МУИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нар багтсан болно.

Ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, гишүүд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг уржигдар буюу 2023.04.03-нд өргөн мэдүүлэхээр товлоод байсан боловч ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын бүлгээс тусдаа хуулийн төсөл өргөн мэдүүлнэ хэмээн түр хойшлуулсан болно.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн, мөн  Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар тус тус Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр (2023.04.05) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

 

Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийн танилцуулга

Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах үеэр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын сонгуулийн сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг эргэн харж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн болохыг онцлон дурдав.

Тэрбээр, хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан гэлээ. Үүнд:
 

  1. Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  2. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох,
  3. Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах,
  4. Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх,
  5. Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах,
  6. Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
  7. Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 30-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах сонгуулийн хосолсон тогтолцоо, түүний эрх зүйн орчин боловсронгуй болж, хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хувьд нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
 
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс боловсруулсан хуулийн төслийн танилцуулга 
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, одоогийн мөрдөгдөж буй Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар аль нэг хүйсийн доод хэмжээ 20 хувьтай байгаа боловч сонгуулийн үр дүнгээр 20 хүрэхгүй гишүүд сонгогддог практик бий. Иймд хүйсийн квот дээр үр дүнтэй уялдах схемийг бүрдүүлэх шаардлага байна.


Мөн сонгуулийг шударгаар явуулах нөхцлийг бүрдүүлэх нь сонгуулийн тогтолцоог зөв сонгохоос дутуугүй ач холбогдолтой. Иймд энэхүү төслөөр сонгуулийг шударгаар зохион байгуулахтай холбоотой зохицуулалтыг дараах байдлаар тусгалаа гэв. Үүнд:
- Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульчилж, тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох,
- Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих,
- 48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгаж өгсөн, өмнөх 12.2 дугаар зүйлийг энэ зарчимд нийцүүлж, өөрчлөн найруулав. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч явах ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах,
- Нэр дэвшүүлэх зарчим хэвээр байх,
- Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглох,
- Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх,
- Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
- Жагсаалт нээлттэй байх,
- Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл 3 хувь байхаар оруулах. Мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах,
- Тойргийн хорооны дарга, бүрэлдэхүүнийг гэрчилгээтэй төрийн захиргааны ба үйлчилгээний албан тушаалтан байх,
- Сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэх зэрэг саналууд тусгасан байна.


 

Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж байсан нь Улсын Их Хурлын сонгуулийн харилцааны эрх зүйн үндсийг тавьсан бөгөөд 2005, 2011, 2015, 2020 онуудад батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиуд нь тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн шаардлага болоод сонгууль зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдуулан авсан зохицуулалт юм.  

Монгол Улсын Их Хурлын нийт удаагийн сонгуулийн 7 нь мажоритар /1996, 2000, 2004, 2016 онуудад 1 мандаттай 76 тойрог, 1992, 2008, 2020 онуудад олон мандаттай томосгосон тойргоор/ тогтолцоогоор, 2012 онд явагдсан Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор /48 мандаттай 28 тойрог, 28 мандаттай пропорциональ/ тус тус явуулсан.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2023-04-07 18:00:43
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)