд самбар дээр хичээлийн гарчгийг оросоор бичихдээ заримдаа алдана. Би тэр алдааг нь харж, хэлж өгдөг байж билээ. Маргааш нь багш өнөө үгээ харчихаад ирнэ. Чиний зөв байсан байна гэдэг байлаа.

-Герман хэлний бэлтгэлээс Гадаад явдлын яамны нэр дээр шалгалт өгдөг чинь аравдугаар анги төгссөн тэр жилдээ юү?

-Тийм. Тэгэхэд би 19 настай байсан. 1972 он шүү дээ. Эрхүүд орос хэлний бэлтгэл ангид нэг жил суралцаж төгсөөд, 1973 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд орж суралцсан. Тухайн үед Гадаад явдлын яамны нэр дээр цөөхөн оюутан явсан. Хятад хэлний ангид Х.Аюурзана, Б.Баасансүрэн хоёр, араб хэлний ангид К.Сайран, япон хэлний ангид Д.Нархажид, бид хоёр байсан. Бид сургуулиа төгсөж ирээд Гадаад явдлын яаманд ажиллацгаасан. Москвад суралцсан нь бид хэд байснаас биш цаашаа Польш, Чехословак зэрэг зүүн Европын социалист орнуудад цөөнгүй хүүхдүүд суралцаж ирсэн л дээ. Оюутан байхдаа япон, англи хэл үзсэн. Бид нар чинь яахав, хичээл номондоо л хамаг цагаа зарцуулна. Орос хэлний бэлтгэлээ дүүргээд сургуульд орж байгаа ч гэлээ орос хэлний хичээлийн цаг бас их байсан.

-Тухайн үед Зөвлөлт, Монголын дээд боловсролын суралцах хугацаа таван жил байсан. Тэгэхээр та 1978 онд төгсөх ирсэн байх?

-Тэгсэн, 1978 онд төгсөж ирээд шууд Гадаад явдлын яамны төв аппаратад ажилласан. Төгсөөд ирүүтээ, тэр намартаа хадланд явдаг юм байна. Манай Гадаад явдлын яамны хадлангийн газар чинь зүүн тийшээ, Гачууртаас цаашаа байдаг Хуандий Дээндий гэдэг газар байсан. Тэгээд тэр жилээ яамныхаа хадлангийн аварга болж байсан юм. Багаасаа хадланд их явдаг байсан, тэр сурцаараа аварга болж байхгүй юу. Манай сайд М.Дүгэрсүрэн баяр хүргэж, хоёр дөрвөлжин суудлын хивс, 50 төгрөгтэй шагнаж байлаа. Дараа жил нь М.Дүгэрсүрэн сайд намайг өөрийн нарийн бичиг, туслахаар авсан. Энэ ажлыг би хоёр жил хийсэн. Тэгж байгаад 1981 оноос Азийн орнуудыг хариуцсан хэлтэст шилжиж ажиллах болсон. Манай хэлтсийг нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон гуай хариуцдаг байсан. Бид чинь эхлээд дэд атташе гэж албан тушаалд ажилладаг байсан юм. 650 төгрөгийн цалин авна. Дэд атташе гэдэг албан тушаал дэлхийд хаана байхгүй л дээ. Яагаад ийм албан тушаал монголчууд бодож олсон бэ гэхээр хэмнэлт гаргахтай л холбоотой байсан. Яваандаа би Монгол, Японы харилцаагаар дагнаж ажиллах болсон. Тэгээд 1987 он хүртэл яаманд ажиллаж байгаад Япон Улсад томилогдсон. Тэр үед манай улс гадаадад цөөхөн тооны дипломат төлөөлөгчийн газартай байсан юм. Тиймээс томилолт их удаж ирдэг байлаа шүү дээ. Би чинь сургууль төгсөж ирээд яаманд есөн жил ажиллаж байж анхны томилолт авч байгаа юм.

-Ямар албан тушаалд томилогдож байв?

-Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд анх томилогдохдоо би гуравдугаар нарийн бичгийн даргаар томилогдсон. Гэхдээ зарлахдаа хоёрдугаар нарийн бичгийн дарга, түр хамаарагчаар зарлаж байгаа юм. Эдийн засгийн хэмнэлт хийж байгаа л хэрэг юм даа. Тэгээд би чинь түр хамаарагч юм болохоор Элчин сайд байхгүй үед орлож ажиллана. Намайг очиход Элчин сайдаар Б.Дашцэрэн гуай ажиллаж байсан. Б.Дашцэрэн гуай ЮНЕСКО-гийн Удирдах зөвлөлд сонгуультай байлаа. Намар болохоор тэрхүү сонгуульт ажлынхаа шугамаар хурал, чуулганд оролцохоор хэдэн сараар явчихна. Би түр хамаарч үлдэнэ. Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсаар байтал яагаад гуравдугаар нарийн бичгийн даргыг түр хамаарагчаар ажиллуулах болов гэсэн асуудал тухайн үед “хойд” яамнаас гарсан юм билээ. Би мэдээгүй л дээ.

-“Хойд” яам гэж Гадаад харилцааны яам уу?

-“Хойд” яам гэж тухайн үе бид НАХЯ-ыг нэрлэдэг байсан юм. Тэгсэн, тэр асуудалд манай яамны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон гуай, түр хамаарагч нь “манай” хүн байх ёстой гэсэн хариулт өгч, намжааж байсан юм билээ. Томилолтоо аваад би 1987 оны наймдугаар сард Токиод очлоо. Намайг томилогдоод очих үед Элчин сайд Б.Дашцэрэн гуай яг ЮНЕСКО-гийн хуралд явсан байж таарсан юм. Түр хамаарагчаар очиж байгаа хүн чинь шууд л ажилдаа орж байгаа юм. Төлөвлөгөө, тайланг нь үзсэн чинь биелэлт нэлээд тааруу, ер нь л төлөвлөсөн ажлууд тасрах маягтай болсон байна. Тэгэхээр нь бүгдийг нь сайхан шахаж биелүүлчихээд, тайлангаа биччихээд сууж байсан чинь Б.Дашцэрэн сайд он гарахаас хоёр хоногийн өмнө ирдэг юм. Би ч яахав, бүх юмаа танилцуулж тайлангаа тавилаа. Сайдад маань эзгүй байхад нь миний хийсэн ажил таалагдсан бололтой. Европоос ирснийхээ маргааш орой зургаан цаг өнгөрч байхад миний өрөөнд орж ирээд суучихлаа. Б.Дашцэрэн сайдын тухай хамт ажиллаж байсан нөхөд нь дандаа магтаж ярьдаг байснаас л тийм хүн юм байна гэсэн төсөөлөлтэй байснаас биш урьд өмнө нь хамт ажиллаж байгаагүй учраас тэр аугаа хүний тухай ойлголт тун өчүүхэн байлаа. Элчин сайд ажил тараад л зургаан цаг болонгуут, алив хоёулаа биллиард тоглоё гээд ороод ирнэ. Түүнээс хойш Б.Дашцэрэн гуай намайг ийш тийшээ, япон хэлтэй хүн дагуулж явах ажил гарсан бүх тохиолдолдоо дандаа авч явдаг байлаа. Яагаад гэхээр миний япон хэлний мэдлэг арай дөнгүүр байсан хэрэг л дээ. Аргагүй шүү дээ, би чинь Москвад төгсөж ирээд, Гадаад явдлын яаманд ажиллаж байхдаа 1982-1983 онд Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн харъяа япон хэлний нэг жилийн дээд курсийг төгссөн юм. Томилогдож очоод нэг жил ажиллаад албан тушаал ахиж, цалин пүнлүү маань ч овоо нэмэгдэж байлаа. Ер нь Дипломат төлөөлөгчийн газарт томилогдож очоод жилийн дараа албан тушаал ахиж байсан тохиолдол тун ховор байх шүү.

-Москвагийн Олон улсын харилцааны сургуульд япон хэл үзсэн биз дээ. Тэгсэн хэрнээ дахин сурсан хэрэг үү?

-Москвад үзсэнээ Японд очиж лавшруулж сурсан гэсэн үг л дээ. Яагаад гэхээр, тухайн үед ЗХУ-ын япон хэлний сургалт системгүй байсан юм. Би анх Японд хэлний курст очоод шууд л дээд шатанд орох юм бодож байсан чинь япон багш нар намайг, та эхнээс нь яваад үзвэл яасан юм гэдэг байгаа. Тэгээд би анхан шатнаас нь үзсэн. Манай группт Австрали, Бразил, Тайланд, Аргентин, Монголоос тус бүр нэг, нийтдээ таван оюутан байсан. Тэгээд л бид хэд чинь нэгдүгээр ангийн хүүхдүүд шиг гараа ширээн дээрээ зөрүүлэн тавьж суугаад ханз үсэг үзэж эхэлсэн. Москвад Олон улсын харилцааны дээд сургуульд байхдаа үзэж сурсан ханз үсэг маань гурван долоо хоногийн дараа дуусч, дан шинэханзууд хөвөрч эхэлсэн дээ. Орчин үеийн япон хэлээр уншихын тулд дор хаяж 1950 ханз цээжлэх ёстой байдаг юм. Орос багш нар яахав, системгүй заадаг болохоор нэг нь орж ирээд нэг сонины хайчилбар өгөөд орчуул гээд суулгачихна. Түүнийг нь бид орчуулна. Шинэ ханз гарч ирэхээр самбар дээр бичиж тайлбарлана. Уул нь япон хэлийг чинь өнөөдөр арван ханз сурна, маргааш хорин ханз үзнэ гэх мэтчилэн системтэй явах ёстой юм шиг санагддаг. Тэгээд дээр нь жишээ, дасгалууд орно. Ингэж үзэхээр маш сайн тогтдог байхгүй юу. Харин манай Монголын багш нар орос багш нарын заадгаас хамаагүй сайн заадаг болов уу гэж би боддог юм. Яагаад гэвэл, Монголд Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн оюутнуудыг харж байхад тийм сэтгэгдэл төрсөн. Орос багш нарын дуудлага хүртэл их сонин шүү дээ. Шинжикү гэдгийг синжикү гэж дуудна, шибуя гэдгийг сибуя гэж “с” үсгээр дууддаг.

-Монгол, Япон улсууд тухайн үед системийн хувьд өөр байсан шүү дээ. Манай улс социалист, Япон бол биднийхээр хөрөнгөтөн орон байлаа. Таныг ЭСЯ-нд ажиллаж байх үед энэ системийн ялгаа ямар нэгэн байдлаар нөлөөлж байв уу?

-Хэдийгээр Япон Улс хөрөнгөтөн орон, манайх социалист байсан ч гэлээ харилцааны асуудалд онцын түвэг бэрхшээлтэй зүйл байгаагүй. Би оюутан байхдаа, 1977 онд дөрөвдүгээр курс төгсөөд тавдугаар курст орохын өмнө хагас жил Токио дахь ЭСЯ-нд дадлага хийсэн юм. Тэгэхэд л бидний дадлагын шийдвэрийг МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор гаргаж байсан. Айхтар хатуу байсан хэрэг шүү дээ. Манай улс Японтой 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойш хоёр орны харилцаанд ер нь үл ойлголцох явдал, сэв гараагүй. Японы Засгийн газрын хүмүүс болон энгийн иргэд ч ялгаагүй, манай монголчуудтай “Зэвсэг барьж тулалдахаар, цэцэг барьж уулзацгаая” гэж ярьдаг. Манай Монгол Улс НҮБ-д гишүүнчлэлтэй, саналын эрхтэй, тусгаар улс болохоор Японы тал манай улстай явуулах харилцаандаа ихээхэн ач холбогдол өгдөг. Абэ сайд л гэхэд манай улсад 2-3 удаа айлчиллаа шүү дээ. Энэ бол ач холбогдол өгч байгаагийн илрэл.

-Та чинь тэгэхээр ЭСЯ-нд ажиллаж байгаад Киодо цуушин агентлаг руу ажиллахаар болсон гэсэн үг үү?

-Японд дахь ЭСЯ-нд би 1990 оныг хүртэл гурван жил гаруй ажилласан. 1990 онд манай оронд ардчиллын салхи сэвэлзэж эхэллээ шүү дээ. Би Монгол орныхоо түүх, урлаг соёлоор их бахархдаг хүн л дээ. Бидний цөөхөн монголчууд шиг дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн нүүдэлчид хаана байна? Монгол ардын уртын дуу, морин хуур, монгол бөхийн цол дуудах, хөөмий гээд дэлхийн томоохон гүрнүүдэд ч байдаггүй, хүн төрөлхтний урлаг, соёлын санд оруулсан аугаа том ололтууд юм шүү дээ. Би 1990 онд Монгол оронд өрнөж эхэлсэн ардчилсан өөрчлөлтийг үнэн мөнөөр нь дэлхийд цаг алдалгүй хүргэж байх нэг том гарц бол Япондоо төдийгүй дэлхийд алдартай Киодо цуушин агентлагийг Монголд оруулж ирэхийн тулд тэндэхийн хүмүүстэй олон дахин уулзсан. 1989 оны зун амралтаараа нутагтаа гэр бүлээрээ ирж амрахад Киодо цуушин агентлагийн гадаад мэдээний газрын ажилтан Ооцука сан бид нартай хамт эхлээд галт тэргээр Нийгата, тэгээд Нийгата-Хабаровск-Эрхүү-Улаанбаатар гэсэн маршрутаар явж ирээд, тэр үед Монголд өрнөж эхлээд байсан ардчиллын жагсаал, цуглааныг газар дээрээс нь сурвалжилж байлаа. Киодо цуушин бол Японы хамгийн том, нөлөө бүхий агентлаг. Одоо ч тэр нөлөө нь хэвээрээ шүү дээ. Тэгээд би 1990 онд нутаг буцахынхаа өмнө, хамгийн сүүлд агентлагийн дарга Инукай гэдэг хүнтэй уулзсан юм. Тэр дарга намайг буцахаас хоёр хоногийн өмнө хүлээж авч уулзсаныг санаж байна. Танай улсад бид салбараа нээж болно, гол нь тан шиг маш сайн япон хэлтэй, бас асуудлаа мэддэг, бидэнд үнэн, зөв мэдээлэл өгч чадах хүн хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь, би нутагтаа очоод танай төлөөлөгчөөр ажиллаж болох юм гэсэн чинь нөгөөх чинь тоглоом хийж байна гэж бодсон бололтой инээгээд өнгөрч билээ. Ирээд би уг асуудлыг Ц.Гомбосүрэн сайдад танилцууллаа. Манай Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Т.Чимэддорж гэж хүн байсан. Хэлтсийн даргадаа танилцуултал Т.Чимэддорж дарга Ц.Гомбосүрэн сайдад уламжилсан байсан. Сайд бодлогын чанартайгаар энэ асуудыг дэмжиж шийдвэрлэсэн санагддаг юм. Хөрөнгөтөн орны мэдээллийн агентлаг орж ирж байна, энд чи ажиллах нь зөв. Яахав, хэдэн жил ажиллаж байгаад буцаад яамандаа ирнэ биз гэж хэлсэн. Яг үнэндээ тухайн үед би Киодо цуушинд ажиллахаар бүрэн шийдчихээгүй байсан л даа. Бодож байгаад өөрийн сурч хөгжих боломжийг тооцоод ажиллахаар болсон.

-Гадаад харилцааны салбараас хэвлэл мэдээллийн салбар руу шилжиж ажиллах шийдвэр гаргахад багагүй зориг шаардсан байх?

-Гэхдээ Монгол орныхоо тухай, эх орондоо болж байгаа үйл явдлыг мэдээлж ажиллах болохоор болмоор санагдсан л даа. Өөрөөр хэлбэл, Киодо цуушин агентлагт Монгол Улсын тухай, Монгол Улсад өрнөж буй гол гол үйл явдлуудын тухай мэдээ, мэдээллийг бэлтгэж өгөх үүрэгтэйгээр ажиллаж эхэлсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд нартай уулзаж, ярилцлага авдаг байлаа. Би чинь бас ч туршлагагүй хүн биш. Бүр 1984 онд Японы Токио Шимбун сонины сурвалжлагч Кикузо Ито гэдэг хүн ирж Ю.Цэдэнбал даргаас ярилцлага авахад би орчуулагчаар орж байсан юм. Тэр хүн Ю.Цэдэнбал даргатай өмнө нь 1964 онд бас уулзаж ярилцлага авч байсан юм билээ. 20 жилийн дараа дахин уулзахад нь би орчуулж байсан хэрэг. Энэ бол миний Ю.Цэдэнбал даргатай нүүр тулж уулзсан анхны тохиолдол байлаа. Киодо цуушин агентлагийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллах болсноосоо хойш П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гээд бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж, ярилцлага авч, гадаад, дотоод бодлого, үйл ажиллагааных нь хөтөлбөр, зорилтын талаар материал бэлтгэн агентлагтаа дамжуулдаг байсан. Ер нь улс оронд төр, засгийн удирдлага солигдох, шинэчлэгдэх гэдэг бол хамгийн чухал, гол үйл явдал учраас Киодо цуушинаас чиглэл өгсөн, өгөөгүй заавал хийх ёстой гэж үздэг байсан. Бэлтгэж, илгээж байгаа мэдээ, мэдээлэл маань үнэн зөв л байх ёстой гэсэн зарчим баримталж ажиллаж ирсэн. Батлагдсан, нотлогдсон мэдээ, мэдээллийг л явуулах ёстой. Түүнээс бус дуулиан шуугиан, сенсацид хөтлөгдөж, сургаар мэдээлэл бэлтгэж болохгүй. Хоёр орны харилцааны эгзэгтэй, нарийн түвэгтэй асуудлыг бол холбогдох байгууллага, Гадаад явдлын яамтайгаа зөвлөлдөж байж явуулахгүй бол бас болохгүй шүү дээ.

-Токио дахь ЭСЯ-наас буцаж ирээд гэхээр Киодо цуушины Монгол дахь төлөөлөгчийн газар яг хэдэн оноос ажиллаж эхэлсэн гэсэн үг вэ?

-1990 оноос. Сүүлд намайг агентлагт ажилласны 30 жилийн ой дээр Киодо цуушины дарга Мүзитани гэж хүн Талархлын өргөмжлөл гардуулахдаа, “өргөмжлөлөө бид таны сав тань саалиар дүүрч, авдар тань алтаар дүүрч байх өлзий дэмбэрэлтэй өдөр үйлдсэн шүү” гэж хэлсэн. Энэ өргөмжлөлд “манай агентлагийн мэдээллийн манлайлагч байх хувь заяанд асар их хувь нэмэр оруулсан” гэж бичсэн бий. 2012 онд, тухайн үед манай улсад сууж асан Элчин сайд Шимизу миний Киодо цуушиныг төлөөлж ажилласны 22 жил дээр гардуулсан хүндэт өргөмжлөлдөө “хоёр орны хооронд найрсаг харилцаа хөгжүүлэх, харилцан ойлголцох явдлыг гүнзгийрүүлэхэд оруулсан таны хүчин чармайлтыг өндрөөр үнэлэн” хэмээн бичсэн байдаг.

-Тэгэхээр та чинь Монголын ардчиллын түүхийг эхнээс нь бүтэн бичиж үлдээсэн хүн байх нь?

-Ардчиллын жилүүдэд анхнаас нь үйл явдал, мэдээ мэдээллийн тэргүүн эгнээнд явж, тэр бүхнийг бичиж, Монголынхоо тухай бүхий л зүйлийг Японы ард түмэнд “ярьж” өгсөн гэж болно. Эдийн засаг, худалдаа, нийгэм, улс төр гээд бичээгүй сэдэв, сурвалжлаагүй салбар үлдээгүй дээ. Траншейний хүүхдүүдийг хүртэл сурвалжлаад, хөөцөлдөөд явж л байлаа. Намайг Киодо цуушиныг оруулж ирж байх үед Монголд ИТАР ТАСС, Синьхуа гээд хоёр хөрш орны маань мэдээллийн агентлагууд л байсан. Киодо цуушинаас хойш ч гадаадын ямар нэг мэдээллийн агентлаг манай улсад нэмж орж ирээгүй. Гурав дахь агентлагийн төлөөлөгчийг албан ёсоор байгуулж, тогтвортойгоор тасралтгүй ажиллаж чадсанаараа би багахан онгирч, омогшиж явдаг юм. Киодо цуушин бол Японы хамгийн том мэдээллийн агентлаг. Манайхаар бол одоо МОНЦАМЭ агентлаг юм шүү дээ. Мэдээ, мэдээллээ хятад, япон, англи хэлээр бэлтгэж, дэлхийн өнцөг булан бүрт түгээдэг. Японы бүх том том хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Киодо цуушины гишүүн байдаг. Тэндээс мэдээ, мэдээллээ авдаг. Миний бэлтгэн явуулж байсан материалууд Ёмиүри, Асахи, Никкей Шимбун, Токио Шимбун гээд Японы том сонинуудад гарч байсан. Линь Баогийн онгоцны сүйрлийн тухай Японы сэтгүүлчтэй хамтран нэхэн сурвалжилсан нийтлэл маань Киодо цуушин агентлагийн дээд шагнал болох ерөнхий захирлын шагнал авч байсан. Асашеорюү тэр жил нэг хэрэг тарьчихаад зугтаагаад ирсэн шүү дээ?

-Тэгсэн.

-Тэгэхэд би бас л араас нь хөөцөлдөх болж байгаа юм. Нэхэж явсаар байгаад Хархоринд, буудалласан амралтын газрынх нь арын уулнаас баахан зураг дарж явуулж байсан юм даг. Бас Харумафужи нэг ирэх болохгүй юү. Гэхдээ ирнэ гэсээр нэлээд удсан юм. Яг хэзээ ирэх нь тодорхой болж өгөхгүй, нууцлаг байгаад байдаг. Тэгсэн нэг өдөр надад мэдээ ирлээ. Харумафүжи онгоцонд суугаад нислээ гэнэ. Мэдээж, мань хүний зураг хэрэг болно шүү дээ. Тэгэхэд Японд манай агентлагийнхан мэдээгүй байсан. Надад Сөүлээс таньдаг хүн хэлж байгаа юм л даа. Тэгээд нисэх онгоцны буудал дээр очоод зураг авах гээд зогсож байтал Бээжингээс утасдаж байна. Манай төлөөлөгчийн газрыг Бээжингээс харъяалдаг байсан юм. Харумафүжи мөн үү л гэж байна. Арай гарч ирээгүй байна гэлээ. За зургаа аваад даруй явуулаарай л гэж байна. Харумафүжи ирэх болчихсон гэж мэдэж байгаа ч яг ирж байгаа эсэхийг нь Токио ч, Бээжин ч мэдээгүй байгаа юм. Тэгээд би Харумафужигийн нисэх буудлын шалганаас гарч ирж байгаа зургийг дарж явуулан, түүгээрээ агентлагтаа бас том оноо авч байлаа.

-Киодо цуушинаас таныг сэтгүүл зүйн чиглэлээр сургалтанд хамруулж, энэ чиглэлээр мэргэшихэд тань тусалж байв уу?

-Сэтгүүл зүйн чиглэлээр Японоос сургалт энэ тэр өгч байгаагүй. Ингэж ажиллаарай, тэгж ажиллаарай гэсэн заавар л өгч байсан. Ер нь япон хэл мэддэг, монгол ахуй нөхцлөө сайн мэддэг гээд л энэ ажил руу яваад орчихсон хэрэг шүү дээ. Япончууд чинь манайхан шиг хүний амнаас гарсан болгоныг бичдэггүй. Яг л гол зүйлийг нь авч мэдээлнэ. Сонин хэвлэлийн зай талбай хязгаартай болохоор голыг нь аваад л жижгэвтэр мэдээ болгоод оруулна.

-Гадаад улс руу мэдээлэл дамжуулж ажиллахад дотоодын элдэв хяналт шалгалт, хаалт хавчилт байсан уу?

-Айхтар хяналт шалгалт, энэ тэр юм байгаагүй. Албан ёсоор томилогдсон төлөөлөгч болохоор хянаж барих шаардлагагүй байсан байх. Тэгээд ч манай улс эрх чөлөөтэй болчихсон, гадаад ертөнцөд нээлттэй болчихсон байсан үе шүү дээ.

-Япон Улс Монголын хамгийн том хандивлагч, донор орнуудын нэг. Тэгэхээр энэ их хөрөнгө оруулалтад ардчилал, шилжилтийн жилүүдэд хоёр улсын гүүр болж байсан таны тус нэмэр багагүй орсон байх л даа?

-1990 оноос хойш би Японы хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр их бичсэн. Гол нь манай Монголын талаас Японы хөрөнгө оруулалтыг аль аль чиглэл, салбарт оруулах хүсэлтэй байгаа, ямар орон зай байгаа вэ гэдгийг түлхүү мэдээлдэг байсан. Монголд хандивлагчдын уулзалт гэж болдог байсан даа. Тэр үеэр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд тал талын уулзалт хийж, ярилцана. Ийм ийм бодлоготой, бодолтой байна гээд л ярина. Манай улсаас Японд өндөр дээд хэмжээний айлчлал хийх болоход урьдчилж бас ярилцлага авна. Энэ үеэр айлчлал, үйл явдалд ямар найдлага тавьж байгаа талаар асуулт асууна. Ийм ийм итгэл найдлага тавьж байна гэж ярьсныг буулгаад явуулдаг байсан. Тэр бүхнээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бодлогод тусгалаа олсон зүйл багагүй байсан болов уу гэж боддог...

Бидний яриа амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхэд гээд олон сэдвээр өрнөсөн юм. “Орчуулгын тухай, уран зохиол, яруу найргийн тухай ярих юм бол хоёулаа бүр дуусахгүй юм болно...” гээд тэр яг хүүхэд шиг цайлган инээмсэглэсэн юм. Орчуулахынхаа хажуугаар бас шүлэг тэрлэж, амьдрахын төлөө тэмцэж, тэмүүлж яваа тэрбээр Киодо цуушин агентлагийн төлөөлөгчөөр яг 30 жил ажиллаад, 2020 онд том охин Н.Амаржаргалдаа ажлаа шилжүүлэн өгсөн гэнэ. Сүүлийн гурван жил охиныхоо зөвлөх хийж буй түүний нөр их, үл зогсох, уйгагүй зүтгэл шаардсан ажил хэрэг дуусах яагаа ч үгүй ажээ.

Үүгээр зогсохгүй, тэрбээр Холландын иргэн, орчин үеийн вальсын хаан хэмээн өргөмжлөгдсөн хийлч, удирдаач, хувийн оркестертэй Андре Риюү (Andre Riyu)-гийн найрал хөгжмөөр Монгол орныхоо алдартай хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд" ч юм уу, Б.Шарав агсны хийлд зориулж бичсэн зохиолуудаас аль нэгийг нь тоглуулах санаа өвөртөлж яваагаа нуусангүй.

 

“Зууны мэдээ” сонин
Д.Энхболдбаатар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.