С.Одонтуяа: Бүлгийн даргын асуудлыг гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн даваа гарагт ээлжит хуралдаанаа хийсэн ч мэдээлэл хийсэнгүй. Тэгвэл бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар болон бүлгийн даргын асуудлыг хэрхэн шийдэх талаар АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас тодрууллаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон учраас түүний орны хүнийг томилохоор болсон билээ.

-Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа ямар асуудлыг хэлэлцсэн бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон тул бүлгийн даргаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор дараагийн бүлгийн даргыг томилогдтол дэд дарга бүлгийг түр удирдах үүргийг хүлээж авсан байгаа. УИХ-ын тухай хуулиар бүлгийн даргыг сонгохдоо бүлгийн гишүүд санал солилцоно гэсэн байдаг. Мөн АН-ын дүрэмд бүлгийн дарга улс төрийн албан тушаалтан гэдэг утгаараа  Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэнэ гэсэн заалттай.

Тиймээс ойрын хугацаанд Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, бүлгийн даргын асуудлыг хэлэлцэж таарна. Бүлгээр хэлэлцсэн хоёрдахь асуудал нь энэ долоо хоногт УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар гишүүдийн саналыг сонссон. Энэ хүрээнд эхлээд Засгийн газар дээр шийдвэр гаргахаасаа өмнө бүлгийн гишүүдээсээ санал авах нь зүйтэй гэж үзсэн байгаа.

-Бүлгийн даргад албан ёсоор нэрээ дэвшүүлсэн гишүүн байгаа юу. Хэзээ энэ асуудлыг хэлэлцэх вэ?

-Албан ёсоор нэрээ дэвшүүлсэн гишүүн байхгүй. Ойрын үед ярина. Бүлгийн даргыг тодруулсаны дараа УИХ-ын даргад нэрийг нь өргөн мэдүүлнэ.

-Үүнээс гадна Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа сайд болсон. Байгын хорооны даргын асуудлыг хэзээ эцэслэх вэ?

-Хүнс хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон Р.Бурмаа гишүүн Өргөдлийн байнгын хорооноос чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Одоогоор УИХ дахь нам, эвслийн бүлгүүдээс байгуулагдсан ажлын хэсгийн төвшинд МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт аль байнгын хороог харьяалуулах талаар ярьж эхэлсэн учраас хойшлогдсон. Ойрын үед энэ асуудал тодорхой болно.

-Бүлгийн хуралдаанаар дэд сайд нарын асуудлыг хэлэлцсэн үү?

-Дэд сайдын асуудал яриагүй.

-Бүлгийн төвшинд эдийн засгийг сэргээх хөтөлбөр боловсруулах талаар ярьсан гэж байна. Засгийн газарт тодорхой санал, чиглэл өгсөн үү?

-Эдийн засгийг шинэ шатанд гаргах хуулиудаа эхэлж УИХ-д оруулж ирэх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзсэн. Мөн Ерөнхий сайд ирэх баасан гарагт энэ талын мэдээллийг УИХ-д өгөхөөр төлөвлөсөн байгаа.
 
Монголын мэдээ
Э.Пагма
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine