ХААН Банкны ажилтнууд гэр болон оффисоос хослуулж ажиллах боломжтой боллоо

Ажил, амьдралаа тэнцвэртэй авч явж, аз жаргалтайгаар ажиллах боломжийг ажил олгогчийн зүгээс бүрдүүлнэ гэдэг юу юунаас илүү том дэмжлэг билээ. Тэгвэл 6500 гаруй ажилтантай, үндэсний томоохон ажил олгогч ХААН Банкны удирдлагууд шинэ оны эхнээс нэгэн үлгэр жишээ шийдвэрийг төв оффисынхоо хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ. 

Ер нь ХААН Банк ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах, хөдөлмөрийн харилцааны шинэ чиг хандлагыг цаг үетэйгээ уялдуулан нэвтрүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлдэг. Тэгвэл энэ удаад төв оффис болох ХААН Банк цамхагт байрлан ажилладаг газар, нэгжүүдийн дунд судалгаа явуулж, зайнаас ажиллах боломжтой ажилтнуудыг тодорхойлон оффисоос ажиллах ажилтныг хамгийн ихдээ 70 хувьд барих зарчмаар хуваарилалт хийн ажиллуулж буй юм. Ингэхдээ ажлын байруудыг дотор нь ангилан бүрэн зайнаас ажиллах боломжтой, зарим үед зайнаас, зарим үед оффисоос, бүрэн оффисоос ажиллах зэргээр ялган ХААН Банкны ажилтны ажлын уян хатан зохицуулалтын тухай журам баталж, тус журмын дагуу холбогдох зохицуулалтыг хийж байна. 

Өөрөөр хэлбэл, ажилтнууд уян хатан байдлаар буюу зайнаас, гэрээс, холимог нөхцөлөөр ажиллах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ХААН Банк цамхгийн 12-20 хүртэлх давхруудыг дундын оффис (Shared office) хэлбэрээр ашиглаж эхлээд буй.

Тус журмын дагуу ажилтнууд:

  • Ажил эхлэх цагаа 07:00-11:00 цагийн хооронд уян хатан байдлаар сонгох

  • Ажилтны долоо хоногт ажиллах цагийг 32 цагаас хэтрүүлэхгүй байдлаар бүтэн бус цагийн зохицуулалт хийх 

  • Зайнаас, гэрээс болон оффисоос ажиллах боломжтой болсон. 

Зайнаас болон хосолмол байдлаар ажиллах нь тухайн ажилтанд болоод байгаль орчин, нийгэмд тодорхой эерэг үр дүнг авч ирэх давуу талтай юм. Үүнээс дурдвал: 

  • Ажилтнууд ажилдаа ирж, очих цагийг гэр бүлдээ зарцуулах

  • Ажлын бүтээмж сайжрах

  • Амьдрал ажлын тэнцвэрийг хангах, 

  • Ажилтнууд ажилдаа ирж очихдоо унадаг тээврийн хэрэгслээс ялгаруулах нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, бензин түлшний зардлыг бууруулах

  • Ажиллах орчноо өөртөө зориулан өөрчлөх 

  • Хотын түгжрэлийг тодорхой хэмжээнд багасгах зэрэг олон давуу талууд байна.

 

ХААН Банк нь байгуулагдсан цагаасаа байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг зорьж ирсэн бөгөөд 2018 оноос эхлэн Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бүх түвшний үйл ажиллагаандаа шингээхээр зорьж ажиллаж буй. Үүний хамгийн том жишээ нь орчин үеийн барилгын удирдлагын системтэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэр бүхий ногоон оффис болох ХААН Банк цамхаг билээ. 

Тус оффисын хувьд гэрэлтүүлгийн удирдлагын системтэй буюу бүх гэрэлтүүлэг нь хөдөлгөөн мэдэрдэг тул цахилгааны хэмнэлттэй, цэвэр усны зохисгүй хэрэглээг бууруулах автомат мэдрэгчтэй холигчтой гэдгээрээ Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгаа юм. 

Үүн дээр нэмээд 2022 оноос ХААН Банк нь Тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулахын тулд тогтвортой хөгжлийн 11 (Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих), 12 (Хариуцлагатай хэрэглээг дэмжих), 15 (Хуурай газрын экосистемийг хамгаалах) дугаар зорилгуудын хүрээнд хог хаягдлын менежментийг ХААН Банк цамхагт хэрэгжүүлээд байна.

Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлснээр ажилтнууд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж сурахаас гадна оффисоос гарсан, ангилсан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэгдэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм.

Мөн ХААН Банк цамхгийн ажилтнуудын цайны газраас гарах ургамлын тос болон өөхөн тосны хаягдлыг цуглуулан хэрэглэсэн тос дахин боловсруулах “Сайн саван” савангийн үйлдвэрт тушааж, эргээд хэрэглээний саван худалдан авч ХААН Банк цамхгийн цэвэрлэгээнд ашиглаж эхлээд байна.

Ийнхүү байгальд ээлтэй төдийгүй ажилтнуудынхаа ая тухтай, ажил амьдралын тэнцвэрийг хангасан шийдвэрийг ХААН Банк төв оффисоосоо эхлэн хэрэгжүүлж эхлээд буй төдийгүй цаашид төвлөрөл ихтэй бусад томоохон оффисууддаа ч энэхүү зохицуулалтыг хийхээр төлөвлөөд байгаа юм.























 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


 
Бусдад түгээх
  • gplus