АН даргатай болж, Засгийн газар “5 Ш”-ийн аргаар авлигатай тэмцэхээ зарлав

Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

 

Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал”-аа танилцуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Өгөөмж Архад”, “Хүн-Од”, “Есөн од”, “Сүү”, “Эйл Би Эйч Технологи”, “Экопак Монгол” компаниудад ажиллав.   Энэ үеэр компанийн удирдлагууд  Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо илэрхийлж, дотоодын үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих шаардлага байгааг уламжлав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн хүрээнд ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангахад 1.7 их наяд төгрөг зарцуулахаар болсон юм. Энэ жилийн хувьд улсын төсөвт 236 тэрбум төгрөг баталсан бөгөөд 130 тэрбум төгрөгийг нь аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгөхөөр төлөвлөжээ. Тогтоолд “…зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, нийт зээлийн 30-аас доошгүй хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шинээр эрхэлж байгаа болон жижиг, дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөх, 10-аас доошгүй хувийг импортыг орлох, экспортод чиглэсэн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттай санхүүжилт олгох…” зэргийг тусгажээ.

 

Г.Занданшатар: Аудитын байгууллага “шүгэл үлээж”, авлигатай тэмцэхэд манлайлж ажиллах хэрэгтэй

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг газруудад хугацаатай  үүрэг, даалгавар  өгч ажиллаж байна.  Үүний нэг нь Үндэсний аудитын газар.  Парламентын спикер өнгөрсөн хугацаанд ажиллахдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулах, Тендерийн хуульд хэрхэн хяналт тавьж байгаа талаар, “Эрдэнэс Монгол” ХХК, Хөгжлийн банк зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлыг Аудитын байгууллага яагаад гаргаж ирэлгүй байдлыг хүндрүүлсэн талаар үүрэг өгсөн.  Тэгвэл өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар  Аудитын нэгдсэн удирдлагыг зохицуулах газрын захирал Ц.Энхжавхлан  өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулав.  Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг 2019 онд хийж, 18.659.0 сая төгрөгийн зургаан зөрчилд албан шаардлага өгч, гэрээт олборлогч компанитай байгуулсан гэрээ, олгосон санхүүжилт, хөрөнгө шилжүүлсэн асуудал болон худалдан авах ажиллагаа, нүүрс борлуулалтын гэрээтэй холбоотой 10 асуудлыг шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн” гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн аудитын байгууллага нэг талаар “шүгэл үлээх” байгууллага төдийгүй авлигатай тэмцэхэд манлайлах хэрэгтэй гэдгийг онцлов. 

 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтууд цахимжлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ГЕГ-т ажиллалаа. Энэ үеэр ГЕГ-ын Цахим удирдлагын төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээв. Тус төвийг ажиллуулснаар гаалийн 18 газар хороо, 29 боомт, 115 гаалийн хяналтын бүсийн камерын  хяналтын системийг нэг дороос удирдлагаар хангах, хянах боломж бүрдэж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилтууд болох Боомтын болон Төрийн бүтээмжийн сэргэлтийн гол зорилтууд нь гаалийн байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Ялангуяа, 2019 оноос эхлүүлсэн “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 203.8 тэрбум төгрөг, гадаад худалдааны урсгалын голлох боомтуудыг шинэчлэх, дэд бүтэц, барилга байгууламжийг бүтээн байгуулах төслүүдийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлээд байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хамт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв болон “Фамили медикал” эмнэлэгт ажиллаж, иргэдийг эрт илрүүлэгт хамрагдахыг уриаллаа.  

 

Засгийн газраас “таван Ш” арга хэмжээг хэрэгжүүлнэ

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан тогтоол баталлаа. Энэ хүрээнд "Таван Ш" арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгажээ.  Нэгдүгээрт, Шүгэл үлээх үйл ажиллагааг идэвхжүүлэх. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулах.  Хоёрдугаарт, Шүүр хэмээх ажиллагааг зохион байгуулна.  Гуравдугаарт, Шувуу ажиллагааг зохион байгуулна.  Энэ нь авлига албан тушаалын гэмт хэргээс зугтсан, оргон зайлсан гадаадад байгаа этгээдүүдийг эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааны хүрээнд авч ирж шалгана. Дөрөвдүгээрт, Шилжүүлэн авах ажиллагаа. Энэ бол гадаадад нуусан хууль бус хөрөнгө, орлогыг шилжүүлэн авахыг хэлж байгаа юм.  Тавдугаарт, Шилэн байх ажиллагааг зохион байгуулахаар болжээ. 

 

Хөгжлийн банкны сонсголоор төмөр замын төслүүдийг “шүүв”

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр дахь удаагаа зохион байгуулав. Энэ удаагийн сонсголд гэрчээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, сайд асан Н.Батбаяр,  Зам тээврийн сайд асан Л.Гансүх, АН-ын гишүүн С.Эрдэнэ нар оролцож, Дарханы гурил тэжээлийн элеватор, Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК болон “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын төслүүдэд хийсэн санхүүжилтийн зарцуулалтыг хэлэлцсэн. Сонсголын гурав дахь шат ирэх сарын 13-17-нд болно. Тус сонсголоор Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2500 зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судлах юм. 

 

АН-ын даргаар Лу.Гантөмөрийг бүртгэлээ

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, УИХ-ын гишүүн  асан Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэлээ. Лу.Гантөмөр, Д.Ганбат нарыг тус намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүхэд талуудаас хүргүүлээд байв. АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал нэгдүгээр сарын 19-нд болж, намын даргаараа Лу.Гантөмөрийг сонгосон билээ. Уг хуралд 300 гаруй гишүүн оролцож Лу.Гантөмөр 152 хүний санал авсан юм.  Тэгвэл нөгөө талаас АН-ын дарга С.Эрдэнэ Лу.Гантөмөрт тамгаа өгөхгүй гэж мэдэгдсэн.  Харин  Лу.Гантөмөрийн талынхан “Өгөхгүй бол тамгыг шинээр хийлгэчихнэ. Асуудалгүй” гэсэн тайлбар өгчээ. 

 "Зууны мэдээ" сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.