Турк улсад сүүлийн 100 жилд тохиогоогүй газар хөдлөлт боллоо

Туркийн Зүүн өмнөд хэсгийн 10 гаруй хот, Сирийн хойд хэсгийн нутаг дэвсгэрийг хамарсан 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн даваа гаригт болсон. Энэхүү харамсалтай үйл явдлын улмаас 5000 шахам хүн амь насаа алдаж, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 20 мянгыг даваад байна. Энэ тоо цаашид хэд дахин өсөх магадлалтай байгааг ДЭМБ-аас мэдээлэв. 

Одоогоор гамшигт өртсөн хоёр улсад нийтдээ 8000 гаруй барилга байгууламж нурсны дотор Туркийн нисэх онгоцны дөрвөн буудал сүйджээ. 

Сүүлийн 100 жилийн түүхэнд байгаагүй том газар хөдлөлтийн гамшигт өртөөд байгаа Турк Улсын Засгийн газар долоо хоногийн гашуудал зарлаж, улс орондоо дөрөвдүгээр зэрэглэлийн онцгой байдлын дэглэм тогтоогоод байна. 

 

ТУРК РУУ АВРАХ БАГ ИЛГЭЭЖ, СИРИД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар байгалийн гамшигт өртөөд байгаа Турк Улсын Ерөнхийлөгч Р. Эрдоанд эмгэнэл илэрхийллээ. Мөн өчигдөр Засгийн газрын хуралдаан болж Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх шийдвэр гаргасан юм. Монгол Улс аврах баг илгээх саналаа Турк Улсын Элчин сайдын яаманд өчигдөр хүргүүлсэн бөгөөд Засгийн газрын саналыг Туркийн ЭСЯ-наас талархалтай хүлээн авчээ. Монгол Улсын Засгийн газраас мөн Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. 

Бүгд Найрамдах Турк Улсад нийт 8000 орчим монголчууд ажиллаж, сурч байна. “Манай улсын дөрвөн иргэн газар хөдлөлтийн голомтын бүсэд байгаа бөгөөд одоогоор аюулгүй газарт байна. Тэдний хоёртой нь холбогдсон. Нэгийг нь Истанбул хот руу яаралтай нүүлгэн шилжүүлэх зардлыг нь төлөхөөр болсон” хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо. 

 

ТУРК УЛСЫН ЭСЯ-НААС ЭМГЭНЭЛИЙН ДЭВТЭР НЭЭНЭ

Гамшигт явдал тохиосонтой холбоотойгоор БНТУ-ын ЭСЯ-аас мэдээлэл өгсөн юм. Тэд хүнд үед тусалж байгаа Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгт талархал илэрхийлэв. Мөн Турк болон Монгол Улсын иргэдэд зориулж эмгэнэлийн дэвтэр нээж байгааг мэдэгдсэн. Тиймээс эмгэнэл илэрхийлэхийг хүссэн иргэд Элчин сайдын яаманд ирж, гарын үсгээ зурах боломжтой юм байна. 

 

100 ЖИЛД ТОХИОГООГҮЙ ГАМШИГ ТОХИОВ

Туркийн 10 гаруй хотыг хамарсан энэхүү газар хөдлөлт нь тус улсын сүүлийн  100 жилийн түүхэн дэх хамгийн их гамшиг авчирсан газар хөдлөлтөөр нэрлэгдээд байна.  1939, 1999 онуудад тус улсад томоохон хэмжээний газар хөдлөлт болж байсан юм. Одоогоор амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Туркийн гамшгаас хамгаалах газрын мэдээлснээр  орон нутгийн болон олон улсын нийлсэн 20 гаруй мянган аврагчид гамшгийн бүсэд ажиллаж байна. Турк, Сирийг дайрсан энэхүү гамшигт үйл явдалд харамсал илэрхийлж,  НҮБ, Европын холбоо, Нато зэрэг олон улсын байгууллагууд болон дэлхийн улс орнууд аврах баг, хандив тусламжаа тасралтгүй илгээсээр байна.


 "Зууны мэдээ" сонин
Б.Нямсүрэн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Suhee 2023-02-09 08:54:19
    Manai mongold namuud uunees duthaargui gamshig gargaad bna bidend olon ulsiin tuslamj heregtei bna NAM gedeg buzriin baiguulgiig taraahad