Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх хувилбараа танилцуулав

Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүллээ. Шинэчилсэн найруулгын төсөлд багтсан гол гол өөрчлөлтүүдийн талаар  ЕТГ-ын дарга Я.Содбаатар тайлбар мэдээлэл өгөв.  Тэрбээр " Монгол Улс 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг баталж олон намыг тогтолцоонд шилжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байсан. Хамгийн сүүлд 2005 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш 18 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсоныхоо дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт намуудын төлөөлөл, энэ чиглэлийн судлаачдын багууд орсон. Өнгөрсөн оны тавдугаар сард Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас санал авсан. Мөн таван удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, саналуудыг хуулийн төсөлд тусгасан” гэдгийг онцлов.

 

Хуульд дараах өөрчлөлтүүдийг хийнэ

 

-Улс төрийн намууд нь Монголын төрийг байгуулахад оролцдог гол субъект учраас хариуцлагажуулна.
-Намууд хөгжлийн бодлогоороо уралддаг, өрсөлдөг чиг үүрэгтэй байх ёстой. Тиймээс улс төрийн намыг бодлогын институт болгох чиглэл рүү анхаарна.
-Улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй болгоно. Ялангуяа, авлига, хээл хахууль, хууль бус үйлдлийг таслан зогсоох үүднээс улс төрийн намын санхүүжилтийг ил болгох шаардлагатай гэж үзжээ.
-Улс төрийн намууд тайлан гаргадаг, аудитын шалгалт хийдэг болно. Мөн хандивын хэмжээг зааж өгсөн. Тодруулбал, Нэг хуулийн этгээд улс төрийн хүчинд нэг жилд 27 сая төгрөгөөс дээшгүй хандив өгнө. Иргэн зургаан сая төгрөгийн хандив өгнө. Улс төрийн нам нэг данстай, тэр нь шилэн байна.
-Нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоог хангах, хүйсийн тэгш оролцоог хуульд нэлээд тодорхой зааж өгсөн.
-Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зааж өгсөн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд улс төрийн намууд бүгд л дотроо хагаралтай, хуваагдалтай байсан. Тиймээс намуудын бүтцийг хуульчилжээ. Ингэснээр цаашдаа олон улсын жишигт нийцэх улс төрийн институт болон хөгжих боломж бүрдэнэ гэж үзжээ.
-Заавал парламентад суудалтай бус, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа намуудад төрийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын хоёроос дээш хувийн санал авсан улс төрийн намуудад төсвөөс дэмжлэг авах боломж бүрдэх юм байна.

 “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.