ХААН Банк орон даяар ЕБС-ийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгуулж байна

Дэлхий дахинаа жил бүрийн 3-р сарын хоёр дахь долоо хоногийг “Дэлхийн мөнгөний долоо хоног” болгон хүүхэд, залуучуудад мөнгөний талаар мэдлэг, мэдээлэл олгох чиглэлээр зарладаг билээ. 

Хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, чадвар, дадал зуршлыг бий болгох зорилгоор энэхүү аяныг 2013 оноос хойш Олон Улсын Хөгжлийн Хамтын ажиллагааны байгууллага (OECD)-ээс жил бүр зохион байгуулсаар ирсэн ба өдгөө нийт 176 орны 16,200 байгууллагыг нэгтгээд байна.

Энэ жилийн хувьд 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг дэлхий даяар “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор 2023 оны 3-р сарын 13-26-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж, хувийн санхүүгээ ирээдүйн хүсэл зорилготойгоо нийцүүлэн тогтвортойгоор удирдахыг уриалж байна. Энэ бол зөвхөн мөнгөө хуримтлуулахаас гадна хүрээлэн буй орчин, байгаль дэлхийд ээлтэйгээр санхүүгээ удирдан чиглүүлэхэд гол зорилго оршиж байна. Тодруулбал, амьдралынхаа өдөр тутмын хэвшилдээ байгаль орчинд ээлтэй савлагаат бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж, худалдан авалт хийхдээ нэг удаагийн пластик хэрэглээнээс татгалзаж, мөнгөө ухаалгаар зарцуулдаг байхыг уриалж буй юм.

Нийгмийн хариуцлагыг бодитой хэрэгжүүлэгч ХААН Банк нь энэхүү уриалгад 2014 оноос хойш нэгдэн анхаарлаа хандуулж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн цөөнгүй арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд бид Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа 545 салбар нэгжийн мэргэшсэн ажилтнуудаараа дамжуулан, ЕБС-ийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалтыг орон даяар зохион байгуулж байна. Уг сургалтаар санхүүгийн сахилга бат, түүний ач холбогдол, мөнгөө ухаалгаар зарцуулах, мөнгөтэй хэрхэн зөв харьцах, хуримтлал үүсгэх тухай хичээлийг орж, сурагчдын асуултад хариулж, зохимжит заавар зөвлөгөө өглөө.

Мөн түүнчлэн ХААН Банк цахим хуудсуудаараа дамжуулан улс орны ирээдүйн эзэд болсон эрхэм хүүхэд, залуучууддаа зориулсан сонирхолтой мэдээ, мэдээллийг инфографик байдлаар тогтмол хүргүүлэн ажиллаж байна. 

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 
Бусдад түгээх
  • gplus