Молиго үмхүүлдэг 30 хувийн квотын түүх давтагдах вий...

Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажил Төрийн ордонд эрчимжиж эхэлсэн нь 2024 он хаяанд ирсний дохио юм. Мөн Улс төрийн намын тухай хуулийн төсөл хэдийнэ бэлэн болж, удахгүй Ерөнхийлөгчөөс өргөн барихаар зэхэж буй. Ер нь парламентын сонгуулийн босгон дээр энэ хоёр хуулийг “засаж” сэлбэдэг гайхмаар гэх юм уу, гажиг ч гэж хэлж болох уламжлал тогтоод удаж байгаа.

Хачирхалтай нь энэ өөрчлөлтөд ихэнхдээ эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах, тэдний сонгогдох боломжийг хумих шийдэл тусаж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн тэн хагаст нь эрчүүдээс нэр дэвшүүлэх квот гуйж, хэлэлцэж, шаардаад үр дүнд нь молигодуулж ирсэн өрөвдөлтэй замыг эмэгтэйчүүд туулж ирэв. Тиймдээ ч хүйсийн төлөөлөл, жендэрийн дэвшилд дорвитой ахиц гарахгүй байсаар ардчилсан Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн үзүүлэлтээрээ 193 орноос 134 дугаарт жагсаж байна.

Тэгвэл гүйцэтгэх засаглал, УИХ-ын түвшинд хэлэлцэж буй яг одоогийн Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хонгилын үзүүрт гэрэл асаав. Юуны түрүүнд, сонгуулийг холимог тогтолцоотой системээр хийж, 38 нь мажоритор тойргоос шууд сонгогдох, 38 нь пропорционал элементээр намын нэрийн жагсаалтаар сонгогдох нөхцөлөөр өргөн барьжээ. Олон улсын туршлагаас үзэхэд пропорционал тогтолцоо хүйсийн тэгш байдлыг хангахад илүү үр нөлөөтэйг судлаачид онцолдог. Түүнчлэн нэр дэвшигчдэд аль нэг хүйсийн эзлэх хувийг 30-аас доошгүй болгохоор санал нэгдсэнээ эрх баригч нам мэдэгдэв. Мөн жагсаалтаар нэр дэвшигч 38 хүний нэрийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах замаар тэн хагас  нь эмэгтэй нэр дэвшигч байх боломжийг хангах санал гаргаснаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Одоогоор цаасан дээрх төслийн хэмжээнд байгаа энэ хувилбар хэрэгжвэл Монголын түүхэнд байгаагүй жендэрийн дэвшил болох юм.

Гэвч өнөөдрийнх шиг дүр зураг 18 жилийн өмнө давтагдаж байсан ч хэрэгжилгүй үлдсэн гашуун туршлага бий. Тодруулбал, 2005 онд анх удаа нэр дэвшүүлэх квотыг санаачилж 30 хувиар сонгуулийн хуульд тусгасан ч огт хэрэгжүүлэлгүйгээр 2007 онд цуцалсан түүхтэй. Үүнээс хойш ч 30 хувийн квотын талаар сөхөх бүрт 20 хувь болгон бууруулж ирсэн учраас дахиад молиго үмхүүлэх вий гэсэн айдас, болгоомжлол эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдэд төрөхөөс ч аргагүй юм. Энэ талаар Монфемнет үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Өмнө нь аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байна гэж удаа дараа Сонгуулийн хуульд тусган баталсан ч энэ заалтаа хэрэгжиж эхлээ ч үгүй байхад нь буюу сонгууль болохын өмнөхөн УИХ-д суудалтай намын эрэгтэй гишүүд нам үл харгалзан үгсэн хуйвалдаж, улайм цайм хууль зөрчин 20 хувь болгож ирсэн. Энэ түүхийг сүүлийн хоёр сонгууль дараалан давтлаа. Уг нь 30 хувь нь доод босго юм, харамсалтай нь дээд тааз болгон ашиглаад зогсохгүй, бүр 20 хувь болгон бууруулж ирсэн мэхээ дахин ашиглахгүй гэх баталгаа алга” гэв. Тэрбээр мөн “УИХ бол төлөөллийн байгууллага. Гэтэл хүн амын хамгийн том бүлэг болох эмэгтэйчүүд бид өөрсдийнхөө амьдралд хамаатай улс төрийн шийдвэр гаргахад нөлөө үзүүлэхүйц жин дарах хэмжээний хангалттай төлөөлөлгүй өдий хүрлээ. Төлөөллийг хангаагүй, нэг хүйс давамгайлсан өрөөсгөл бодлогын үр дагаврыг та, бид амьдралаараа амсаж байна” хэмээн тэмдэглэв. Эдүгээ 30 хувь биш, дор хаяж 40 ба түүнээс дээш гэж ярих цаг ирснийг Д.Энхжаргал сануулсан. Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ч түүнтэй санал нийлж байгаа юм. “30 хувь бол жендэрийн тэгш байдлын хувьд учиргүй том дэвшил биш. Дэлхий дахин 50:50 буюу жендэрийн тэгш байдал руу явж байна. Тогтвортой хөгжлийн зорилтод ч тусгасан. Тиймээс 40-өөс доошгүй байх ёстой” гэж тэрбээр хэлсэн.

Эмэгтэйчүүд хүн амын олонх хэрнээ эрх мэдлээрээ цөөхүүлээ. Тэгээд эмэгтэйчүүдэд квот олгоё гэхээр эрх мэдэлд шуналаа гэж мушгих нь бий. Уг нь эрх мэдэл гэдэг ширээ сандал, зөөлөн суудал биш. Өөрийнхөө амьдралд хамаатай шийдвэрт гар бие оролцох, нөлөөлөх чадамж билээ.

Парламент бол хууль тогтоодог төлөөллийн байгууллага. Тэнд баталж буй баримт бичиг хүний амьдралын бүхий л харилцааг зохицуулж байгаа учраас гар бие оролцож байгаа хүмүүс дунд туулсан туршлага, ялгаатай хэрэгцээ бүгд тусгалаа олж байж тэнцвэртэй, амьдралд ойр болно. Өөрөөр хэлбэл, олон янзын хүмүүсийн ашиг сонирхлыг хангахуйц бодлого боловсруулах, шийдвэр гаргахын тулд надтай, тантай, өөр олон хүнтэй төстэй төлөөлөл парламентад байх хэрэгтэй. Нийгмийн энэ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд түр арга хэмжээ буюу эмэгтэйчүүдийг дэмжих квотыг дэлхийн 100 гаруй орон үр дүнтэй хэрэгжүүлж байна. Ихэнх нь 50 хүртэлх хувиар тогтоосон байдаг. Харин манай улс энэ янзаараа явбал дэлхийд 20 хувийн квоттой гурван орны нэг болж үлдэх магадлалтайг “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага” судалгаанд дурджээ.

1992 оноос хойших УИХ-ын найман удаагийн сонгуулийн дүнд 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй байсныг мөн дээрх судалгаа харуулдаг. Орчин үеийн түүхийг харвал, 2008 онд гурван эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол 2012 онд 20 хувийн квот хэрэгжиж, түүхэндээ анх удаа 11 эмэгтэй гишүүн болсон. Харин 2016, 2020 онд 20 хувийн квотыг өсгөөгүй учраас УИХ-д суудалтай эмэгтэйн тоо 13 дээр тогтоод хөдөлсөнгүй. Ирэх сонгуулиар энэ тоо хэр өөрчлөгдөхийг улс төрийн хүсэл зориг мэдэх нь. Монгол Улс олон улсын тавцанд байр сууриа сайжруулах, НҮБ-ын 50:50 зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргах ямар боломж байгааг экспертүүд ингэж ярив.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:  Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоогоор нэмэлт санхүүжилт олгох механизм оруулж ирсэн

-Намаас нэр дэвшүүлэх бүх үйл явцад жендэрийн тэгш байдлыг хангана. Улс төрийн намын тухай хуульд эмэгтэй улстөрч, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн дэвшилтэд заалт орж байгаа. Хуулиар тогтоож өгсөн квот бол намуудад өгч байгаа босго болохоос дээд хязгаар биш гэдгийг ойлгох ёстой. Улс төрийн намын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон эмэгтэйчүүдийг заасан квотоос илүү нэр дэвшүүлсэн бол эл хоёр төлөөллийн УИХ-д сонгогдсон тоогоор нэмэлт санхүүжилт олгох механизм оруулж ирсэн. Сонгуулийн хуулиар зааж өгсөн квотыг биелүүлэх нь намын үүрэг. Хэрэв квотод хүрэхгүй бол тухайн намыг сонгуульд оролцоход нь бүртгэхгүй байх эрх нь сонгуулийн төв байгууллагад бий. Улс төрийн намын тухай хуулиар намд олгож байгаа санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сурган бэлтгэх, оролцоог дэмжихэд чиглүүлнэ гэж заасан. Үүнд зарцуулаагүй бол төрийн санхүүжилтийг хязгаарлах хариуцлагын хөшүүрэг бий.

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Номингэрэл: ИРГЭД эмэгтэйчүүдийг сонгоход бэлэн байна

-Нам иргэдийн улс төрийн дуу хоолойг төлөөлдөг. Ингэхдээ эмэгтэйчүүдийг 50 хувиар тэнцвэртэй нэр дэвшүүлэх юм бол орхигдож байгаа дуу хоолойг төлөөлөх чадвараа нэмэгдүүлж, төрийн бодлого нийгэмдээ илүү хүртээмжтэй болоход хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Ингэж намууд илүү бодитоор иргэдийн дуу хоолой болъё гэвэл эмэгтэйчүүдийг илүү их нэр дэвшүүлэх, оролцоог нь хангах хэрэгтэй. Сонгогчид эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийг ялгаварласан хандлага илт багассаныг олон судалгаа харуулж байна. Эмэгтэйчүүд, залуусын дуу хоолойг илүү оруулах тусам хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй нам болж харагдана. 20 хувийн квотоор нэр дэвшихэд 17 хувь нь эмэгтэй сонгогдсон байна. Үүнээс олныг дэвшүүлбэл бүр ч олон гарч ирэх нь тодорхой. Сонгогчид намуудын дэвшүүлсэн хэмжээнд эмэгтэйчүүдийг дэмжихэд бэлэн гэдэг нь өмнөх сонгуулиар харагдлаа.


СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Д.Бат-Эрдэнэ:  Цахилгаан товчны аргыг ашиглах нь үр дүнтэй
 

-Өмнөх түүхийг харвал саналын хуудасны нэрийн жагсаалтад эрэгтэй хүмүүсийг эхэнд нь бичээд сүүлд нь эмэгтэйг  жагсааж ирсэн. Гэтэл нэрийн жагсаалтад эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжлөн байршуулах буюу цахилгаан товчны аргыг ашиглах нь үр дүнтэй. Энэ нь ихэвчлэн пропорционал тогтолцооны үед тохиромжтой гэж судлаачид үздэг.
 

СХД-ийн Х хорооны иргэн Б.Балжир: Эрэгтэй, эмэгтэй хоёулаа ижил итгэл үнэмшил төрүүлэх юм бол эмэгтэйг нь сонгоно

-Миний хувьд бараг арваад удаа сонгууль өгсөн. Өмнө нь орон нутагт амьдардаг байхад эмэгтэй хүн нэр дэвшсэнийг огт санахгүй байна. Харин сүүлийн сонгуулиа Улаанбаатарт өгсөн. Манай дүүргийн хувьд 2020 оны сонгуулиар миний санаж байгаагаар хоёр л эмэгтэй нэр дэвшигч байсан. Үнэхээр мэдлэг боловсролтой, зөв хандлагатай, нэр цэвэр бол дэмжинэ. Эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа ижил итгэл үнэмшил төрүүлэх юм бол эмэгтэйг нь сонгоно.
 


“Сонгогчдын боловсрол” ТББ-ын  Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа: Сонгогчдын жендэрийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай

-Эмэгтэйчүүдийн улс төрийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд улс орнууд олон улсын гэрээ конвенцийн хүрээнд түр тусгай арга хэмжээ авах үүрэгтэй. Энэ утгаараа эрх зүйн хувьд квот бол хамгийн чухал арга. Нөгөө талаас улс төрийн намууд эмэгтэйчүүдээ шийдвэр гаргах түвшинд дэмжих, улс төрд бэлтгэдэг урт хугацааны тогтвортой чадавхжуулах сургалт хэрэгтэй байна. Үүнтэй адил сонгогчдын жендэрийн мэдлэг боловсролыг дээшлүүлж тэгш эрхийг ойлгуулах шаардлагатай. Энэ мэтээр хүний эрхийн боловсролыг сонгогчдод олгох хэрэгтэй.
 


Судлаач Д.Оргил: Мажоритар тойрогт тусад нь квот тавьж өгвөл бодит дэмжлэг болно

-Намын нэрийн жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчийг ээлжлэн байрлуулах нь дэлхийн шилдэг жишиг. Ингэж хийх нь маш зөв. Энэ тал дээр Засгийн газрын саналыг дэмжиж байгаа. Харин квот өөрөө байнгын биш, түр зуурын арга хэрэгсэл гэж тооцдог тул хүйсийн квотыг бүхэлд нь намын нэрийн жагсаалт руу оруулах нь дутагдалтай. Өөрөөр хэлбэл, намын нэрсийн жагсаалтад хүйсээр нь ээлжлэх, мажоритар тойрогт тусад нь 30 хувь, 40 хувь зэргээр квот тавьж өгвөл жинхэнэ утгаараа төлөөллийг хангах маш бодит алхам болно.

 

“Зууны мэдээ” сонин
С.Уянга
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энгэж байхаар 2023-04-08 04:02:15
    Хурдан хятад улсад нэгдээд хөгжсөн нь дээр энэ хулгайчууд бүгд өөрсдийн эрх ашгийн төлөө л хууль баталж хулгай хийж их наядуудтан болсон