Ардын уран зохиолч П.Бадарч: Ц.Хуланг тагнуулч гэхэд хэн итгэх юм

Яруу найрагч Цоодолын Хуланг гадны байгууллагатай холбоотой, улсын нууц задруулсан байж болзошгүй гэж үзэж Тагнуулын ерөнхий газраас баривчлан саатуулж, улмаар нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Итгэхийн аргагүй, нийгмийг цочирдуулсан энэ үйл явдлыг сонссон хэн бүхэн эргэлзэн гайхаж, санал бодлоо илэрхийлсээр буй. 

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай  үүссэн нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй тун гуниглангуй сууна. Буурал найрагчтай цөөн хором хөөрөлдөв. 

-Ц.Хулан найрагчийг барьсан, хорьсон мэдээлэл гарснаас хойш ард түмний гайхшрал, эргэлзээ, үл итгэл "газар авлаа". Энэ мэдээлэл танд яаж тусав?


-Огт итгээгүй. Итгэх ч үгүй. Юун тагнуул, юун эх орноосоо урвасан явдал вэ. Одоо цагт жинхэнэ яруу найрагч маш ховордсон. Маш ховордсон шүү. Харин манай Цоодолын Хулан бол сайн яруу найрагч. Шилдэг найрагчийн нэг бол тэр яах аргагүй мөн. Олон сайхан номтой. Сүүлийн үед том хэмжээний уран бүтээл дээр ажиллаж, жүжиг бичиж байна. Боловсрол өндөр, том сэхээтэн. 

Багадаа өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд. Сургуульд ортлоо хөдөө байсан байдаг. Монгол ахуйгаа мэддэг, монгол хүний мөн чанар үг хэл, уран бүтээлээс нь нэвт ханхалсан монгол мэдрэмжтэй, шулуун шударга үгтэй, эрэмгий зоригтой, язгуурын уран бүтээлч. Нарийндаа Цоодолын Хулан биш Дөнгөтийн Хулан байхгүй юу. 
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах сан...
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой тасддаггүй төртэй байхыг хүснэ... гэхчилэн ард түмэн андахгүй мэддэг хурц дайчин шүлгүүд түүнд олон бий дээ. Ийм хүн эх орноо бусдад худалдах уу. Гадны байгууллагатай холбоотой байх уу. Тагнуул туршуул хийх үү. Ц.Хуланг тагнуулч гэхэд хэн итгэх юм бэ.  Яахнав дээ, тэр нэг бүсгүй найрагчийг хоморголон баривчилж хорьж цагдаад. Гаргаж авах нь чухал байна. Хулангаа хамгийн дээд зэргээр өмөөрч байна. (Уйлав). Авьяастай төрсөн нь л буруу биш бол Хуланд өөр буруу байхгүй л гэж өвгөн найрагч би бодож байна. 


-Ард олон таны адил асуусан, гайхсан, эргэлзсэн байдалтай байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс төвөггүй харж болохоор байна?

-Хулан тагнуул хийх, эх орноосоо урвах хүн биш. Гадныхантай нийлж эх орноо худалдаж идэх хүн биш. Харамсаж байна. Тэр сайхан найрагчийг хэлмэгдүүлж байгаа юм биш байгаа даа. Уран бүтээлч хүнийг ид хийж бүтээж байх үед нь хилсээр хэлмэгдүүлэх шиг муухай юм гэж өөр юу байхав. Хэлмэгдүүлэлт бол аймаар зүйл. 

-Их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг нарыг Германы, С.Буяннэмэхийг Хятадын, М.Ядамсүрэнг Японы тагнуул туршуул гэж хилсээр хэлмэгдүүлэн орон шоронд хорьж, амь насыг нь ч егүүтгэсэн гашуун түүх байдаг. Хэзээ хойно нь бүгдийг цагаатгасан...?

-Цагаатгаж байгаа нь сайхан боловч юу гэсэн үг вэ. Ид сайхан үед нь хэлмэгдүүлчихээд эцэст нь тэгж хэлж байна гэдэг чинь. Сайхан зүйл биш. 

Өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлтийн үед 28 мянган хүн хэлмэгдсэн байдаг. Сүүлд цагаатгалаа. Түүний дунд зохиолч олон байсан. Тэр үеийн зохиолчдоос хэлмэгдээгүй зохиолч тун ховор. Үг, уран бүтээлийг нь хааж боох, хэвлэх хэвлүүлэх эрхийг нь хасах зэргээр "хөөрхөн шоглосоор" ирсэн. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж Монголын анхны дуурийг бичсэн хүн. Найруулагч нь Донровын Намдаг. Хоёул хэлмэгдсэн.  Нацагдорж хэлмэгдэж явсаар 1937 онд бурхан болсон. Түүнээс яг нэг жилийн дараа эхнэр Дамдины Пагмадуламыг нь мөн хэлмэгдүүлсэн. Өндөр боловсролтой, сэхээтэн тэр эмэгтэйг цагаатгуулах гэж Хатанбатын Мэндсайхан гэж хүн их явсан даа. Их хөөцөлдсөн. Цагаатгах газрын хоёр хүн, Ардын намын төлөөлөгч нэг хүн, МЗЭ-ийн ахмад зохиолчдыг төлөөлж би, охин Бүжин минь ажиглагчаар шүүхэд орсон. Тэгж байж хэдхэн жилийн өмнө цагаатгуулсан. Германд сурч байсан, Нацагдоржийн эхнэр байсан.  Нацагдоржийг нас барсны дараа хятад хүнтэй ханилсан. Ердөө ийм л ялихгүй шалтгаар хэлмэгдүүлсэн байдаг. Мөн муухай яа.  Монголын сонгодог урлагийн нэр нүүрийг өндөрт өргөж яваа "Учиртай гурван толгой" дуурийг бичсэнийх нь төлөө л Монголын төр Дашдоржийн Нацагдоржид Төрийн соёрхлоо нэхэн шагнамаар санагддаг. Нацагийг өрөвдөөд байдаг юм. Авьяастай, эрдэм чадалтай, сайхан уран бүтээлчийг төр өөрөө хамгаалж баймаар байгаа юм, санаснаар болдог бол. 

 "Зууны мэдээ" сонин
Ц.Галбадрах
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнхжаргал 2023-02-08 15:04:46
    Энэ сэтгэгдэл бичээд буй мунхгуудын толгойг харин авмаар
  • иргэн 2023-02-08 03:57:29
    Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч байхгүй яах гэж төрд шунасан юм бэ. Улс төр бол хатуу тоглоом, амиа ч алдаж мэднэ.
  • иргэн 2023-02-08 03:54:26
    Тагнуулчтай ойр байж эх орныхоо эсрэг ажилласан гэж бодож байна. Бөхчүүд, дуучид, яруу найрагчид мэргэжлийн ажлаа л хий, төрөөс хол бай
  • Иргэн 2023-02-08 02:54:06
    Гэнэт мөнгөтэй болоод л Женког өмөөрөөд л дагаж далдганаад л аймаар но-той байсанг ойр дотныхон нь бүгд хэлж байгаа шд. Мэдсээр байж худлаа мэдэн будилахаа боль...
  • Зочин 2023-02-08 02:43:38
    Хулгайч хулгартай ойр байсан бүхэн тагнуулч урвагч ш дээ
  • Zochin 2023-02-07 10:35:49
    Tagnul buru ajillahgui,or busad burutai yu,ingej neg talig nbarih hereggui,odrjin hamt bsn yum u,hasha yumzz
  • Зочин  2023-02-07 09:48:32
    Хулан Баттулга гар хөл болж их далдаганасан...мэдээж Монголын нууцаас мэдэж л таараа харин цаашаа мөнгөнөөс болж худалдсан үгүйг тогтоох нь зөв
  • Мөнх 2023-02-07 06:33:41
    Одоо тэгээд урвахгүй хүн үлдэх нь үү ???
  • иргэн 2023-02-07 02:17:35
    хэн ч тагнуул гэж итгэхгүй. хэн ч урваж чадах тул итгэнэ. тэр бол зүгээр л урвагч