Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.05.03) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 54 дүгээр тогтоолоороо “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх"-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ’’-г тодорхойлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасны дагуу хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд дараах асуудлыг тусгажээ. Үүнд,
1991-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн дунджаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон. Ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Цөөн гишүүнтэй парламентуудын хувьд хууль тогтоомж цөөн гишүүний саналаар батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах зэрэг эрсдэл үүсдэг. Парламентын засаглалтай олон улсад парламент нь дунджаар 150-иас доошгүй гишүүнтэй байдаг нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад үр нөлөөтэй байна. Тиймээс иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байна.

Мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэх нь сонгогчдын санал бага гээгдэх, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай. Иймд мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болох, Улсын Их Хурлын нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорциональ аргаар сонгох зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулахаар тусгажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсанаар ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тодорхой зааж баталгаажуулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо тогтвортой байх, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтой болохыг төслийн санаачлагчид хэлж байна.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэд, судлаачдын төлөөллөөс бүрдсэн багууд төслийг иргэдэд танилцуулан хэлэлцүүлж, санал авах 22 удаагийн хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт нийт 6000 орчим иргэн биечлэн оролцож, 5000 гаруй саналын хуудсаар давхардсан тоогоор 33900 гаруй санал өгчээ. Мөн улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудад хуулийн төслийг хүргүүлж, санал авах ажлыг зохион байгуулсан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монголчууд 2023-05-04 00:52:57
    УИХулгайч нарын тоог нэмж улсын төсвийн хөрөнгийг 2дахин нэмэгдүүлж хулгай хийхийг санаачилсан хулгайч нарыг харж авцгаа