Газрын багц хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг болж байна
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран зохион байгуулж буй Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2023.02.06/ Төрийн ордны “Их Монгол” танхимд эхэллээ.  

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Г.Ганболд, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл болох 400 гаруй хүн оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хэлэлцүүлгийн нээж, үг хэлэв.


Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас баталсан 2020-2024 онд эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээнд газрын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Газрын багц хууль, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай 7 хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлээд байна. Байнгын хороодод анхны хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд иргэний нийгмийн, орон нутгийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчийн бодлого хэрэгжүүлдэг бүхий л институцийн хүрээнд Газрын тухай хуулийн хэлэлцүүлгийг сайтар зохион байгуулах чиглэл өгсөн. Учир нь газар бол улсын үндэс юм. Газар шороогүй бол эх орон, тусгаар тогтнол гэж үгүй. Тийм учраас нэгдүгээрт, газрын харилцааг улс орны эрх ашигт нийцүүлж, зөв тодорхойлох нь чухал. Хоёрдугаарт, газар бол эдийн засгийн харилцааны суурь, өмчийн харилцааны үндэс юм. Гуравдугаарт, хүн, нийгмийн харилцааны үндэс суурь ч болно. Энэ бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох суурь харилцааг зохицуулдаг чухал хууль гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Мөн Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Бираагийн Чимид “Монгол Улсын Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж хэлсэн. Тийм ч учраас Үндсэн хуулийн бүхий л харилцааг бид хуульдаа суулгаж баталгаажуулах ёстой. Энэ ч утгаараа манай улсын газар шороо, түүний дээрх болон доорх баялаг, газартай холбогдсон бүхий л харилцааны суурийг бид Үндсэн хуульдаа баталгаажуулсан байдгийг тодотгов.

Газар бол эдийн засгийн харилцааны суурь баялаг. Хүний амьдралын ч чухал үндэс. Энэ утгаараа газрын харилцаа нь хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал харилцаа гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцлоод Монгол Улсын нийт газар нутгийн 72.9 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, газар тариалангийн, 16.7 хувь нь тусгай хэрэгцээнд авсан, 0.6 хувь нь хот тосгон бусад суурины газар эзэлж байна. Мөн хөдөө аж ахуйн газрын 96.1 хувийг бэлчээрийн газар, үлдсэн хувийг газар тариалан, хадлан, атаршсан газар эзэлж байна. Манай улсын эдийн засгийн голлох салбаруудын нэг болох уул уурхай, хөдөө аж ахуйн салбар бүгд газар, түүний хэвлийд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг салбар юм. Ийм учраас газрын зохицуулалт, эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэн өөрчлөх нь манай улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, Газрын хууль нь  иргэн, аж ахуйн нэгжүүд, салбар болгонд хамаатай хууль юм. Ийм ч учраас Газрын багц хуулийн төслийг шинжлэх ухаанч судалгаанд үндэслэн, олон талт оролцоог ханган сайтар хэлэлцэж батлах ёстойг онцлон тэмдэглэсэн.


Үргэлжлүүлэн Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явцын талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн товч мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байгаа бөгөөд дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө  аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Д.Батлут, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нарын 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан гэдгийг тодотгов.


Мөн Газрын багц хуулийн төслөөр 21 аймаг, нийслэлийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаагаас гадна зарим аймгуудад ажлын хэсгээс тусгайлан хэлэлцүүлэг хийж  байна. Өнгөрсөн 7 хоногт буюу 2 дугаар сарын 1-нд Хэнтий аймагт хэлэлцүүлэг зохион байгуулсан бол удахгүй Дархан-Уул, Орхон, Төв аймагт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байгааг дурдаад одоогийн байдлаар 20 аймаг, 9 дүүрэгт хэлэлцүүлж, 9097 оролцогчоос  4923 санал, d.parliament.mn цахим сайтаар 630 санал ирсэн байна гэж байлаа.

Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад газартай холбоотой олон талт харилцааг хуучин хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх шинэчлэх цаг үе, нийгэм, эдийн засгийн шаардлага тулгараад байна. Өөрөөр хэлбэл, 20 жил шинэчлээгүй газрын хуулийг багцаар нь шинэчлэх гэж байгааг онцлон тэмдэглэв.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Газрын багц хуулийн төслийн талаар илтгэл тавьсан.
Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх”, “Газар нь төрийн хамгаалалтад байх, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, “Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгуулах”, “Газрын талаарх мэдээлэл ил тод, нээлттэй байх” зэрэг үндсэн зарчмуудыг тусгаж багц хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

Мөн “Одоогийн байдлаар 370 гаруй субьект газар олгох шийдвэрийг гаргаж байна. Эдгээрийн дийлэнх нь сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар буюу улс төрийн албан тушаалтан байна. Иймээс энэ байдлыг өөрчилж, иргэд, олон нийтийн саналыг тусган боловсруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас өргөн мэдүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төлөвлөгөөний дагуу Газрын мэргэжлийн байгууллага газар олгох асуудлыг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруултын зарчмаар цахим системээр шийдвэрлэх, гаргасан шийдвэртээ дээд шатны байгууллагын өмнө өөрөө хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна” гэдгийг онцолсон.

Өнөөдрийн байдлаар 7 дэд систем, 2 мэдээллийн сан бүхий Газрын нэгдмэл сангийн удирдлагын системээр дамжуулан төлөвлөх, олгох, бүртгэх, үнэлэх, татвар төлбөр ногдуулах, газрын төлөв байдал, чанарыг хянах, нөхөн сэргээх, хамгаалах газар зохион байгуулалтын цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хууль батлагдсанаар энэхүү газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг бүрэн утгаар нь ашиглах хууль, эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр  газрын эрх олгох үйл ажиллагааны шат дамжлага, хүнд суртал багасаж, улс төр, ашиг сонирхлоос ангид мэргэжлийн шийдвэр гаргах, гарсан шийдвэр ил тод болж, тэр болгонд иргэд хяналт тавих нөхцөл бүрдэх юм гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.




Хот, тосгон, бусад суурины газрын нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалтын зохицуулалт тодорхойгүйгээс үүдэн нийтийн эдэлбэрийн газрыг зөвшөөрөлгүй, дур мэдэн эзэмших, ашиглах зөрчил даамжирч, улмаар эзэнгүйдэх асуудал гарч байгаа тул нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалтын талаарх зохицуулалтыг илүү нарийвчлан тусгаж, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой тусгасныг Барилга, хот байгуулалтын сайд илтгэлдээ дурдаад шинэчилсэн хуулийн төсөлд газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, хүн, хуулийн этгээдэд газрыг хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах харилцааг зохицуулахаар тусгасан гэдгийг онцолсон. 



Мөн цахим үйл ажиллагаатай газрын биржийг байгуулж, газар, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн системийг бий болгосноор газрын хууль бус, далд арилжааг зогсоож, татварын бааз суурийг өргөжүүлэн газар, үл хөдлөх эд хөрөнгөөс улсын төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэх юм. Монгол Улсын иргэд хэрэв хүссэн тохиолдолд газар өмчлөх эрхээ, түүнээс гадна иргэн, хуулийн этгээд газрын хязгаарлагдмал эрхээ дуудлага худалдаагаар худалдах зэрэг үйл ажиллагааг газрын биржээр дамжуулан явуулж байх,  тэрхүү үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, хараат бус байх зохицуулалтыг шинээр тусгасан гэв.

Түүнчлэн, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан Газрын нэгдмэл санг газар ашиглалтын зориулалтаар нь нарийвчлан тооллого хийж, улсын хэмжээнд эрхийн төрөл харгалзахгүйгээр газрын гадарга, газар, түүний дэд талбар, объектыг улсын бүртгэлд бүртгэх, кадастрын зураглалын ажлыг хийх, кадастрын мэдээллийн сан үүсгэх, газрын үнэлгээ, төлбөр, татварын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа тул кадастрын нэгдсэн тогтолцоог бий болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг Кадастрын тухай хуулийн төсөлд тусгасныг сайд мэдээлэлдээ тодотголоо.  

Мөн тэрбээр, Газрын төлбөрийн тухай хуулиар зөвхөн газрын төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төвлөрүүлэхээс гадна хөнгөлөх, төлөвлөх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг тодорхойлж, төлбөр төлөгчийг мэдээллийн санд бүрэн бүртгэснээр газрын төлбөрийн бааз суурийг өргөтгөх, төлбөр хураалтыг сайжруулах, төлбөр төлөхөөс зайлсхийх явдлыг зогсоох, цахим мэдээллийн системийг ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан гэж байлаа.



Төрөөс улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаатай уялдан улсын тусгай болон нийгмийн зайлшгүй хэрэгцээ, ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн болон эзэмшил, ашиглалтад байгаа газрыг чөлөөлөх шаардлага гарч байна. Үүнтэй холбоотойгоор газар чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгож, гагцхүү хуульд заасан үндэслэлээр газар чөлөөлөх, газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээдэд нөхөн төлбөрийг олгох, мөн төрийн байгууллага болон газар чөлөөлөлтөд өртөгч хүн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой болгосон зохицуулалтыг цогц байдлаар тусгасан Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд илтгэлдээ онцлов.


Газрын багц хууль батлагдсанаар газрын нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтыг хийх эрх зүйн цогц орчин бүрдэх, газар олгох, бүртгэх, гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэйгээр зохион байгуулах, газрыг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах, төрийн өмчийн газрыг иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлж иргэн, хуулийн этгээдэд тодорхой зориулалт, хугацаагаар шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах, нийтийн зориулалттай орон сууц болон олон өмчлөгчтэй барилгын доорх газрын эрхийг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхийг олгох нөхцөл бүрдэнэ. Мөн газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж газрын маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн хуулийн этгээдэд нөхөн олговор олгох эрх зүйн орчин, боломжийг бүрдүүлэх, газрын төлөв байдал чанарт хяналт тавьж, газрын ашиглалт, хамгаалалт бэлчээрийн менежмент сайжирна гэж үзэж байгаа Ц.Даваасүрэн сайд илтгэлдээ дурдсан юм.


Дараа нь Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор Г.Гантулга “Газрын багц хуулийн төслийн үр нөлөө, практик ач холбогдол”, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, доктор Н.Баярмаа “Өмчийн эрхийн тэгш байдал: Газрын харилцааны зэрэгцээ тогтолцоо”, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны тэргүүн О.Хосбаяр “Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, Зөвлөх архитектор Э.Дондмаа “Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдвээр тус тус илтгэл тавьж, дэлгэрэнгүй танилцуулснаар үдээс өмнөх  нэгдсэн хэлэлцүүлэг өндөрлөлөө. 

Үдээс хойших хуралдаан салбар  гурван хэлэлцүүлгээр үргэлжилнэ. “Газрын ерөнхий хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын төлбөрийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төслийн талаарх салбар хэлэлцүүлэг”-ийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн гишүүн Г.Тэмүүлэн, Геодези, зураг зүйн тухай, Кадастрын тухай хуулийн төслийн талаарх салбар хэлэлцүүлэг”-ийг  Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, “Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх салбар хэлэлцүүлэг”-ийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг нар даргалан явуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.