Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр С.Зоригийг хөнөөгөөгүй нь тогтоогдвол юу болох вэ?!

УИХ-ын гишүүд 2019 оны гуравдугаар сард “маш нууц”-ын зэрэгтэй аймаар бичлэг үзсэн. Тэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн бичлэг байв. Тэднийг Төв аймаг дахь Цагдан хорих ангийн тусгайлан бэлдсэн өрөөнд 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан нь бичлэгт үлдсэн байжээ. Үүнээс хэд хоногийн дараа сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагынханд үзүүлсэн. Дараа нь 2019 оны зургадугаар сарын 4-нд МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны гишүүд оролцохдоо уг бичлэгийн тодорхой хэсгийг эфирээр цацсан.

Ийнхүү эрүүдэн шүүлгэж, тамлуулж байсан бичлэг нь ил болох үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүхээр эцэслэн буруутгагдаад яг жил хагас болж байв. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны наймдугаар сарын 4-ний шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ, бас Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцсэн. Шүүхийн мэдээлэлд “...Тэднийг анхан болон давж заалдах шатны шүүх бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг санаатай хөнөөсөн, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг  бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын дөрвөн хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт тус бүр 25 жил хорих ял, Т.Чимгээд 24 жил хорих ял  оногдуулжээ. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. ...Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа  нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэсэн байдаг.

Харин энэ бичлэг ил болсноор тэдний хэргийг дахин авч үзэх нөхцөл, үндэс бий болсон. Хууль хяналтын байгууллагынханд “бусдыг эрүүдэн шүүсэн” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэднийг шүүх ажиллагаа хагас жил орчим үргэлжилж, хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 31-нд Дээд шүүхээс гэм буруутайг баталж, хорих ял оноосон шийдвэр гаргасан. Тодруулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу хаалттай хянан хэлэлцсэн байдаг. Шүүх хуралдаанаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад 1.6 жил хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр нэг жил хорих ял, О.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан юм.

 Ингээд С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг задарсан. НПГ-аас уг хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг Дээд шүүхэд гаргасан. Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, уг дүгнэлтийг хүлээж аваад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргасан. Түүнээс хойш тэдэнд холбогдох хэргийг шалгаж байгаа юм. Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаа дуусжээ. “...Мөрдөн шалгах явцад Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг уг хэрэгт буруугүй нь тогтоогдсон” гэж үзсэн байна. Тиймээс тун удахгүй НПГ-аас уг тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарах бололтой. 

Тэгэхээр прокурорын ийм тогтоол гарсны дараа юу болох вэ, ямар үр дагавар гарах вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Ямартай ч олон улсын анхаарлыг татсан Монгол дахь хүний эрхийн зөрчлийн маш том кэйс болно. Түүнчлэн дотоодод ч улс төр, хууль хяналтынхантай холбоотой  үйл явдлууд өрнөхийг үгүйсгэхгүй.

 “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-04-17 05:37:23
    Б.Хурц,Г.Эрдэнэбат нар хариуцлагад татагдаж шоронд суух болно мөн У.Элбэгворж, М Энх-Амаглан У Зоригт нар нэмэгвэнэ
  • зочин 2023-04-17 02:02:00
    Элбэгдорж Батүүл хоёр бол яах аргагүй Зоригийг алсан алуурчид!!!.
  • Зочин 2023-04-13 07:41:44
    Энэ хэргийг Ш.Отгонбилэг, Н.Багабанди, МАН-ын гишүүд оролцож үйлдсэн. Өнөөг хүртэл энэ хэргийн илрүүлэх ажиллагаанд МАН саармагжуулсаар л байгаа...
  • Ах 2023-04-13 03:37:40
    Элбэг үүл 2 оос зайлахгүй