Нүүрсчид нүүрсний сонсголыг хойшлуулав уу?

Нүүрсний хулгайн хэргийг “шүүх” түр хорооны нээлттэй сонсгол хойшилжээ.  Уг нь энэ сонсголоос олон нийт олон хулгайн сэжүүрийг “атгах”-аар хүлээж байв.   АТГ-аас санал ирүүлж, сонсголыг хойшлуулсан гэх нэр “зүүсэн” ч, нүүрсчид энэхүү сонсголыг хойшлуулж чадах л том улс гэдгийг бас санах хэрэгтэй. 

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо  өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой 20 мянга гаруй хуудас нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас авч, шинжлэн судалсан.  Нээлттэй сонсголд гэрчээр дуудах 114 хүний нэр ч бэлэн болоод байв.  Хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн  өмнө гэрчүүдийн нэрийг олон нийтэд зарлах учиртай.  Гэвч нэрс ил болохын өмнөхөн  АТГ ийнхүү  “хориг тавьсан нь сонин юм.   АТГ-аас ирүүлсэн бичигт нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай. Мөн  шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох эрсдэлтэй” гэсэн байжээ. 

Нүүрсний хэрэг бол цар хүрээ, хор хохирлын хувьд Хөгжлийн банкны зээлүүдээс хэд дахин том хулгай.  Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах нээлттэй сонсгол амжилттай болж, парламентын танхимд хэн нь хэн бэ, хэдийг авсан бэ, төлсөн үү, төлөөгүй бол яагаад, зээл авахад хэн нөлөөлсөн,хэн хамаатай, авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэх гээд олон зээлдэгчийн багийг хуулж, олон нийтэд мэдээлэл өгч, зармынх нь зээлийг төлүүлж чадав. Тэгвэл нүүрсний хулгайн хэргийн сонсголоос ч олон нийт ийм үр дүнг хүлээж байсан  нь ойлгомжтой.  Энэ хэрээр нөгөө талд нүүрсчид “айж” байсан нь тодорхой.   Тэгэхээр энэ удаагийн сонсгол хойшилсон нь нүүрснийхэнтэй ч холбоотой байж болох юм.

Парламент өнгөрсөн оны зургадугаар сарын 10-нд тогтоол баталж, нүүрсний хэргийг хянан шалгах түр хороог байгуулсан.  13 гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалдаг, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, С.Одонтуяа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар багтаж байна.  

 “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.