Ажил олгогч 14 хоногт дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад иргэнийг урих эрхтэй

Намрын чуулганд өргөн барьсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг парламент нэгдүгээр сарын 20-ны өдөр баталсан. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэхтэй холбоотой бүхий л заалтыг нарийн тодорхой болголоо гэж хууль санаачлагчид үзэж байгаа. Тухайлбал, ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажилтан авч ажиллуулах шаардлагыг шинээр тусгасан. Ингэхдээ ажлын байрны захиалгаа мэдээллийн санд байршуулж, ажилтнаа идэвхтэй хайсан боловч ажлын байр сул хэвээр байгаа тохиолдолд гадаадаас ажилтан авах хүсэлт гаргах эрх үүсэхээр хуульчиллаа.

Мөн гадаадаас ажилтан авах зөв гарцыг бий болгох, албан бус зуучлалыг зогсоох зорилгоор гадаадын ажиллах хүч, мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлэх, ажил олгогч ажилтнаа мэдээллийн сангаас сонгох боломжийг шинээр тусгаад байна.

Түүнчлэн гадаадаас ажилтан авах хувь хэмжээ буюу квотын тогтолцоог бүрэн өөрчилсөн. Зуучлалын хөлсний нийт хэмжээ нь зуучлуулагчийн зуучлагдах ажлын байрны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтрэхгүй байхаар тогтоож, зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцахаар зохицуулаад байна. Хуулийн онцлох заалтыг хүргэе.

-Тусгай зөвшөөрлийг тухайн улсын эрх бүхий байгууллагатай гадаадад ажиллах хүч илгээх гэрээ байгуулсан, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай хуулийн этгээдэд олгоно.

 

-Хориглосон үйл ажиллагаа явуулсан, жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсвэл 18 насанд хүрээгүй хүнийг зуучилсан бол зөвшөөрлийг хүчингүй болгоно.

 

-Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээгээр тохиролцсон хүлээн авагч тал буюу ажил олгогч хариуцахаас бусад тохиолдолд зуучлуулагч зардлыг хариуцна.

 

-Төлбөр, хураамж, дэнчин, барьцаа болон хүлээн авагч тал хариуцах зардлыг аливаа хэлбэрээр зуучлуулагчаас авахыг хориглоно.

 

-Ажил олгогч анх удаа Монгол Улсад ирж байгаа гадаад ажилтныг хөдөлмөр эрхлэх чиг баримжаа олгох сургалтад хамруулна. Зардлыг ажил олгогч хариуцна.

 

-Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй.

 

-Гамшгийн эрсдэл бий болсон тохиолдолд хор уршгийг арилгахад шаардагдах ажилтныг дотоодоос хангах боломжгүй нөхцөл үүссэн бол гадаад ажилтан авч болно.

 

-Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит хуулийн этгээдийн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газрын шийдвэрээр хөнгөлж, чөлөөлж болно.

 

-Хүлээн авагч улсад суугаа хөдөлмөрийн атташегийн тусгай орон тоо бүхий Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэний хөдөлмөрлөх эрхийг хангах үүрэгтэй.

 

-Эх орондоо буцаж ирсэн монгол ажилтан ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, хөдөлмөр эрхлэхэд хууль тогтоомжид заасны дагуу дэмжих, төсөл, хөтөлбөрт хамруулах дэмжлэг үзүүлнэ.

 

-Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар жил бүрийн аравдугаар сарын 01-ний дотор Засгийн газар тогтооно.

 

-Зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд ажлын байрны төлбөрийн зөрүүг буцаан олгохгүй.

 

 “Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2023-04-21 00:55:33
    Гадны хүмүүст монгол ажилчдаасаа илүү цалин өгдөг бхдаа. Дуртай нь аргагүй ирцгээх юм