Нисдэг машин, утасгүй зурагттай “CES 2023” шоу

Хүний амьдралыг илүү хялбар болгох шинэ технологи өдөр бүр гарч байна. Тэгвэл шинээр хүч түрсэн, биднийг гайхшруулах технологиудыг Лас-Вегаст болдог “CES 2023” электроникийн шоугаар жил бүр танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад тус шоунаас өндөр үнэлгээ авч, зөвшөөрөл хүлээж буй технологиудын талаар хүргэе. 

БИЕИЙН БҮХ ЗҮЙЛИЙГ ХЯНАДАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БӨГЖ

Эрүүл мэндийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Movano” компани тус шоуны үеэр “Evie” нэртэй ухаалаг бөгжийг танилцууллаа. Мэдээж эрүүл мэндийн үзүүлэлт хянадаг бөгж, бугуйвч олон болов ч “Evie” нь  эмэгтэйчүүдийн эрүүл мэндээ хянахад туслах хамгийн найдвартай технологи болж, биеийн нарийн үзүүлэлтүүдийг тоочих чадвартай аж. “Movano” компани шоуны үеэр “Evie нь эмэгтэйчүүдийн амрах хэмнэл, зүрхний хэм, арьсны температур, сарын тэмдгийн мөчлөг, нойрсолтын түвшин болон бусад олон үзүүлэлтүүдийг хянаж чадна” гэж онцлов. Бөгж 300 ам.доллараар борлогдох юм байна.

ГАЗРААР БИШ ТЭНГЭРЭЭР АЖИЛДАА ЯВНА

Өдөр бүр ажил гэрийн хооронд явахдаа газраар биш тэнгэрээр нисэх мөч улам ойртсоор байна. Төсөөллийн загвар зохион бүтээгч “ASKA” компани шинээр гаргаж буй технологио танилцуулдаг “CES 2023” шоуны үеэр “А5” нэртэй нисдэг машиныхаа туршилтын загварыг танилцууллаа. Хэвлэлийн хурал дээр тус компани “А5 бол хамгийн анхны дөрвөн суудалтай нисдэг машин. Цахилгаан хөдөлгүүрээр газар дээгүүр хурдалж чадахаас гадна агаарт 250 метр өндөрт  нисч чадна” гэжээ. Бусад нисдэг машинуудтай харьцуулахад “А5” нь нисдэг тэргэнд зориулсан тавцан дээрээс эгц дээш хөөрөх болон буух чадвартай аж. Бусад цахилгаан автомашинуудын нэгэн адил түүнийг гэртээ цахилгаан станц дээр суурилуулж цэнэглэх боломжтой юм байна. Тус машины хувьд 789000 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах төлөвтэй байгаа аж. 

 

ХАНАН ДЭЭР БАЙРЛУУЛАХ УТАСГҮЙ ЗУРАГТ

Зурагт гэдэг цахилгаан төхөөрөмж бүтээгдсэн цагаасаа хойш өдгөөг хүртэл олон инновацид орж, улам төгөлдөржсөн ч цахилгааны утаснаасаа салалгүй иржээ. Тэгвэл цахилгаан утасгүй зурагтыг “CES 2023” шоун дээр танилцуулсан байна. Зохион бүтээгчдийн зүгээс “Displace” нэртэй зурагтаа “Дэлхийн анхны утасгүй зурагт” хэмээн ам бардам зарласан аж. Энэхүү зурагт нь цахилгааны залгуур болон холбох оролтгүй гэнэ. Мөн багтаамж өндөртэй, сольж болдог зайгаар ажиллах юм байна. Уламжлал ёсоор хавтгай зурагтыг хананд зориулалтын тогтоогчоор бэхэлнэ. Мөн “Displace” зурагтыг хана, цонхон дээр хүчирхэг бумбадагч резинээр наалдуулж тогтоох боломжтой. Үүнээс гадна зурагтыг удирдах удирдлага байхгүй, харин үзэгчийн биеийн хөдөлгөөнөөр удирдах боломжтойгоор зохион бүтээсэн ажээ. Зурагт энэ оны сүүлээр  худалдаанд гарч, 2999 ам.долларын үнээр зарагдах ажээ. 
 

 "Зууны мэдээ" сонин
Д.Дарамбазар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ж. БАТДЭЛГЭР 2023-05-10 06:24:57
    Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж, парламент хэлэлцэхийг дэмжсэн. Улмаар гишүүд томилолт авч, өөрчлөлтийн төслийг тойргийнхондоо...