
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Зудын эрсдэлд нэн-эмзэг малчин өрхийг хамгаалах нь” болон “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
“Зудын эрсдэлд нэн-эмзэг малчин өрхийг хамгаалах нь” төслийн хүрээнд зудын өндөр эрсдэлтэй аймгуудын нэн эмзэг малчин өрхүүдийн чадавхыг бэхжүүлж, яаралтай тусламжийн багц олгох юм. Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Ховд, Төв, Увс, Өвөрхангай, Завхан зэрэг 11 аймгийн зудын эрсдэл нэн их болон их 158 сумын эмзэг бүлгийн 510 малчин өрхөд малын тооноос хамаарч мөнгөн тусламж, эрдэс-витамины бэлдмэл олгох юм. Түүнчлэн өвөл хаврыг өнтэй давахад малчдад өгөх зөвлөмжийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан хүргүүлж, сургалт зохион байгуулна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Онцгой байдлын болон нөхөн сэргээх үйл ажиллагааны тусгай сан (SFERA)-ийн 223 мянган ам.долларын санхүүжилттэй уг төсөл 6 сарын турш үргэлжилнэ.
Өнгөрсөн онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам хамтран боловсруулсан “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.